» » "ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ, ШОШГОЖУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ" ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

"ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ, ШОШГОЖУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ" ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2017 оны 09 сарын 15,    333
 
TӨСӨЛ

Засгийн газрын 2017 оны .... дугаар 
тогтоолын хавсралт 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ, 
ШОШГОЖУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1Хэрэглэгчийн сонголтыг хязгаарлах буюу зах зээлийн өрсөлдөөнд саад учруулахгүйгээр эрчим хүчний үр ашигтай, дэвшилтэт техник, технологийг хэрэглээнд нэвтрүүлэх, ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор эрчим хүчээр ажилладаг машин, тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээний цахилгаан бараа, барилга байгууламж, барилгын материалд эрчим хүчний хэрэглээний ангилал, зэрэглэл тогтоох, шошгожуулах, хяналт тавих үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна. 
1.2Эрчим хүчний хэрэглээний ангилал, зэрэглэл тогтоох, шошгожуулах, хяналт тавих үйл ажиллагаанд энэхүү журмаас гадна Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Гаалийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно. 
1.3Төсөл, хөтөлбөрийн хүрээнд болон түр хугацаанд ашиглан, хилээр буцааж гаргах бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжид энэ журам хүчин төгөлдөр үйлчилнэ.
1.4Шошгожуулах үйл ажиллагаанд үнэн зөв өгөгдөл мэдээлэл, инженерийн тооцоолол, нотолгоонд суурилсан байх, хараат бус байх, ёс зүйтэй байх, нууцыг хадгалах зарчмыг баримтална.
Хоёр. Нэр томьёоны тайлбар
2.1.Журамд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
2.1.1."Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл” гэж Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 8.1-д заасныг;
2.1.2."Мэргэжлийн комисс” гэж шошгожуулах үйл ажиллагааны харилцан уялдааг хангах, мэдээлэл солилцох, хяналтын тогтолцоог хамтран хэрэгжүүлж, зөвлөмжөөр ханган ажиллах үүрэг бүхий Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн баталсан орон тооны бус комиссын бүрэлдэхүүнийг; 
2.1.3. "Бараа” гэж Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.1-д заасныг; 
2.1.4."Бүтээгдэхүүн” гэж энэ журмын 2.1.3-д заасныг;
2.1.5."Барилга байгууламж” гэж Барилгын тухай хуулийн 4.1.1-д заасныг;
2.1.6."Барилгын материал” гэж барилга байгууламжид ашиглах цонх, хаалга, дулаан тусгаарлах материалыг;
2.1.7."Эрчим  хүчний хэрэглээний шошго” гэж эрчим хүчний үзүүлэлтийг тооцоолон, хэрэглээний зэрэглэлийг тодорхойлсон баримтыг;
2.1.8."Заавал авах шошго” гэж эрчим хүчний системийн хоногийн оргил ачаалалд голлох нөлөө үзүүлдэг, технологийн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд олгох шошгыг;
2.1.9."Сайн дурын шошго” гэж бараа бүтээгдэхүүний нэр хүнд, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор энэ журмын 2.1.7-д зааснаас бусад бараа бүтээгдэхүүн, барилга байгууламж, барилгын материалд олгох шошгыг;
2.1.10."Эрчим хүчний хэрэглээний гэрчилгээ” гэж шошгын үнэн зөвийг илтгэсэн, эрчим хүчний хэрэглээний дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан баталгаат баримт бичгийг;
2.1.11."Шошго эзэмшигч” гэж эрх бүхий байгууллагаас эрчим хүчний хэрэглээний шошго, гэрчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг;
2.1.12."Дүйцүүлэх арга” гэж импортын бараа бүтээгдэхүүнийг тухайн үйлдвэрлэсэн орны эрх бүхий байгууллагаас олгосон эрчим хүчний хэрэглээний шошго, гэрчилгээ, тайлангийн үзүүлэлтийг эрх бүхий байгууллагаас олгосон шошго, гэрчилгээний үзүүлэлттэй харьцуулах аргыг;
2.1.13."Үнэлгээний арга” гэж бараа бүтээгдэхүүн, барилга байгууламж, барилгын материалын эрчим хүчний хэрэглээ үзүүлэлтийг туршилтын лабораторид туршилт, сорилт, хэмжилт хийн, тооцоолохыг;
2.1.14."Туршилтын лаборатори” гэж эрх бүхий байгууллага магадлан итгэмжилсэн лабораторийг.
