» ДУЛААНААР ЗОХИЦУУЛАЛТТАЙ ХАНГАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ, ХЭРЭГЛЭГЧ ХООРОНДЫН АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ

ДУЛААНААР ЗОХИЦУУЛАЛТТАЙ ХАНГАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ, ХЭРЭГЛЭГЧ ХООРОНДЫН АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ

2017 оны 11 сарын 14,    167
ТӨСӨЛ
ДУЛААНААР ЗОХИЦУУЛАЛТТАЙ ХАНГАХ ТУСГАЙ 
ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ, ХЭРЭГЛЭГЧ ХООРОНДЫН АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч-хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн зорилго нь Монгол улсын Эрчим хүчний тухай хуульд заасан дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс /цаашид "Хангагч” гэх/ хэрэглэгчийг дулаанаар хангахтай холбогдож үүссэн гэрээний нөхцөл, түүнд тавигдах шаардлага, үйлчилгээний түвшин, чанарын үзүүлэлт, төлбөр тооцооны нөхцөлийг тусгасан хэм хэмжээг тодорхойлоход оршино.
ХОЁР. Гэрээний нөхцөл, шаардлага
2.1. Монгол улсын Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, Төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох дүрэм, Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам, Холболтын журам энэхүү дүрэм болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд "Хангагч-Хэрэглэгч дулааны эрчим хүчээр хангах гэрээ” байгуулна.
2.2. Иргэн, хуулийн этгээд дулааны эрчим хүчээр хангах авах гэрээ байгуулахаас өмнө дараах шаардлагыг хангасан байна.
2.2.1. хангагчаас олгосон техникийн нөхцөлийн шаардлагыг хангасан байх,
2.2.2. хэрэглэсэн дулааны тооцоог нийлж баталгаажуулж, өр төлбөрөө бүрэн барагдуулсан байх,
2.2.3. шугам сүлжээний эзэмшлийн заагийг хоёр тал харилцан тохиролцож баталгаажуулсан байх,
2.2.4. тоолуур, хэмжих хэрэгслийг шалгаж эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байх,
2.2.5. Дулааны шугам сүлжээ, тоноглолд хийх засвар үйлчилгээг зохих журмын дагуу хийж, аюулгүй, найдвартай байдлыг хангасан байх,
2.2.6. Дулааны шугам сүлжээний хамгаалалтын зурваст хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй байх
2.3. Иргэн (айл өрх)-тэй байгуулах дулааны эрчим хүчээр хангах гэрээнд дараах нөхцөлийг тусгана.
2.3.1. дулааны тоо хэмжээ, төрөл,
2.3.2. дулааны эрчим хүчний чанар,
2.3.3. үнэ тариф, төлбөр тооцооны журам, 
2.3.4. талуудын эрх, үүрэг, хариуцлага, 
2.3.5. Дулааны эрчим хүчийг дутуу, илүү түгээснээс шалтгаалан үүссэн маргааныг шийдвэрлэх,
2.3.6. гэрээг цуцлах, нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 
2.3.7. гэрээний хугацаа, 
2.3.8. шаардлагатай гэж үзвэл зарим хэрэглэгчдийн хувьд төлбөрийн батлан даалт гаргуулсан, барьцаа төлбөр төлсөн эсэх асуудлыг тусгах,
2.3.9. эзэмшлийн зааг /бүдүүвч, зургийн хамт/, 
2.3.10. хэрэглэгчийн шаардлагатай мэдээлэл, 
2.3.11. дулааны төлбөр төлөх цэгүүд, 
2.3.12. хангагчийн эрх бүхий ажилтнуудын хаяг, утас, 
2.3.13. дулааны төлбөрийн тухай хангагчийн тодорхойлолт,
2.3.14. иргэний үнэмлэх, газрын гэрчилгээ, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний баталгаат хуулбар зэргийг хавсаргасан байна, 
2.4. Хуулийн этгээдтэй байгуулах дулааны эрчим хүчээр хангах гэрээнд энэ зүйлийн 2.3-т зааснаас гадна дараах нөхцөлийг тусгана.
