» ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ ХОЛБОЛТЫН ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ ХОЛБОЛТЫН ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2017 оны 11 сарын 13,    128
Төсөл
ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ ХОЛБОЛТЫН ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1 Цахилгаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн түгээх сүлжээнд иргэн, хуулийн этгээдийн цахилгаан тоног төхөөрөмж, барилга байгууламж (цаашид "объект” гэх)-ийг холбоход энэхүү журмыг мөрдөнө.
1.2 Энэхүү журмын зорилго нь цахилгаан түгээх сүлжээнд объектоо холбуулах иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, зөвшөөрөл олгох, объектыг сүлжээнд холбох үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг хариуцлага, эрх хэмжээг тодорхойлоход оршино.
1.3 Иргэн, хуулийн этгээдийг цахилгаан түгээх сүлжээнд холбоход зайлшгүй хангах иж бүрдэл техник-технологийн цогц шаардлагыг хангасан баримт бичиг нь техникийн нөхцөл байна.

ХОЁР. Сүлжээнд холбогдох хүсэлт гаргах,
хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх
2.1 Цахилгаан түгээх сүлжээнд шинээр холбогдох, техникийн нөхцөлд заасан чадлыг нэмэгдүүлэх, бууруулах, өөрчлөлт оруулах шаардлага гарсан тухай бүрд техникийн нөхцөл авна.
2.2 Иргэн, хуулийн этгээд нь цахилгаан түгээх сүлжээнд холбогдох тухайн байршил дээр цахилгаан чадал нэмж холбох боломжтой эсэх лавлагааг сүлжээний нөөцийн мэдээллээс авах боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бүрдүүлсэн байна.
2.3 Цахилгаан түгээх сүлжээнд объектоо холбуулахыг хүссэн иргэн хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахим хуудсаар дамжуулан эсвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн харъяа хүсэлт хүлээн авах цэгүүдэд өөрийн биеэр ирж дүүрэг, хорооны дугаар, хэрэглэх цахилгаан чадал, хэрэглээний төрөл, хэрэглэгчийн зэрэглэл зэрэг мэдээллийг өгнө.
2.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор үндсэн судалгааг хийж иргэн, хуулийн этгээдийн хамтаар цахилгаан түгээх сүлжээнд холбох объектын байршил дээр нь биеэр очиж техникийн боломж, хүчин чадал, байршил, хамгаалалтын зурвас зөрчсөн эсэхийг тодруулж, саналыг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд хүргүүлнэ. Иргэн, хуулийн этгээд нь уг саналыг зөвшөөрч байгаа эсэх тухайгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид 30 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ. Энэ хугацаанд мэдэгдээгүй бол уг холболтын санал цуцлагдана.
2.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь техникийн нөхцөл олгохдоо уг объектын чадлын хэмжээ, цаашдын хэрэглээний өсөлт, түгээх сүлжээний ачаалал, тухайн бүс нутгийн өсөн нэмэгдэх цахилгааны хэрэглээ, хэтийн төлөвтэй уялдуулан шийднэ.
2.6 Цахилгааны техникийн нөхцөлийг олгохдоо уг барилга байгууламжийг шинээр барих, шинэчлэх талаар эрх бүхий байгууллагын шийдвэр, тусгай зөвшөөрөл эзэмшигчид гаргасан хүсэлт, газар олголтын захирамжийг үндэслэнэ.
2.7 Цахилгаан түгээх сүлжээнд холбох боломжтой талаарх мэдээлэл авсан иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл авахад шаардлагатай дараах баримт бичгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрдүүлж өгнө.
