» » » УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 09 сарын 30,    266

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ


Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай


2010 оны 12 сарын 09 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 72




Улсын Их Хурлын даргын 2009 оны 204 дүгээр захирамжаар байгуулагдсан Түлш, эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох бодлогын баримт бичгийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:



1.Түлш, эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, найдвартай ажиллагааг хангах чиглэлээр дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:



1/Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай болон эрчим хүчний салбарын төрийн өмчийн компаниудын урт хугацаат зээлийг анх зээлсэн үеийн ханшаар тооцон төгрөгт шилжүүлэх, ханшийн зөрүүнээс үүсэх алдагдлыг Засгийн газар бүрэн хариуцаж тухайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцох, цаашид мөнхүү урт хугацаат зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг барагдуулах асуудлыг судлах;



2/төвийн бүсийн эрчим хүчний компаниудад улсын төсвөөс олгож байгаа татаасын хэмжээгээр тухайн салбарын компаниуд болон нүүрсний уурхай хоорондын хуучин өр, авлагыг бүрэн хаах;



3/хэрэглэгчид ирэх ачааллыг хөнгөлөх зорилгоор 3 жилийн хугацаанд Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай болон төрийн өмчийн эрчим хүчний компаниудад улсын төсвөөс олгож байгаа татаасыг бууруулахгүй байх, тарифын орлогоор санхүүжүүлэх боломжгүй өндөр өртөг бүхий томоохон шинэчлэлийн ажлуудыг улсын төсвөөс санхүүжүүлэх;



4/эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцыг эрчимжүүлэн менежментийг сайжруулж, үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг хямдруулах, нүүрс боловсруулж ашиглах талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх;



5/аймгуудын төв, түүний дотор тэргүүн ээлжинд Ховд, Увс, Дорноговь, Сэлэнгэ аймаг болон Хөтөл тосгоны дулааны станц, дулааны шугам сүлжээний үйл ажиллагааг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх, эсхүл Концессын тухай хуульд заасны дагуу хувийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах хувилбаруудыг судлан аль оновчтойг нь сонгох замаар техник, технологийн шинэчлэл хийх, боловсон хүчин, цалин хөлс, үнэ тарифын нэгдсэн бодлогоор хангах асуудлыг шийдвэрлэх;



6/эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өртөг, зардлыг хямдруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор эрчим хүчний шинэ эх үүсвэрийг Багануур болон бусад нүүрсний уурхайг түшиглэн барьж байгуулах, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны хэрэгцээг 3, 4 дүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөн шинэчлэх замаар шийдвэрлэх;



7/улсын төсвөөс татаас олгож байгаа хугацаанд ахуйн цахилгааны үнэ, тарифыг шатлалтай болгон өрх бүрийн сарын хэрэглээний 150 кВтц-ийг одоогийн мөрдөж байгаа үнэ тарифыг индексжүүлэн тооцож, түүнээс дээшхи хэрэглээ болон үйлдвэр, аж ахуйн нэгж ,байгууллагын эрчим хүчний үнэ, тарифыг бодит өртгөөр тооцох, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад чадлын тариф нэвтрүүлэх;



8/эрчим хүчний салбарын компаниудыг 2014 оноос эхлэн Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.5-д заасны дагуу зах зээлийн зарчимд шилжүүлэн ажиллуулах бодлого, зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлэх;



9/Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан түгээх сүлжээг бүрэн шинэчилж, өвлийн улиралд шөнийн цагаар ахуйн цахилгааны хэрэглээний үнэ, тарифыг "0” төгрөгт шилжүүлэх талаар бодлого боловсруулах.



2.Энэ тогтоолын хэрэгжилтийн явцын талаар жил бүрийн 4 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/-нд тус тус үүрэг болгосугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