Гурав. Үнэлгээний байгууллага
3.1Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл нь шошго, гэрчилгээ олгох ба шошгожуулахад шаардлагатай тооцоолол, туршилт, үнэлгээний ажлыг гэрээний үндсэн дээр эрчим хүч, барилгын салбарын байгууллага болон төрийн бус байгууллага /цаашид Үнэлгээний байгууллага гэх/-аар гүйцэтгүүлнэ.
3.2Үнэлгээний байгууллага дор дурдсан шаардлага хангасан нөхцөлд гэрээ байгуулж ажиллана. Үүнд:
3.2.1Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд эрчим хүч, барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байх;
3.2.2тооцоо, туршилт, үнэлгээ хийх чадвар бүхий инженер, техникийн ажилтан (барилгын үнэлгээ хийх байгууллагын хувьд барилгын эрчим хүчний аудитор)-тай байх;
3.2.3тооцоо, туршилт хийхэд шаардлагатай хэмжилтийн багаж, техник хэрэгсэл, тооцооллын программ хангамжтай байх;
3.2.4туршилтын лабораторитой байх, эсвэл туршилтын лабораторитой хамтран ажиллах гэрээ байгуулсан байх;
3.2.5тооцоолол, туршилт, үнэлгээний үйл ажиллагаатай холбогдох бусад шаардлага.
3.3Энэ журмын 3.2-т заасан шаардлагыг хангасан байгууллага нь бараа бүтээгдэхүүн, барилга байгууламж, барилгын материалыг шошгожуулах үйл ажиллагааны туршилт, үнэлгээ хийх өргөдлийг дараах баримт бичгийн хамт Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлнэ. Үүнд:
3.3.1Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.3.2Хүний нөөцийн чадавхыг илтгэх баримт бичгийн хуулбар;
3.3.3Багаж, техник хэрэгслийн жагсаалт, програм хангамжийн үзүүлэлтүүд;
3.3.4Туршилтын лабораторийн итгэмжлэлийн хуулбар, танилцуулга;
3.3.5Бусад.
3.4Энэ журмын 3.3-д заасан бүрдүүлбэрийн шаардлагыг хангаагүй өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор өргөдөл гаргагчид материалыг буцаана. 
3.5Өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 30 хүртэл хоногийн дотор энэ журмын 3.2-т заасан шаардлагыг хангасан үнэлгээний байгууллагатай гэрээ байгуулах эсэх асуудлыг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл шийдвэрлэнэ. 
3.6Энэ журмын 3.3-д заасан харгалзан бараа бүтээгдэхүүн, барилгын материалын төрөл, барилгын чиглэлээр тус бүрд гэрээг бичгээр байгуулна.
Дөрөв. Ангилал, зэрэглэл
4.1Эрчим хүчний хэрэглээнээс хамааруулан эрчим хүчний хэрэглээний шошгыг заавал авах, сайн дурын үндсэн дээр авах гэж ангилна.
4.2Заавал авах шошгыг энэ журмын хавсралт 1-д заасан бараа бүтээгдэхүүнд олгох бөгөөд Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл 3 жил тутам жагсаалтыг шинэчлэн тогтооно
4.3Энэ журмын 4.2-д зааснаас бусад бараа бүтээгдэхүүн, барилгын материал, барилга байгууламжид сайн дурын үндсэн дээр шошгыг олгоно.
4.4Эрчим хүчний хэрэглээнээс хамааруулан тухайн бараа бүтээгдэхүүн, барилга байгууламж, барилгын материалд: 
1 – маш өндөр, 
2 – өндөр, 
3 – хэвийн, 
4 – бага, 
5 – маш бага гэж зэрэглэл тогтооно. 
4.5Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн баталсан эрчим хүчний хэрэглээний үзүүлэлтийг тооцох аргачлалын дагуу зэрэглэлийг дүйцүүлэх болон үнэлгээний гэсэн хоёр аргаар тодорхойлно.
Тав. Эрчим хүчний хэрэглээний шошго ба гэрчилгээ
5.1.Бараа бүтээгдэхүүний эрчим хүчний хэрэглээний шошгод дараах мэдээллийг тусгана. Үүнд:
5.1.1Шошгын ангилал;
5.1.2Шошгын дугаар;
5.1.3Бүтээгдэхүүний нэр;
5.1.4Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн лого;
5.1.5Бүтээгдэхүүний загварын дугаар;
5.1.6Эрчим хүчний хэрэглээний зэрэглэл;
5.1.7Эрчим хүчний жилийн хэрэглээ;
5.1.8Бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт;
5.1.9Шошго олгосон эрх бүхий байгууллагын нэр, лого.