2.4.1. дулааны хэрэглээний горим /сар, жилээр/,
2.4.2. техникийн өгөгдлүүд, 
2.4.3. Төлбөр тооцооны хэрэгслийн байршил, ашиглалтанд хүлээн авсан тухай протокол, акт  
2.4.4. хэрэглэгч хуулийн этгээдийн төлбөрийн чадварын талаар харилцагч банкны байгууллагаас гаргасан баталгаа болон тэдгээрийн харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа, 
2.4.5. эзэмшлийн заагаас тоолуур, төлбөр тооцооны хэрэгсэл хүртэлх алдагдлыг тодорхойлсон тооцоолол, алдагдлын хувь хэмжээ,
2.5 Дулааны эрчим хүчээр хангах гэрээнд тусгагдсан дулааны тоолуур, усны тоолуурын заалт, барилгын эзлэхүүн, талбай, дулааны тоног төхөөрөмжийн зураг төслийн тооцоот хүчин чадал, хүний тоо нь төлбөрийн тооцоо хийх үндэслэл болно.
2.6 Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд дулааны тоолуурыг ашиглах бөгөөд дулааны тоолуур суурилуулах техникийн боломжгүй хэрэглэгчдийн хэрэгцээний халуун ус халаасан дулааны төлбөр тооцоонд усны тоолуурыг ашиглана.
2.6.1. Хэрэгцээний халуун усны систем нь дулааны сүлжээний 2 дугаар хэлхээнээс буюу ус, дулаан дамжуулах төв, цогц төхөөрөмжийн дараагаас холбогдсон, буцах шугамтай хэрэглэгчийн халуун усны системийг "дулааны тоолуур суурилуулах техникийн боломжгүй хэрэглэгч” гэж үзнэ.
2.6.2 Хэмжих хэрэгслийн загварын туршилтад тэнцэж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, улсын баталгаажуулалтад хамрагдсан, стандартын дагуу суурилагдсан халуун усны зарцуулалтыг хэмждэг хэмжүүрийг хэрэгцээний халуун ус халаасан дулааны төлбөр тооцоонд ашиглана.
2.6.3  Шинээр суурилуулсан болон өөрчлөн сольсон дулаан, усны тоолуурыг тооцоонд хүлээн авахдаа 72 цагийн туршилт хийсэн бичилт, тооцоонд хүлээж авсан тухай акт, тоолуур суурилуулсан протокол, тоолуурын баталгаажилтын гэрчилгээ зэрэг бүрдлийг хангуулсаны дараа төлбөр тооцоонд ашиглана.
2.6.4  Тоолуурыг баталгаажуулах болон бусад шалтгаанаар салгах бол хангагч, хэрэглэгчийн эрх бүхий төлөөлөгчийг байлцуулан лац, ломбоны бүрэн бүтэн байдал болон бусад зүйлийг шалган акт үйлдэнэ.
2.7  Айл өрхийн халаалтын төлбөрийг тооцохдоо дулааны тоолуур суурилуулах боломжтой тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн 31.1 дэх заалтын дагуу дулааны тоолуураар тооцох, дулааны тоолуур суурилуулах боломжгүй тохиолдолд Монгол Улсын MNS 6058:2009 стандарт /Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал/-д заасан сууцны зориулалттай болон сууцны бус зориулалттай талбайн нийлбэрээр тооцно. Уг стандартын холбогдох заалтыг үндэслэн айл өрхийн халаалт тооцох талбайн хэмжилтийг хийнэ.
