» » Их чадлын нарны цахилгаан станц байгуулах боломжийг судлаж байна

Их чадлын нарны цахилгаан станц байгуулах боломжийг судлаж байна

2015 оны 09 сарын 14,    570
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвд хиййгдэж байгаа судалгааны ажлуудын нэг нь Монгол орны говийн бүсэд асар их чадлын нарны цахилгаан станц байгуулах боломжийн талаарх судалгаа юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар эрчим хүчний өсөн нэмэгдсээр буй хэрэглээг хангахад нарны дулааны станц чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан судалгаанд 2050 он гэхэд дэлхийн эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн тал хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан гаргах ба үүний багагүй хувийг нарны дулааны станцыг ашиглан үйлдвэрлэнэ гэж үзэж байна. Монгол орны өмнөд хэсгийн говь хээрийн бүс нарны эрчим хүчний нөөц ихтэй, олон жилийн дунджаас үзэхэд жилд хэвтээ гадаргууд тусах нарны цацрагийн нийт хэмжээ 1400-1500 кВт ц/м2 –аас дээш, нарны гийгүүлэх хугацаа 3100-3200 цаг, нарны шууд цацрагийн нөөц ихтэй тул манай орны говь хээрийн бүсэд их чадлын нарны дулааны цахилгаан станц байгуулах нь эдийн засгийн хувьд үр ашигтай байх боломжтой.