2.7.1 Өргөдөл буюу албан хүсэлт;
2.7.2 Иргэний үнэмлэхний хуулбар (эх хувь);
2.7.3 Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (эх хувь эсвэл хуулбар хувийг нотариатаар гэрчлүүлсэн байх);
2.7.4 Газрын гэрчилгээ (Өмчлөх, ашиглах, эзэмших), (эх хувь эсвэл хуулбар хувийг нотариатаар гэрчлүүлсэн байх);
2.7.5 Газрын кадастрын зураг (эх хувь эсвэл хуулбар хувийг нотариатаар гэрчлүүлсэн байх);
2.7.6 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн баталсан маягтын дагуу тодруулах хуудас бөглөх;
2.8 Иргэн, хуулийн этгээд нь энэхүү журмын 2.5 дугаар зүйлд заасан баримт бичгээс гадна хүсэлтийн онцлогоос хамаарч дараах материалуудыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
2.8.1 Хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан барилга орон сууц барих тохиолдолд Архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан "Ерөнхий төлөвлөгөө” (эх хувь эсвэл хуулбар хувийг нотариатаар гэрчлүүлсэн байх);
2.8.2 Олгогдсон техникийн нөхцөлд өөрчлөлт оруулахад тухайн техникийн нөхцөлийн хуулбар хувь;
2.8.3 Техникийн нөхцөлийн нэр шилжүүлэхэд олгогдсон техникийн нөхцөлийн хуулбар хувь, газрын журмын 27.1-27.5 дахь заалтуудад дурдсан баримтын хуулбар
2.8.4 Цахилгаан түгээх сүлжээг зөөж байршил өөрчлөхөд түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс зураг төсөлд тодруулга хийсэн тодорхойлолт, харьяа орон нутгийн ерөнхий төлөвлөгөө эрхэлсэн газрын албан хүсэлт;
2.9 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цахилгааны өндөр хэрэглээ, ачаалал бүхий орон сууцны хороолол, томоохон цогцолбор объектод техникийн нөхцөл олгохдоо тэдгээрийн барилга угсралтын үеийн цахилгааны хэрэглээг хангах түр болон объект бүрэн ашиглалтад орсны дараах цахилгааны хэрэглээг хангах байнгын гэсэн хоёр хэлбэрээр олгож болно.  
2.10 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түр техникийн нөхцөлийг 1 жил хүртэл, байнгын техникийн нөхцөлийг 1-3 жилийн хугацаатай олгоно.
2.11 Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөлд заасан хугацаанд тухайн объектоо сүлжээнд залгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлт гаргана. Техникийн нөхцөлийг нэг удаа сунгана.
2.12 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэгдсэн  техникийн нөхцөлтэй боловч олон тооны аж ахуйн нэгж, иргэд байрласан барилгууд, амины орон сууцуудад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг үндэслэн техникийн хувьд боломжтой нөхцөлд тус тусад нь техникийн нөхцөл салган олгож болно. 
2.13 Иргэн, хуулийн этгээдийн шинээр барих, зөөх дэд станц, шугамын трасс нь нийслэл, орон нутгийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, дэд бүтэц төлөвлөлтийн дагуу цахилгааны байгууламж баригдахаар төлөвлөгдсөн, төлөвлөлтгүй боловч тухайн орчинд нийтийн сүлжээ үүсгэх боломжийг хаасан, сүлжээ төлөвлөлт, горимын хувьд ач холбогдол бүхий магистраль шугам үүсгэхээр байвал тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэн, хуулийн этгээдийн барих шугам тоноглолыг харилцан тохиролцож өмч шилжүүлэх тухай гэрээ байгуулан техникийн нөхцөл олгоно. 
2.14 Иргэн, хуулийн этгээдийн объектын холболтын цэг нь зайлшгүй хувийн эзэмшлийн шугамаар дамжуулан холбогдох бол тухайн шугам тоноглол эзэмшигчээс  зөвшөөрөл авч баталгаажуулсан байна. Дамжин холбогдсон хэрэглэгчээс цааш нь дахин хэрэглэгч холбогдохоор нөхцөл үүсэх магадлалтай тохиолдолд шугам, тоноглолын ачааллаас хамааруулан хэрэглэгч хооронд гэрээ байгуулж дараагийн хэрэглэгчийг холбоно.   
