» » Эрчим хүчний салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнд Ерөнхий сайд мэндчилгээ ирүүллээ

Эрчим хүчний салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнд Ерөнхий сайд мэндчилгээ ирүүллээ

2017 оны 05 сарын 16,    98

Эрчим хүчний салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” өнөөдөр "Корпорэйт” зочид буудлын "Конвеншн центр” хурлын зааланд эхэллээ.

 

Эрчим хүчний салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнд Ерөнхий сайд мэндчилгээ ирүүллээ

 

Энэхүү зөвлөгөөнөөр салбарын хэтийн бодлого, төлөвлөлт, өнөөгийн түвшин, алдаа оноогоо хэлэлцэж, үр дүнгээ нэгтгэн цаашид хэрэгжүүлэх бодлого зорилтоо тодорхойлох бөгөөд Төрийн өмчит болон хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 200 орчим төлөөлөгч оролцож байна. "Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-д Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэндчилгээ ирүүлжээ. Монгол Улсын засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү зөвлөгөөнийг нээж "Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хууль эрхзүйн орчин, цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавьж, салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээний тухайд дэлгэрэнгүй танилцуулга өглөө. Тэрээр "Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбар нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах суурь салбарын хувьд эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалт, бүтцийг боловсронгуй болгох, компанийн засаглалыг бэхжүүлэх, түлшний нөөц бүрдүүлэх, хийн хангамжийн системийг нэвтрүүлэх, эрчим хүч үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийг чанарын өндөр түвшинд хэрэглэгчдэд хүргэх, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоонд шилжих, эхний алхмуудыг хийхээр зорин ажиллаж байна. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 250 МВт-аар, Чойбалсангийн дулааны станцыг 50 МВт-аар, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар тус тус өргөтгөх төслийн ажлыг эхэлүүллээ. Мөн Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангаж, салбарын бие даасан байдлыг бэхжүүлэн, импортыг бууруулах зорилгоор эхний ээлжинд Эгийн голын усан цахилгаан станц, Төвийн бүсэд шинээр том чадлын цахилгаан станц барих төслийн техник, эдийн засгийн нарийвчилсан үнэлгээг боловсруулж, хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээр хийх ажлыг эхлээд байна. Мөн Шивээ-Овоо, Тэвшийн говь, Хашаат цавийн нүүрсний орд газрыг түшиглэн экспортын зориулалттай том чадлын цахилгаан станц барих урьдчилсан судалгааг хийж байна. Энэхүү томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын үндсэн зорилго болох эрчим хүч экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэх, экспортын бүтээгдэхүүний хувь хэмжээг нэмэгдүүлэх, Зүүн хойд азийн эрчим хүчний системд оролцоход чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн аймгийн төвүүдийн дулааны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймагт шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих, Сүхбаатар аймгийн дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг БНСУ-ын ЭКЗИМ банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөн хамтран ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Эрчим хүчний салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнд Ерөнхий сайд мэндчилгээ ирүүллээ

 Зөвлөгөөний үеэр Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар "Эрчим хүчний салбарын аудитын шалгалт, дүгнэлт, зөвлөмж, үр дүн, цаашид авах арга хэмжээ” сэдэвт танилцуулга хийсэн бөгөөд эрчим хүчний салбарын үр ашиг, санхүү эдийн засгийн байдлын талаар оролцогчдод мэдээлэл өгч, санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах, үр ашиггүй зардлыг бууруулах, гарсан зөрчил дутагдлыг дор, дор нь засаж залруулах шаардлагатай байгаа талаар анхааруулж байсан юм.

Эрчим хүчний салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнд Ерөнхий сайд мэндчилгээ ирүүллээ

Үүнээс гадна Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор эрчим хүчний салбарын төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн компанийн засаглал, хөрөнгийн өгөөж, үр ашгийн талаар мэдээ мэдээлэл хийлээ. Ц.Ням-Осор 2016 оны сүүлийн дөрвөн сард эрчим хүчний салбарын 1 их наяд, 300 тэрбум төгрөгийн өр авлагыг барагдуулсан гэдгийг мэдээлээд тэвчиж болох зардлуудыг бууруулж, 2017 онд эрчим хүчний салбарын үр ашгийг дээшлүүлэх, компанийн засаглал, ТУЗ-ийн гишүүдийн ур чадварыг сайжруулах талаар зөвлөмж өгсөн юм.

Эрчим хүчний салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнд Ерөнхий сайд мэндчилгээ ирүүллээ

 Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Эрчим хүчний үнэ тарифын бодлого, зохицуулалтын үр дүн” сэдэвт илтгэл тавьлаа. Тэрээр "Эрчим хүчний салбарын хэмжээнд 2016 онд 5.8 тэрбум кВт.ц цахилгаан, 8.7 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн, импортоор 1.4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авч, нийтдээ 775.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, салбарын дүнгээр 11 тэрбум төгрөгийн балансын ашигтай ажиллалаа. Урьд онтой нь харьцуулахад борлуулалтыг орлого 89 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

ЦЭХ-ний хэрэглээ 2015 онтой харьцуулахад 3.9 хувиар, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 4.5 хувиар тус тус өссөн ба өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийн тасралтгүй, найдвартай байдлыг дээшлүүлэхэд салбарын үйлдвэр, компаниуд дорвитой хувь нэмэр оруулж ажиллалаа. Улсын хэмжээнд жилд нэг хэрэглэгчид ногдох тасалдлын үргэлжлэх хугацаа өмнөх оноос 27 цагаар, тасалдлын давтамж 20 хувиар багассан байна.

Эрчим хүчний салбарын дотоодын хөрөнгийн эх үүсвэр, нөөц боломжийг ашиглахад түлхүү анхаарч ажилласнаар салбарын хэмжээнд өр төлбөр 2015 онд 54.2 тэрбум төгрөг байсан бол 2016 онд 41.5 тэрбум төгрөг болж, 12.7 тэрбум төгрөгөөр буурлаа. Мөн цахилгаан станцуудаас болон ОХУ-аас импортолсон цахилгааны төлбөрийг 101.5 хувиар төвлөрүүлж, хуримтлагдсан өр төлбөрийг 7.2 тэрбум төгрөгөөр бууруулсан болно. 2011 онд эрчим хүчний 13 компани улсын төсвөөс 32 тэрбум төгрөгийн татаас авч байсан бол 2016 онд 5 компани 16 тэрбум төгрөгийн татаас авчээ. Гэхдээ эрчим хүчний салбар 2016 онд Улсын төсөвт 201.4 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Мөн Эрчим хүчний салбар хэрэглэгчдэд нийтдээ 40 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлт урамшуулал олгож, хэрэглэгчдээ дээдэлсэн, хамгийн бага өртөг бүхий эрчим хүч нийлүүлж байгаа” гэдгийг онцолж байсан юм.

Түүнчлэн ШУТИС-ийн ЭХС-ийн захирал, доктор профессор Ч.Мангалжалав МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал "Эрчим хүчний салбарын нийгмийн түншлэл нь тогтвортой хөгжлийн үндэс” сэдвээр илтгэл тавьсан юм.

Зөвлөгөөний үр дүнд зөвлөмж гаргаж, холбогдох үйлдвэр компанийн удирдлагуудад үүрэг чиглэл өгч ажиллах юм байна.

Эрчим хүчний салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнд Ерөнхий сайд мэндчилгээ ирүүллээ

     Эрчим хүчний салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнд Ерөнхий сайд мэндчилгээ ирүүллээ