5.2Барилга байгууламжийн эрчим хүчний хэрэглээний шошгод дараах мэдээллийг тусгана. Үүнд:
5.2.1Шошгын дугаар;
5.2.2Барилгын төрөл;
5.2.3Барилга байгууламжийн нэр;
5.2.4Эрчим хүчний хэрэглээний зэрэглэл;
5.2.5Барилга байгууламжийн байршил;
5.2.6Ашиглалтад орсон эсвэл их засвар хийсэн он;
5.2.7Барилгын дулааны эрчим хүчний жилийн хувийн зарцуулалт;
5.2.8Үнэлгээ, тооцоо хийсэн байгууллагын нэг, лого
5.2.9Шошго олгосон эрх бүхий байгууллагын нэр, лого.
5.3Барилгын материалын эрчим хүчний хэрэглээний шошгод дараах мэдээллийг тусгана. Үүнд:
5.3.1Шошгын дугаар;
5.3.2Шошгын төрөл;
5.3.3Барилгын материалын нэр;
5.3.4Эрчим хүчний хэрэглээний зэрэглэл;
5.3.5Эрчим хүчний үзүүлэлт;
5.3.6Барилгын материалын техникийн үзүүлэлт;
5.3.7Шошго олгосон эрх бүхий байгууллагын нэр, лого.
5.4Эрчим хүчний хэрэглээний шошго нь эрчим хүчний хэрэглээний гэрчилгээний хамт хүчинтэй бөгөөд гэрчилгээнд дараах мэдээллийг тусгана. Үүнд:
5.4.1Гэрчилгээ олгосон байгууллагын нэр;
5.4.2Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар;
5.4.3Шошго, гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн нэр эсвэл иргэний овог, эцэг эхийн нэр болон өөрийн нэр;
5.4.4Энэ журмын 5.1, 5.2, 5.3-д дурдсан мэдээлэл;
5.4.5Эрчим хүчний хэрэглээний дэлгэрэнгүй мэдээлэл;
5.4.6Бараа бүтээгдэхүүний төрөл, ашиглалтаас хамаарах нэмэлт мэдээлэл (байгальд ээлтэй болон нөлөөлөх орц, материалын тухай гэх мэт мэдээлэл,);
5.4.7Эрчим хүчний хэрэглээний тооцоо хийсэн инженер эсвэл эрчим хүчний аудиторын овог нэр, үнэлгээний байгууллагын нэр;
5.4.8Гэрчилгээний дугаар, гэрчилгээний хүчинтэй хугацаа;
5.4.9Гэрчилгээ олгосон огноо;
5.4.10Гэрчилгээ олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг.
5.5Эрчим хүчний хэрэглээний шошгыг худалдан борлуулах бараа бүтээгдэхүүн, барилгын материалд заавал дагалдуулах бөгөөд хэрэглэгчдэд мэдээлэл өгөх зорилгоор бараа бүтээгдэхүүний нүүр тал, сав, баглаа боодол дээр наах, зар сурталчилгаанд ашиглаж болно.
5.6Барилгын эрчим хүчний шошгыг барилгын дотор талд, нүдэнд харагдах газарт ил байрлуулна.
Зургаа. Эрчим хүчний хэрэглээний шошго, гэрчилгээ олгох 
6.1Худалдан борлуулж ашиг олох зорилгоор үйлдвэрлэсэн, импортолсон энэ журмын 4.2-т заасан бараа бүтээгдэхүүн, барилгын материалд үйлдвэрлэгч, импортлогч, барилга байгууламжийн хувьд түүний өмчлөгч, эзэмшигч эсвэл ашиглагчийн нэр дээр эрчим хүчний хэрэглээний шошго, гэрчилгээг олгоно.
6.2Энэ журмын 4.2-д заасан бараа бүтээгдэхүүнд шошго, гэрчилгээг дор дурдсан хугацаанд авсан байна. Үүнд:
6.2.1үйлдвэрлэгч нь бараа бүтээгдэхүүнийг худалдаанд борлуулалтад гаргахаас өмнө; 
6.2.2импортлогч нь бараа бүтээгдэхүүнийг гаалийн бүрдүүлэлт хийж гаалийн хилээр нэвтрүүлэхээс өмнө шошго авсан байна. 
6.3Сайн дурын шошго авахад энэ журмын 6.2-т заасан хугацаанд мэдүүлэхийг шаардахгүй.