2.8  Аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар баригдсан барилгын, халаалтын төлбөрийг дулааны тоолуур суурилуулах боломжгүй тохиолдолд эзлэхүүнээр тогтоохдоо тооцно. Тухайн барилгын халаалтын төлбөр тооцох эзэлхүүнийг өрөөний урт, өргөн, өндөр /давхрын бодит өндөр/ийн хэмжээгээр буюу хана, тааз, шал хоорондын цэвэр зайгаар тодорхойлно. Анхны батлагдсан зургаас өөр зориулалтаар уг барилгыг ашиглах бол мэргэжлийн байгууллагын дүгнэлт, дулааны эрчим хүчээр найдвартай хангах техникийн хувьд боломжтой эсэх тооцоог үндэслэн эх үүсвэрийг тогтооно.
2.9  . Дулааны эрчим хүчний үйлчилгээний тарифыг халаалтын төлбөр тооцох талбайн хэмжээнд үндэслэн тогтооно.
2.10. Дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний ээлжит их засварын үед хэрэгцээний халуун усаар хэрэглэгчийг хязгаарласан тохиолдолд хязгаарласан хоногт ногдох дулааны үйлчилгээний тарифыг тухайн сарын дулааны үйлчилгээний тарифаас хасаж тооцно.
2.11  Орон сууцны барилгын орцны халаалтын төлбөрийг халаах хэрэгсэл бүхий давхрын талбайн хэмжигдэхүүнээр тооцох ба Сууц өмчлөгч нь орцны халаалтын төлбөрийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасны дагуу харъяа сууц өмчлөгчийн холбоогоор дамжуулан тухайн барилгын ашиглалт, үйлчилгээ хариуцах эрх бүхий мэргэжлийн байгууллагад төлнө. /Эрх бүхий мэргэжлийн байгууллага гэж ТЗ-тэй хуулийн этгээдийг хэлнэ. /
2.12 Хэрэглэгч нь барилга байгууламжийг өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх тохиолдолд шинэ эзэмшигч нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр тооцоог дуусгасан тухай хангагч байгууллагаас тодорхойлолт авсан байна.
2.13. Дулаанаар хангагдаж буй барилга байгууламжийг өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлвэл хангагчтай байгуулсан гэрээг 7 хоногийн өмнө цуцалж, төлбөр тооцоог дуусгасан байна.
2.14. Хангагч, хэрэглэгч нь дулаанаар хангах гэрээг жил бүрийн халаалтын улирал эхлэх хугацаанд буюу Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон хугацаанд байгуулж мөн тогтоосон халаалтын улирал дуусахад гэрээг  дүгнэж, тооцоо нийлэн акт үйлдэнэ.
2.15. Хангагч нь дулааны үнэ, тарифт өөрчлөлт орсон талаар түүнийг мөрдөж эхлэхээс  15- аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчдэд мэдэгдэнэ. Хэрэглэгч нь энэ тухай мэдэгдсэнээс хойш 15 хоногийн хугацаанд багтаан гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь уг өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй.
2.16. Хэрэглэгчийн шугам сүлжээний заагийг тухайн шугам сүлжээний өмчлөлийн харъяаллаар тогтооно. 
2.17. Дулааны тасалдлаас учирсан шууд ба шууд бус хохирлыг нөхөн төлөх талаар дулаанаар хангах гэрээнд тодорхой тусгасан байна.
2.18. Хангагч нь хэрэглэгчийн хүсэлтээр төлбөртэй үйлчилгээг үзүүлж болно. Үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээг "Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан "Тарифын зохицуулалтын бус төлбөрт үйлчилгээний журам”-ын дагуу тооцно.
2.19 Эрчим хүчний  тухай  хуулийн  30.1.11–д  заасны  дагуу  хэрэглэгчийн  дулааны шугам, тоног төхөөрөмжөөр   дамжуулан  бусад  хэрэглэгчид  дулааны  эрчим  хүч  дамжуулсан тохиолдолд  үйлчилгээний  төлбөрийг тухайн хэрэглэгчийн ашиглах дулааны тоног төхөөрмжийн элэгдэл, хорогдлын шимтгэлийн хэмжээг баримтлан тооцно. 
