» » Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөлд Пауэрчайна хөрөнгө оруулалт хийнэ

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөлд Пауэрчайна хөрөнгө оруулалт хийнэ

2015 оны 09 сарын 22,    285

Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт нар БНХАУ-ын Далиан хотод энэ сарын 9-11-ний өдрүүдэд болж өнгөрсөн Дэлхийн Эдийн Засгийн Зуны Чуулга уулзалтад оролцох үеэр Монгол Улсын "Бодь Интернэшнл” ХХК болон БНХАУ-ын "Пауэрчайна Ресурсэс” ХХК Бөөрөлжүүт Цахилгаан Станцын төсөлд хамтран хөрөнгө оруулах Хамтын Ажиллагааны Гэрээнд гарын үсэг зурлаа.

Бөөрөлжүүт Цахилгаан станцын төслийн хүрээнд 1 тэрбум гаруй ам.долларын шууд хөрөнгө оруулалтаар 600 МВт-ын хүчин чадалтай Дулааны  Цахилгаан Станц, 70 км урттай хос хэлхээт 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам мөн жилд 3 сая тн нүүрс олборлох хүчин чадал бүхий уурхайг барьж байгуулахаар төлөвлөжээ.

Хятадын хөрөнгө оруулагч тал болох "Пауэрчайна Ресурсэс” ХХК нь БНХАУ-ын төрийн өмчит "Пауэрчайна” (Powerchina) корпорацийн гадаадад хөрөнгө оруулалт хийх эрх бүхий салбар компани ба "Пауэрчайна” корпораци нь 2013 оны байдлаар БНХАУ-ын усан цахилгаан станцын нийт хүчин чадлын 70 хувь, дулааны цахилгаан станцын нийт хүчин чадлын 48.7 хувийг дангаараа хийж гүйцэтгэсэн  нийт 200,000 гаруй ажилтантай дэлхийн 71 улс дах 148 салбараар дамжуулан 728 төсөл хэрэгжүүлсэн зураг төсөл, төлөвлөлт, судалгаа, барилга угсралт, дэд бүтэц, усан цахилгаан станц, дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан дамжуулах шугам, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллага юм байна.

Монголын талын хөрөнгө оруулагч "Бодь Интернэшнл” ХХК нь 1993 оноос хойш тасралтгүй 22 жилийн турш банк санхүү, хэвлэл мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн удирдлага, барилга угсралт, барилгын удирдлага, уул уурхай, хөрөнгө оруулалт, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн томоохон компаниудын нэг билээ.

Төслийг хэрэгжүүлэгч  "Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК төслийн судалгааны ажлыг 2011 оноос эхлүүлэн холбогдох инженер геологи, гидрогеологи, байгаль орчин,  техник эдийн засгийн  иж бүрэн, цогц судалгааг дэлхийд нэр хүндтэй Германы RWE, БНСУ-ын Samsung Engineering зэрэг мэргэжлийн компаниудтай хамтран гүйцэтгэж төслийг эхлүүлэхэд бэлэн болгоод байгаа ажээ.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь Улаанбаатар хотоос 120 км зайд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордын дэргэд баригдах тул газар зүйн байршил, дэд бүтцэд ойр, уул уурхай олборлолтын нэн тааламжтай нөхцөлтэй учир Монгол Улсад хамгийн өртөг багатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлэх бололцоотой болохыг мэргэжилтнүүд онцолж байна.   

Цахилгаан станцын барилгын ажил 2016 онд эхлэн 2019 оноос жилд 1.6 тэрбум кВт.цаг 2022 оноос 3.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ. Ингэснээр Монгол Улс гадаадаас эрчим хүч импортлох шаарлагагүй болоод зогсохгүй өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлт хэрэгцээг дотооддоо бүрэн хангах найдвартай эх үүсвэртэй болох ач холбогдлыг албаныхан өндрөөр үнэллээ.