2.15 Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөлд заасан цахилгаан хэрэглээг холбосноос хойш 1 жилийн хугацаанд бүрэн ашиглахгүй байгаа нь цахилгаан эрчим хүчний хэрэглээгээр нотлогдсон бол өмнөх бүрдүүлсэн баримтыг үндэслэн /нэр, хаяг, байршил, эзэмшигч өөрчлөгдөөгүй тохиолдолд/ олгогдсон чадлын хэмжээг бууруулж техникийн нөхцөлийг өөрчлөн олгоно.
2.16 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдийн шинэ холболтын хүсэлтийг шийдвэрлэсэн хугацаа, үндэслэл зэргийг өөрийн цахим хуудсанд сар бүр нийтэлнэ.
2.17 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь техникийн нөхцөл олголтын талаарх мэдээг тогтоосон маягтын дагуу улирал тутам Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлнэ.
2.18 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олгосон техникийн нөхцөлийн дэлгэрэнгүй бүртгэлийг хөтлөн, нэмэгдэх болон хүлээгдэж буй чадлын судалгааг гаргаж сүлжээ төлөвлөлтөд ашиглана. 
2.19 Шинээр объект холбуулж буй иргэн, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлийн дэд станц, шугам тоноглолыг өргөтгөсөн бол өргөтгөсөн дэд станц, шугам тоноглол нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлд байна. Харин хэрэглэгчийн өмчлөлийн дэд станц, шугам тоноглолыг өргөтгөсөн тохиолдолд дундын эзэмшилд ашиглах бөгөөд засвар үйлчилгээний зардлыг хамтран хариуцна.
2.20 Иргэн, хуулийн этгээд нь олгосон техникийн нөхцөлийн дагуу мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн зураг төслийн барилга-угсралтын ажил эхлэхээс өмнө уг зураг төслийн зохиогчтой хамтран холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигч /дамжуулагч, түгээгч/-ээр хянуулж баталгаажуулсан байна.
2.21 Олгосон техникийн нөхцөлийн шаардлагын биелэлтийг тухайн дэд станц, шугам тоноглолыг ашиглалтад хүлээн авах үед шалгаж, зураг төслийн байгууллагатай тохиролцолгүйгээр өөрчлөлт оруулсан тохиолдолд зураг төсөл буюу угсралтад техникийн нөхцөлийн дагуу зохих өөрчлөлт хийлгэнэ.
2.22 Техникийн нөхцөл олгосон өдрөөс хойш тухайн цахилгааны шугам сүлжээнд өөрчлөлт /хүчин чадлыг ихэсгэх, багасгах, хэтийн төлөвийн схемээр өөрчлөгдөх, татан буугдах гэх мэт/ орвол цахилгаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь захиалагч /иргэн, хуулийн этгээд/ буюу зураг төслийн байгууллагад мэдэгдэж техникийн нөхцөлийг тодотгож байх үүрэгтэй.
2.23 Захиалагч (иргэн, хуулийн этгээд)-ийн шинээр барьсан буюу шинэчилж өөрчилсөн  цахилгаан тоног төхөөрөмж нь  цахилгаан тоног  төхөөрөмжийн угсралтын болон барилгын норм, дүрэм, өгөгдсөн техникийн нөхцөлийн шаардлагыг бүрэн хангасан  байвал  зохино.
2.24 Захиалагч (ашиглагч иргэн, хуулийн этгээд) нь холболт хийхийн өмнө эрчим  хүчний  тоног төхөөрөмж, шугам сүлжээг угсрах гүйцэтгэгчтэй хамтран шинэ  цахилгаан тоног төхөөрөмжид туршилт, сорилт хийж, акт, протокол үйлдэнэ. Хангагч, дамжуулагч  буюу  түгээгчийн төлөөлөгч дээрх акт,  протоколын  дагуу газар дээр нь шалгаж, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг шинээр   хийсний дараа хангагч цахилгаан тоног төхөөрөмжийг хүчдэлд залгах албан ёсны зөвшөөрлийг хэрэглэгчид  олгоно. Уг зөвшөөрлийг үндэслэн дамжуулагч буюу түгээгч нь хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийг сүлжээнд холбож хүчдэлд залгана.