2.20. хэрэглэгч нь техникийн хувьд боломжтой бол хангагч байгууллагаа сонгон үйлчлүүлэх эрхтэйгээр аж ахуйн харилцаанд оролцоно.
ГУРАВ. Үйлчилгээний түвшин
3.1. Хангагч нь хэрэглэгчийг аж ахуйн гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын  шаардлага хангасан дулаанаар найдвартай хангана.
3.2. Хангагч нь дулааны тасалдлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, машин механизм, хүн хүч, тоног төхөөрөмжийг байнгын бэлэн байдалд байлгана.
3.3. Хэрэглэгчийн захиалгаар ажил гүйцэтгэхэд бусад хэрэглэгчийн дулаан хангамжийг түр хугацаагаар түдгэлзүүлэх шаардлагатай бол түдгэлзүүлэхээс 24-өөс доошгүй цагийн өмнө хэрэглэгчид мэдэгдэнэ.
3.4  Дулааны төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид 24-өөс доошгүй цагийн өмнө мэдэгдэнэ. 
3.5. Хэрэглэгчид соёлтой үйлчилж, тэдний эрх ашигт нийцсэн төрөл бүрийн мэргэжлийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулна. 
ДӨРӨВ. Дулааны эрчим хүчний чанарын үзүүлэлт
4.1. Хангагч нь дараах стандартуудаас гадна холбогдох барилгын норм ба дүрэм болон бусад эрх зүйн хэм хэмжээг мөрдлөгө болгон ажиллана.
4.1.1. дулааны эрчим хүч. Нэр томъёо, тодорхойлолт MNS 5085:2001;
4.1.2. орон сууц, олон нийтийн барилга. Өрөөний бичил уур амьсгалын үзүүлэлт MNS 5825:2007;
4.1.3. орон сууцны барилга-халаалтын дулааны эрчим хүчний хувийн 
зарцуулалтыг тодорхойлох арга MNS 5827:2007
ТАВ. Дулааны эрчим хүчний төлбөр, тооцоо
5.1. Хангагч, хэрэглэгч нь төлбөр тооцоондоо ЭХЗХ-оос баталсан үнэ тарифыг мөрдөнө. ЭХЗХ-оос баталсан үнэ тарифаас өөр үнэ тариф мөрдөхийг хориглоно.
5.2. Аливаа барилга байгууламж, орон сууц нь дулааны тоолуур суурилагдаагүй бол дулааны эрчим хүчний төлбөр тооцоог энэхүү журамд заасны дагуу эзлэхүүн болон талбайн хэмжигдэхүүнээр гэрээний дагуу тооцно. Орон сууцны барилгыг зориулалтаар нь ашиглаж, хүн амьдарч байгаа бол талбайн хэмжигдэхүүнээр, үүнээс бусад нөхцөлд эзлэхүүнээр тооцно.
5.3. Нийтийн зориулалттай орон сууцны барилгын зориулалтыг өөрчлөн тусгайлан хаалга гадагш гаргаж аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа бол үйл ажиллагаа явуулж байгаа талбайгаас эзлэхүүнээр, бусад хүн амьдарч буй талбайгаас талбайн хэмжигдэхүүнээр тооцно.
5.4. Тусгайлан гадагш хаалга гаргалгүйгээр орон сууцандаа өргөтгөл хийж талбайгаа томсгон хүн амьдарч байгаа бол талбайн хэмжигдэхүүнээр, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа бол эзлэхүүнээр тооцно.
5.5. Орон сууцны Барилгын подвалд халаах хэрэгсэл /регистр, агаар халаагч фанкойл гэх мэт/ суурилагдсан тохиолдолд аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа бол эзэлхүүнээр, авто зогсоолын зориулалтаар ашиглаж байгаа бол талбайн хэмжигдэхүүнээр тооцно. 
