» ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИЙН ХҮРЭЭНД МӨРДӨХ ХОЛБОЛТЫН ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИЙН ХҮРЭЭНД МӨРДӨХ ХОЛБОЛТЫН ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2017 оны 11 сарын 14,    615

TӨСӨЛ

 

ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИЙН ХҮРЭЭНД
МӨРДӨХ ХОЛБОЛТЫН ЖУРАМ

 Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламж, тоног төхөөрөмж(цаашид объект гэх)-ийг холбоход энэхүү журмыг мөрдөнө.

1.2 Энэхүү журмын зорилго нь төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбогдох иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, барилга байгууламж, тоног төхөөрөмжийг өргөтгөх, шинэчлэх, сүлжээнд холбох үйл ажиллагаанд дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч(цаашид тусгай зөвшөөрөл эзэмшигч)-ийн хүлээх үүрэг хариуцлага, эрх хэмжээг тодорхойлоход оршино.

Хоёр. Сүлжээнд холбогдох хүсэлт гаргах,
хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх

2.1 Шинээр баригдах, өргөтгөл шинэчлэл хийх барилга байгууламжид дулааны эрчим хүч авах, ачааллыг өөрчлөх болон дулааны, тоног төхөөрөмж, шугам сүлжээ, халаалтын системийн техникийн шийдлийг өөрчлөх, технологийн шинэчлэл хийх тухай бүрт хэрэглэгч нь түгээгчээс дулааны техникийн нөхцөл авна.

2.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд шинээр дулааны чадал нэмж холбох боломж, дулаан дамжуулах, түгээх сүлжээнд хийгдэхээр хөрөнгийн эх үүсвэр нь батлагдсан өргөтгөл, шинэчлэлийн ажлуудын талаарх мэдээллийг газар зүйн байршил, дүүрэг, хороогоор гаргаж нийтэд мэдээлсэн байна.

2.3 Төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд объектоо холбуулах хүсэлтээ иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл олгогчийнцахим хуудсаар дамжуулан эсвэл техникийн нөхцөл олгогчийн тухайн ажлыг хариуцсан ажилтанд өөрийн биеэр дараах баримт бичгийг бүрдүүлж өгнө. Үүнд:

2.3.1 Албан бичиг, өргөдөл;

2.3.2 Иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар гэрчлүүлсэн байх)

2.3.3 Техникийн нөхцөл олгогчоос өгсөн тодруулах хуудсын бүрдэл; /хавсралт/

2.3.4 Газрын гэрчилгээ (өмчлөх, ашиглах, эзэмших), (эх хувь эсхүл хуулбар хувийг нотариатаар гэрчлүүлсэн байх)

2.3.5 Газрын кадастрын зураг (эх хувь эсхүл хуулбар хувийг нотариатаар гэрчлүүлсэн байх);

2.3.6 Дулааны ачаалал, хэрэглээг тооцсон тоо хэмжээ;

2.3.7 Хэрэв бусдын өмчлөлийн дулааны шугам, тоног төхөөрөмжид барилга байгууламжийг холбох бол тухайн өмчлөгчтэй зөвшилцсөн бичиг;

2.4 Техникийн нөхцөл олгогч нь иргэн, хуулийн этгээдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор иргэн хуулийн этгээдийн хамт төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбогдох техникийн боломж, хамгаалалтын зурвас зөрчсөн эсэхийг газар дээр нь тодорхойлж, хүчин чадал, сүлжээний гидравлик тооцоо, шаардлагатай өргөтгөл, шинэчлэлийн ажлуудыг төлөвлөн, холбогдох зардлын тооцоог хийж судалж шийдвэрлэнэ.

2.5 Хүссэн хүчин чадлын үнэн зөв, эсэхийг тодруулах хуудас бөглөсөн иргэн, хуулийн этгээд хариуцах бөгөөд техникийн нөхцөл олгохдоо түгээх сүлжээний ачаалал, тухайн бүс нутгийн өсөн нэмэгдэх дулааны хэрэглээ, хэтийн төлөвтэй уялдуулан шийдвэрлэнэ.

2.6 Техникийн нөхцөлийн хүчинтэйбайх хугацааг объектын хүчин чадал, барилга, угсралт гүйцэтгэх ажлын тоо хэмжээнээс хамааран 1-3 жилээр тогтооно.

2.7 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдэд шинээр техникийн нөхцөл олгохдоо халаалт, хэрэгцээний халуун усны системд дулааны тоолуур суурилуулах, дулааны тоолуур суурилуулах техникийн боломжгүй барилга, байгууламжийн хэрэгцээний халуун усны системд усны тоолуур зайлшгүй суурилуулах талаар тусгаж зураг, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

2.8 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих иргэн, хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгохдоо ашиглалт, үйлчилгээг дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх талаар тодорхой тусгасан байна.