6.4Шошго хүсэгч нь шошго авах хүсэлтийг дараах баримт бичгийн хамт Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд гаргана. Үүнд:
6.4.1хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар;
6.4.2шошго авах бараа бүтээгдэхүүн, барилга байгууламж, барилгын материалын танилцуулга (бүтээгдэхүүний загварын дугаар, зориулалт, барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн код, үйлдвэрлэгч, зураг, хүчин чадлын үзүүлэлт, барилгын байршил, ашиглалтад орсон он гэх мэт);
6.4.3бараа бүтээгдэхүүн, барилгын материалын гарал үүслийг нотлох баримт бичиг, түүний хуулбар;
6.4.4импортын бараа бүтээгдэхүүн нь тухайн орныхоо эрх бүхий байгууллагаас олгосон эрчим хүчний хэрэглээний шошго, гэрчилгээтэй бол үүнийг нотлох лабораторийн дүгнэлт, түүний монгол хэл рүү хөрвүүлсэн баталгаат орчуулга.
6.5Шинээр төлөвлөж буй болон хуучин буюу одоо ашиглаж буй барилгад сайн дурын шошго олгоно.
6.6Шошгыг бараа бүтээгдэхүүн, барилгын материалын нэр төрөл бүрээр, мөн бие даасан барилга байгууламж тус бүрд хүсэлт гарган авна.
6.7Бараа бүтээгдэхүүн, барилгын материалын загвар, төрөл, хэмжээ, хүчин чадал өөрчлөгдөх, барилга байгууламжид их засвар, шинэчлэл, өргөтгөл болон системийн өөрчлөлт хийх тус бүрд шошго, гэрчилгээг дахин авна.
6.8Үнэлгээний байгууллага нь энэ журмын 3.2-т дурдсан гэрээг үндэслэн эрчим хүчний үзүүлэлтийг тооцох, турших, үнэлэх ажлыг шошго хүсэгчтэй гэрээ байгуулж гүйцэтгэх ба үнэлгээний ажлын хугацаа, үйлчилгээний хөлсийг талууд харилцан тохиролцоно. 
6.9Үнэлгээний байгууллага Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд үнэлгээний ажлын тайланг дүгнэлтийн хамт ирүүлнэ.
6.10Үнэлгээний байгууллагын тайланг үндэслэн шошго олгох асуудлыг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл үнэлгээний ажлын тайлан ирүүлснээс хойш ажлын 21 хоногт дотор шийдвэрлэнэ. 
6.11Эрчим хүчний шошгыг ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын материалд 3 жил, технологийн ба үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнд 5 жил, барилга байгууламжид 10 жилийн хугацаатайгаар тус тус олгоно. 
6.12Эрчим хүчний хэрэглээний шошго нь хавсралт 2, эрчим хүчний хэрэглээний гэрчилгээ нь хавсралт 3-т үзүүлсэн загвартай байна. 
Долоо. Шошго, гэрчилгээний хугацаа сунгах, 
хүчингүй болгох
7.1Шошго эзэмшигч нь шошго, гэрчилгээ эзэмших эрхийн хугацаа дуусахаас 45-аас доошгүй хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд гаргана.
7.2Шошго эзэмших эрхийн хугацааг шошгын төрлөөс хамааруулан анх олгосон хугацаагаар сунгаж болно.
7.3Шошгын хугацааг сунгахад энэ журмын 6.4-д заасан баримт бичгийг бүрдүүлнэ. 
7.4Шошго эзэмшигч нь шошго эзэмших эрхийг сунгуулахдаа шошго авсан бараа бүтээгдэхүүн, барилгын материалд  итгэмжлэгдсэн лабораториор сорилт, туршилт хийлгэн, үнэлүүлсэн байна. 
7.5Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл шошго эзэмших эрхийг сунгахдаа энэ журмын 7.4-д заасан туршилт, үнэлгээний тайланг үндэслэн шийдвэрлэнэ.
7.6Шошго эзэмших эрхийг дараах тохиолдолд хүчингүй болгоно. Үүнд:
7.6.1Шошго эзэмшигч байгууллагын үйл ажиллагаа татан буугдсан, дампуурсан;
7.6.2Шошго эзэмшигч хувь хүн нас барж, өв залгамжлагчдаа гэрээслээгүй бол;
7.6.3Шошгожуулалтын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай холбоотой гаргасан зөрчлийг арилгуулах талаар Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй; 
7.6.4Шошго эзэмших эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн, ашиглуулсан, өөр бараа бүтээгдэхүүнд ашигласан нь тогтоогдсон.
7.7Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл эрчим хүчний шошгыг хүчингүйд тооцсон өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад бичгээр мэдэгдэж, нийтэд мэдээлнэ. 