ГУРАВ. Техникийн нөхцөлийн агуулга
3.1 Техникийн нөхцөлд дараах асуудлыг тусгасан байна.
3.1.1 Цахилгааны тооцоот дээд ачаалал
3.1.2 Холболт хийх цэг (дамжуулах, түгээх шугам, дэд станц, тоноглол), таслах, залгах тоноглолын марк,
3.1.3 Холболтын схем,
3.1.4 Объектыг шинээр холбосноос болон хэрэглэгч хэрэглээгээ нэмэгдүүлсэнтэй холбогдуулан өргөтгөл хийх эсэх, 
3.1.5 Тоолуур, хэмжих хэрэгсэл
3.1.6 Объектод тавигдах тусгай шаардлага,
3.1.7 Объектын ашиглалт, аюулгүй ажиллагааг хангах шаардлага
3.1.8 Иргэн, хуулийн этгээд нь объектыг барих явцад цахилгаан авах шаардлага гарвал түр холболт хийх цэг, хугацааг тодотгосон байх,
3.1.9 Орчны тохижилтыг нөхөн сэргээх талаар авах арга хэмжээ,
3.1.10 Техникийн нөхцөлийн хугацаа,
3.1.11 Холбогдох тогтоол шийдвэрийн заалт
3.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу зориулалт, чадал, холболтын цэг, тухайн холбогдож буй сүлжээний онцлогоос хамааруулан техникийн нөхцөлийн тусгай заалтууд хэсэгт нэмэлт шаардлагуудыг оруулж болно. 

ДӨРӨВ. Санхүүгийн нөхцөл
4.1 Иргэн, хуулийн этгээдийн объектыг цахилгаан түгээх сүлжээнд холбоход хүсэлт судлах, техникийн нөхцөл олгох, техникийн нөхцөлийн дагуу холбох үйлчилгээ үзүүлэх зэргийн төлбөрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос хянасан тарифын дагуу төлнө.
4.2 Айл өрхийн ахуйн хэрэглээнд 10 кВА хүртэл чадалтай 220В-ын хүчдэлд холбогдох хүсэлт гаргах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газрын гэрчилгээг үндэслэн зөвхөн техникийн нөхцөл олгох төлбөрийг төлүүлэхгүйгээр техникийн нөхцөл олгоно. 
4.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өмч шилжүүлэхээр гэрээ байгуулсан шугамаас шинээр хэрэглэгч холбох бол тухайн шугам тоноглолын хамтран ашиглах хэсгийн өнөөгийн зах зээлийн үнэ, тухайн шугам тоноглолоор урсах ачаалалд эзлэх хувиас хамааруулж иргэн, хуулийн этгээдээс нэмэлт төлбөр авах ба энэ төлбөрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний дагуу өмч шилжүүлсэн анхны хэрэглэгчид олгоно.  
ТАВ.  Объектыг цахилгаан түгээх сүлжээнд холбох
5.1 Техникийн нөхцөлд тусгасан шаардлагыг бүрэн хангасан объектыг цахилгаан түгээх сүлжээнд холбоно.
5.2 Цахилгаан түгээх тусгай зөвшөөрөл  эзэмшигчийн түгээх сүлжээний тоноглолыг өөрчлөх, өргөтгөх, газардуулгын байгууламжийн хэмжилт, өөрийн обьектыг хүчдэлд залгах ажлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээр гүйцэтгүүлнэ. 
5.3 Иргэн, хуулийн этгээд нь батлагдсан техникийн нөхцөлийн дагуу өөрийн шинээр барих объектын зураг төсөв, угсралт, хэмжилт туршилтын ажлыг бусад эрчим, хүчний барилга байгууламж барих эрх бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагаар гүйцэтгүүлж болно. 