2.9 Техникийн нөхцөлийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно. Үүнд:

2.9.1 Техникийн нөхцөл авахын тулд дулааны эрчим хүчний хэрэглээний техникийнөгөгдлүүдээ зориуд буруу тодорхойлсон нь тогтоогдсон.

2.9.2 Холболт хийх цэгийн хүчин чадлаас хэтрүүлэн техникийн нөхцөл олгосон.

2.9.3 Техникийн нөхцөлийн хүчинтэй байх хугацаанд тухайн объект ашиглалтад орж, дулааны сүлжээнд холбогдоогүй.

2.10 Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөлд заасан хугацаанд тухайн объектоо түгээх сүлжээнд холбох боломжгүй бол техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаа дуусахаас 2 сарын өмнө сунгуулах хүсэлтийг гаргана. Хугацаа дууссан техникийн нөхцөлийг хүчингүйд тооцно.

2.11 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдийн техникийн нөхцөл авах хүсэлтийг шийдвэрлэсэн хугацаа, үндэслэл зэргийг өөрийн цахим хуудсанд сар бүр нийтэлнэ.

2.12 Тусгай зөвшөөрөл эзэмшигч техникийн нөхцөл олголтын талаарх мэдээг тогтоосон маягтын дагуу улирал тутам ЭХЗХ-нд хүргүүлнэ.

2.13 Хугацаа дууссан техникийн нөхцөлөөр зураг төсөл боловсруулах, барилга байгууламж барихыг хориглоно.

Гурав. Санхүүгийн нөхцөл

3.1 Иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу техникийн нөхцөл батлагдсан тохиолдолд дулааны хэрэглээний төрөл (уур, ус), хүчин чадлаас хамааруулан Эрчим хүчний зохицуулах хорооноос хянасан аргачлалын дагуу тооцсон техникийн нөхцөл олгох төлбөр төлнө.

3.2 Иргэн, хуулийн этгээд нь өөрийн объектыг сүлжээнд холбох үеийн ажлын байр бэлдэх, тасалж салгах, тоолуур, хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулах зэрэг үйлчилгээний төлбөрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос хянасан тарифын дагуу төлнө.

3.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өсөн нэмэгдэх дулааны хэрэглээг хангах зорилгоор өөрийн эзэмшлийн дулаан дамжуулах төв, дулааны шугам, тоноглолыг өргөтгөх үүрэгтэй.

3.4 Тухайн объектыг дулаан түгээх сүлжээнд холбохын тулд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн харьяа дулаан дамжуулах төвийн хүчин чадал, дулаан түгээх сүлжээг зайлшгүй өргөтгөхтэй холбогдон гарах зардлыг объектоо холбуулах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд бүрэн хариуцна.

3.5 Тухайн объект нь техникийн нөхцөлийн дагуу хэрэглэгчийн өмчлөлийн дулааны шугам сүлжээ, дулаан дамжуулах төв, тоног төхөөрөмжөөс холбогдох нөхцөлд тухайн шугам сүлжээ, дулаан дамжуулах төв, тоног төхөөрөмжийг угсрахтай холбогдон гарсан анхны хөрөнгө оруулалтын зардлыг тухайн хэрэглэгчийн шугамын урт болон дулааны ачааллын эзлэх хувиар тооцон ногдуулж болно.

3.6 Шинээр объект холбуулж буй иргэн, хуулийн этгээд нь бусдын өмчлөлийн дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж хүчин чадал, шугам сүлжээг өргөтгөх, нэмэгдүүлэх, холболтын схемийг өөрчлөх тохиолдолд гарах зардлыг бүрэн хариуцна.

3.7 Барилга угсралтын ажил дууссан боловч объект бүрэн ашиглалтад орох хүртэл түр холболтоор дулаан хэрэглэх тохиолдолд уг хугацаанд хэрэглэсэн дулааны үнийг иргэн, хуулийн этгээд техникийн нөхцөл олгогчид төлсөн байна. Түр дулаан авч байгаа хэрэглэгч нь бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлийн дулааны сүлжээ, дулаан дамжуулах төвөөс холбогдсон бол техникийн нөхцөл олгогч нь уг хэрэглэгчийн төлбөрийг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дулааны төлбөрөөс хасаж тооцно.

3.8 Иргэн хуулийн этгээд нь газар доорх инженерийн шугам сүлжээг дайран гарах болон зам талбай, бут сөөг, зүлэг мод эвдэх, тайрах, тэдгээрийг нөхөн сэргээхэд гарах зардлыг дулааны шугам барих зураг төсөлд тусгуулж, гүйцэтгүүлсэн байна.