Найм. Талуудын чиг үүрэг
8.1.Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.1.1.Шошгожуулах үйл ажиллагаанд шаардлагатай дүрэм, загвар, заавар, аргачлал, маягтыг боловсруулж батлах;
8.1.2.Заавал шошго авах бараа бүтээгдэхүүнийг тодорхойлж, жагсаалтыг шинэчлэн батлах;
8.1.3.Шошгожуулах үйл ажиллагаанд оролцогч талуудыг шаардлагатай мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх;
8.1.4.Шошгожсон бараа бүтээгдэхүүн, барилга байгууламж, барилгын материалын талаарх мэдээллийг олон нийтэд сурталчлах, мэдээллийн сан бүрдүүлэх;
8.1.5.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавих.
8.2.Мэргэжлийн комисс нь Эрчим хүч, Барилга, Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Мэргэжлийн хяналт, Гааль, Стандарт, хэмжилзүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, холбогдох бусад төлөөллөөс бүрдэх бөгөөд Комиссыг Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 8.2-т заасан нэгжийн дарга ахална. Комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.2.1.Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбогдох үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
8.2.2.Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл болон холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах;
8.2.3.Журмын хэрэгжилтэд гишүүд өөрийн харьяалах байгууллагын чиг үүргийн хүрээнд хяналт тавих. 
8.3.Үнэлгээний байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.3.1.Тооцоо, туршилт, үнэлгээ хийхдээ Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс баталсан дүрэм, загвар, заавар, аргачлалыг мөрдөх;
8.3.2.Шошгожуулах үйл ажиллагааны хүрээнд хийх тооцоо, туршилт, сорилтыг үнэн зөв, хараат бус зарчмаар гүйцэтгэх;
8.3.3.Шошго хүсэгч, шошго эзэмшигч байгууллагын нууцыг чандлан хадгалж, задруулахгүй байх;
8.3.4.Тооцоо, үнэлгээ хийсэн ажлаа Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд тайлагнах;
8.3.5.Тооцоо, туршилт, үнэлгээний ажлыг тогтмол явуулах, өргөжүүлэх талаар санаачилгатай ажиллах; 
8.3.6.Өөрийн буруутай үйлдлийн улмаас тооцоо, үнэлгээний ажлыг чанаргүй эсвэл буруу гүйцэтгэснээс үүсэх хариуцлагыг хүлээх.
8.4.Шошго эзэмшигч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.4.1.Бараа бүтээгдэхүүн, барилга байгууламж тус бүрд тохирсон шошгыг авах;
8.4.2.Батлагдсан загварын дагуу шошгыг хэвлүүлж ашиглах;
8.4.3.Шошгожуулах үйл ажиллагаатай холбогдох зардал, санхүүжилтийг хариуцах;
8.4.4.Шошго хүсэхтэй холбоотой мэдээллийг үнэн зөв өгөх. 
8.4.5.Шошгыг хууль бусаар ашиглахгүй байх;
8.4.6.Шошгын ач холбогдлыг хэрэглэгчдэд сурталчлах, таниулах; 
Ес. Хориглох ба урамшуулах нөхцөл
9.1.Шошго эзэмшигч нь Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс олгосон эрчим хүчний шошгыг гуравдагч этгээдэд шилжүүлэх, дамжуулах, шошго аваагүй өөр бүтээгдэхүүнд ашиглахыг хориглоно.
9.2.Шошго эзэмшигч тухайн бараа бүтээгдэхүүн болон барилга байгууламжийн эрчим хүчний шошгыг хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, худал зар сурталчилгаа болон хууль бус үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.
9.3.Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9.1.9.е-д заасан "Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, машин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох” журамд заасан урамшуулал, хөнгөлөлт эдэлнэ.
Арав. Хяналт тавих, хүлээлгэх хариуцлага
10.1Журмын хэрэгжилтэд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага хамтарч Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн баталсан удирдамжийн дагуу жилд нэгээс доошгүй удаа хяналт тавина.
10.2Энэхүү журамтай холбоотой аливаа зөрчлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд бусад этгээд мэдээлэх эрхтэй ба мэдээллийн мөрөөр шалгах, зөрчлийг арилгуулах талаар шаардлагатай арга хэмжээг эрчим хүчний хяналтын улсын байцаагч авч хэрэгжүүлнэ.
Арван нэг. Бусад
11.1Шошго олгох, сунгах, хэрэглэхтэй холбогдон үүссэн хүсэлт, гомдол, маргааныг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл шийдвэрлэнэ. 
11.2Энэ журмын 11.2-д заасан хүсэлт, гомдол, маргааныг хянан шийдвэрлэх журмыг хууль тогтоомжид нийцүүлэн Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл батална.
11.3Энэ журмын 11.2-д заасны дагуу Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд гомдол гаргаж болно.


---oOo---
 
 
Саналаа доорх цахим шуудангаар явуулна уу.
 
tsolmon.b@erc.mn
Утас: 11-319317