5.4 Иргэн, хуулийн этгээд нь нийтийн эзэмшлийн орон сууц тэжээх дэд станц, шугам, тоноглол барьж хүчдэлд залгаснаар Эрчим хүчний тухай хуулийн 30.1.13-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлд тухайн объектыг шууд шилжүүлнэ. 
5.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдэд олгосон техникийн нөхцөлийн дагуу төлөвлөлтөөр баригдах барилга, объектыг хүлээсэн  үүргийн хугацаанд захиалсан чадлын нөөц, техникийн боломжийг тухайн дэд станц, шугам, тоноглолд хадгална.
5.6 Иргэн, хуулийн этгээд нь өөрийн объектыг анх ашиглалтад оруулахдаа гүйцэтгэлийн баримт бичиг, хэмжилт туршилтын акт,  протокол бүрдүүлэн архив, мэдээллийн санд бүртгүүлэн, хүчдэлд залгаж болох тухай Байнгын ашиглалтанд оруулах комисс ажиллуулан дүгнэлт гаргуулсан байна.
5.7 Байнгын ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шуурхай ажиллагааны нэр, дугаар олгон иргэн, хуулийн этгээдтэй цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан мэдээллийн санд бүртгэж, сүлжээнд залгах зөвшөөрөл олгоно.
5.8 Иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу техникийн нөхцөлийг улирал харгалзахгүй олгож болох бөгөөд Эрчим хүчний систем өвлийн горимд шилжсэн үед тухайн  цахилгаан түгээх сүлжээнд иргэн, хуулийн этгээдийн обьектыг холбох ажлыг түр зогсооно.

ЗУРГАА. Техникийн нөхцөл олгохгүй байх, хүчингүй болгох тохиолдол
6.1 Газрын маргаантай болон газрын гэрчилгээ, баталгаажсан кадастрын зураг, хүсэлт, бусад бичиг баримтын эзэмшигчийн нэр зөрсөн байх,
6.2 Техникийн нөхцөл авахад энэхүү журмын 2.5 дахь заалтанд заасан бүрдүүлэх үндсэн материал дутуу бол хүсэлтийг хүлээн авах боломжгүй, мөн  2.6 заалтын дагуу хүсэлтийн онцлогоос хамааруулан нэмэлт бичиг баримт, материалыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрдүүлж өгөөгүй тохиолдол,
6.3 Иргэн, хуулийн этгээдийн объектыг сүлжээнд холбоход тоноглолын нөөц хүрэлцэхгүй байх, шинээр барих, зөөх дэд станц, шугамын трасс нь нийслэл, орон нутгийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдахгүй тухайн орчинд нийтийн сүлжээ үүсэх боломжийг хаах тохиолдол зэрэгт техникийн нөхцөл олгохгүй.
6.4 Техникийн нөхцөл авахын тулд техникийн хэрэглээний өгөгдлүүдээ зориуд буруу тодорхойлсон,
6.5 Холболт хийх цэгийн хүчин чадлаас хэтрүүлэн техникийн нөхцөл олгосон,
6.6 Техникийн нөхцөл хүчинтэй байх хугацаанд сүлжээнд холбогдоогүй зэрэг үндэслэлүүдээр хүчингүй болгоно.  
ДОЛОО. Хариуцлага
7.1 Техникийн нөхцлийг үндэслэл муутай эсвэл буруу боловсруулж олгосноос иргэн хуулийн этгээдэд учирсан шууд хохирлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.
7.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөлтэй холбоотой гарсан маргааныг энэхүү журам болон Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль, дүрэм, журмын дагуу шийдвэрлэнэ.

------------ оОо ------------
 
 
 
Саналаа доорх цахим шуудангаар явуулна уу.
altantuya@erc.mn, bolormaa@erc.mn
Утас: 11-319312, 11-312313