3.9 Дулааны эрчим хүч хэрэглэгч нь олгосон техникийн нөхцөлийн дагуу өөрийн эзэмшлийн дулааны шугам тоноглолоос шинээр хэрэглэгч холбуулах үүрэгтэй бөгөөд өөрийн шугамаас хэрэглэгч холбох үйл ажиллагаанаас ашиг олох зорилгоор бизнес үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

3.10 Шинээр объект холбуулж буй иргэн, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлийн дулаан дамжуулах төвийн хүчин чадал, дулаан түгээх сүлжээг өргөтгөсөн бол өргөтгөсөн тоног төхөөрөмж, шугам сүлжээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлд үлдэнэ. Харин хэрэглэгчийн өмчлөлийн дулааны шугам сүлжээ, дулаан дамжуулах төв байгууламж, тоног төхөөрөмжийг өргөтгөсөн бол хамтын эзэмшилд байна.

Дөрөв. Объектыг дулаан түгээх сүлжээнд холбох ажиллагаа

4.1 Техникийн нөхцөлд тусгасан шаардлагыг хангасан объектыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн холбогдох мэргэжилтний хяналтан дор төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбоно. Тус объектын дулааны шугам, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээр хянуулж батлуулсан зураг, төслийн дагуу хийж гүйцэтгэсэн байна.

4.2 Дулааны сүлжээнд объектоо холбуулах иргэн, хуулийн этгээд нь дор дурдсан баримт, материалыг бүрдүүлэн объектыг холбуулахад бэлэн болсон тухайгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид албан ёсоор мэдэгдэнэ. Үүнд:

4.2.1 Объектын дулааны шугам, тоног төхөөрөмжийн угсралтын ажлын гүйцэтгэлийн зураг, схем, далд ажлын болон угаалт, шахалт, дүүргэлтийн актууд;

4.2.2 Шинээр суурилуулсан дулааны тоолуурын угсралтын акт түүний баримт бичиг, тоолуур суурилуулсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулбар;

4.2.3 Объектыг сүлжээнд холбох үеийн ажлын байр бэлдэх, тасалж салгах, тоолуур, хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулах зэрэг үйлчилгээний төлбөрийг төлсөн баримт.

4.3 Дулааны шугам сүлжээнд энэхүү журмын 4.2.-д заасан материал нь бүрдсэн объектыг холбох ажлыг жил бүрийн 03 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 01-нийдотор хийнэ.

4.4 Дээрх хугацаанаас бусад үед /гадна агаарын температур -15°С-аас илүү хүйтэрсэн/ шинээр шугам, тоноглол, барилга объектыг дулаанд холбох шаардлага гарвал техникийн нөхцөл олгох комиссын дүгнэлтийг үндэслэн зохих бэлтгэлийг хангуулжхөтөлбөрийн дагуу гүйцэтгэнэ.

4.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн объектыг төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох ажлыг иргэн, хуулийн этгээдийн саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор хийж гүйцэтгэнэ. Энэ хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн техникийн комисс ажиллах ба шинэ хэрэглэгчийн дулааны тоног төхөөрөмжийг хянаж батлуулсан зургийн дагуу бүрэн угсарсан, эсэхийг шалгаж, тоолуур хэмжих хэрэгслийг лацдаж битүүмжлэндулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулна.

4.6 Нийтийн эзэмшлийн орон сууцны барилгыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбохдоо иргэн, хуулийн этгээдийн дулаан дамжуулах төв, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлж өгөхөөр хийсэн гэрээг үндэслэн холбоно.

Тав. Хариуцлага

5.1 Иргэн, хуулийн этгээд нь өөрийн хэрэглээний өгөгдлүүдээ зориуд болон санамсаргүй байдлаар буруу тодорхойлон техникийн нөхцөл батлагдснаас гарсан хохирлыг өөрөө хариуцна.

5.2 Техникийн нөхцөлийг үндэслэл муутай эсвэл буруу боловсруулж олгосноос иргэн, хуулийн этгээдэд учирсан шууд хохирлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.

5.3 Холболтын журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд Эрчим хүчний тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ

 

 

----оОо----

  

Төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд

мөрдөх холболтын журмын хавсралт

ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ТЕХНИКИЙН

НӨХЦӨЛ ОЛГОХ ТОДРУУЛАХ ХУУДАС

Огноо Дугаар Улаанбаатар хот

1. Техникийн нөхцөл авахаар хүсэлт гаргаж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэний нэр хаяг, утас . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

2. Техникийн нөхцөл авах объектийн байршил, хаягийн тодорхойлолт. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

3. Техникийн нөхцөл авах болсон шалтгаан. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

5. Хэрэглэгчийн зэрэглэл, ажлын горим . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

6. Цаашид өргөтгөх бол эхлэх, дуусах хугацаа, хүчин чадал (өргөтгөх бол хэзээ, ямар хүчин чадал нэмэгдэх Гкал/ц) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

7. Орон нутгийн засаг захиргааны газар олголтын тогтоолын дугаар, огноо

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

8. Техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаа . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

 

 

 

ТОДРУУЛАХ ХУУДАС БИЧСЭН .......................................... (нэр)

 

 
 
Саналаа доорх цахим шуудангаар явуулна уу.
bat-erdene.b@erc.mn
Утас: 11-319312, 11-319396