» » Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо

Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо

2017 оны 06 сарын 14,    934

 

Өнөөдөр Скай Плаза Бизнес төвд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн газар хамтран "Эрчим хүчний хэмнэлтийн үндэсний хөтөлбөр”-ийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 

Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо

 Хэлэлцүүлэгт Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Боловсрол, спорт, соёл, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн Захирагчийн Ажлын алба, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Барилгын хөгжлийн төв, Стандарт, хэмжил зүйн газар ,Эрчим хүчний хөгжлийн төв зэрэг төрийн байгууллагуудаас гадна Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, НҮБ-ийн Ногоон эдийн засгийн түншлэл зэрэг олон Улсын байгууллагууд, мөн төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж: Үндэсний хөтөлбөрийн төсөлд эрчим хүч хэмнэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжих, хурдасгахад чиглэсэн зорилго, зорилтуудыг тодорхойлж өгсөн

Энэхүү хэлэлцүүлгийг нээж ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж үг хэлсэн юм. Тэрээр "Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Эрчим хүчний сайдын 2017 оны 04 сарын 03-ны өдрийн 52 дугаар тушаалаар "Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн”-ийг байгуулан ажиллаж байна.

 

Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо

 Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөрийн төслийг Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд заасны дагуу төрийн захиргааны төв байгууллагууд, холбогдох бусад байгууллагуудын төлөөллийг хамруулан хэлэлцүүлэх, санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Бид энэхүү төслийг боловсруулахдаа 2015 онд шинээр батлагдсан Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал–2030, Ногоон хөгжлийн бодлого, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичигтэй нийцүүлэн боловсруулсан. Үндэсний хөтөлбөрийн төсөлд эрчим хүч хэмнэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжих, хурдасгахад чиглэсэн зорилго, зорилтууд, тэдгээрийг хангахын тулд хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний хэмжээний болон эрчим хүч, барилга, аж үйлдвэр, тээвэр, нийтийн салбар гээд голлох салбар бүрт тодорхойлж, томьёолсон” хэмээн онцлон тэмдэглэж байлаа. 

 

Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал: Хөтөлбөр хэрэгжснээр уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад онцгой ач холбогдолтой

Мөн энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулга хийлээ.

 

 Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо

 Уг хөтөлбөр нь эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг хууль тогтоомж, нэгдсэн бодлогоор уялдуулах, инновацид суурилсан эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, хэрэглэх замаар уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэрийг нэмэгдүүлэх зорилготой юм.

 

Уг хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.

Нэгдүгээр үе шат 2017-2020 он хүртэл хэрэгжих бөгөөд энэ хугацаанд эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбогдсон хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд эрчим хүчний аудит хийж, эрчим хүчийг хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх үндсэн чиглэлийг гаргаж хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд сөрөг нөлөө багатай дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх, түүнийг дагасан норм стандартыг нутагшуулах, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, эрчим хүчний үр ашигтай хэрэглээг төлөвшүүлсэн олон нийтийн боловсрол, мэдлэгийг тэлэх үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлэх зорилт тавьжээ.

Харин хоёрдугаар үе шатыг 2021-2022 он хүртэл хэрэгжүүлнэ. Энэ хугацаанд инновацид суурилсан эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, байгаль орчинд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүргийг биелүүлэхэд оруулах зэрэг зорилт тавьжээ.

Уг хөтөлбөрийн хамрах хүрээг дараах байдлаар тодорхойлж байгаа юм байна.

1. Үндэсний хэмжээнд

2. Эрчим хүчний салбар

3. Барилгын салбар

4. Аж үйлдвэр

5. Тээвэр

6. Нийтийн

 

Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газарт өргөн барина

Өнөөдөр энэхүү хэлэлцүүлэгт ирсэн төрийн болон төрийн бус байшууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчид хөтөлбөрийн төсөлтэй дэлгэрэнгүй мэдээлэл авч, өөрсдийнхөө саналыг тусгаж, бас зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах санал гаргаж байлаа.

 

Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо

 Хэлэлцүүлгийг нийт таван сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Энхтайван, Зөвлөх инженер Н.Мягмарсүрэн, П.Цэрэннадмид, Эрчим хүчний сургуулийн багш, доктор, дэд профессор П.Бямбацогт, Барилга, архитетурын сургуулийн багш, зөвлөх инженер Б.Мөнхбаяр, Эрчим хүчний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Бат-Эрдэнэ нар удирдлаа.

 

Энэхүү хөтөлбөрийн төслийг Эрчим хүчний сайдын хуралд танилцуулж, хэлэлцүүлсний дараа хуулийн дагуу Засгийн газарт өргөн барьж, батлуулах юм.

Та бүхэн дараах линкээр орж, Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийн төсөлтэй танилцаж,  саналаа Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн  газарт ирүүлнэ үү.

Холбогдох утас: 319317

Цахим хаяг:www.erc.gov.mn

Татах холбоос: http://erc.gov.mn/index.php?newsid=654