5.6 Подвалд халаах хэрэгсэл суурилуулаагүй бөгөөд барилгын дулааны гол зангилаа, тараалтын шугамын дулаалга холбогдох норм дүрэм, стандарт /"Тоног төхөөрөмж ба дамжуулах хоолойн дулаан тусгаарлалт/-д нийцээгүй, дулаан солилцоо явагдаж байгаа тохиолдолд халаалтын төлбөрийг талбайн хэмжигдэхүүнээр тооцно.
5.7. Подвалд халаах хэрэгсэл суурилуулаагүй бөгөөд барилгын дулааны гол зангилаа, тараалтын шугамын дулаалга холбогдох норм дүрэм, стандарт /"Тоног төхөөрөмж ба дамжуулах хоолойн дулаан тусгаарлалт/-д нийцсэн тохиолдолд актаар баримтжуулан гэрээнд тусгаснаар халаалтын төлбөр тооцохгүй.
5.8.Эзэмшлийн зааг дээрээ хэмжих хэрэгсэл бүхий үйлчилгээтэй орон сууц, оффиссын барилгыг хэсэгчлэн өмчилсөн тохиолдолд халаалтыг дангаар өмчилсөн болон дундын эзэмшлийн ногдох хэсгийн талбайн нийлбэрээр, хэрэгцээний халуун усны хэрэглээг БОНХАЖЯ-ны сайдын тушаалаар "Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны норм батлах тухай” баталсан усны жишиг нормын дагуу үйл ажиллагааны зориулалтаас хамааруулан тооцно.
5.9.  Нийтийн авто зогсоол эзэмшигч буюу өмчлөгч нь өөрийн эзэмшлийн зогсоолын болон дундын эзэмшлийн өөрт оногдох хэсгийн халаалтын төлбөрийг хариуцна.
5.10 Дулааны тоног төхөөрөмж, шугам, сүлжээ эвдэрч гэмтсэнээс байрны халаалтыг хаасан тохиолдолд хаасан хоногт /цагт/ ногдох халаалтын төлбөрийг тухайн сарын хэрэглэгчийн халаалтын төлбөрөөс хасаж тооцох бөгөөд уг төлбөрийг буруутай байгууллага /этгээд/ нь хариуцна.
5.11  Хэрэглэгчийн дулааны тоног төхөөрөмж дээр суурилуулсан нэмэлт усны тоолуурын заалтыг үндэслэн нэмэлт устай хамт алдагдаж байгаа дулааны энерги болон нэмэлт усны төлбөрийг хэрэглэгчээс тооцон авна.
5.12 Дулааны эрчим хүчээр хангагдаж байгаа хэрэглэгч нь сүлжээний буцах усны халууныг батлагдсан графикаас 4 хэмээс дээш хэмжээгээр өндөржүүлсэн тохиолдолд өндөржүүлсэн хэмд ногдох ашиглахгүй буцаасан дулааны үнийг тооцож буцах усны температур өндөржсөнд ногдох дулааны төлбөрийг бусад хэрэглэсэн дулааны төлбөрийн нэгэн адил төлүүлнэ.
5.13 Дулааны эрчим хүчний тооцоог тоолуураар хийж байгаа хэрэглэгчийн хэрэглэсэн дулааны эрчим хүчний тоо хэмжээн дээр "Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”, "Тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-ийг үндэслэн дулааны шугамын алдагдлыг 5% нэмж тооцно.
5.14. Дулааны тоолуургүй, эсхүл усны тоолуургүй хэрэглэгчийн салхилуулга, ахуйн ба технологийн хэрэгцээний халуун усыг халаасан дулааны эрчим хүчийг тодорхойлохдоо тухайн барилга объектын хянагдсан зураг төслийн хүчин чадлын 75 хувиар тооцно.
5.15. Өөрийн тусгайлсан зураг төслөөр баригдсан барилга, объект бүхий дулааны тоолуургүй, эсхүл усны тоолуургүй хэрэглэгчдэд энэ дүрмийн 5.14 дэх заалт нэгэн адил хамаарна.
ЗУРГАА. Маргаан шийдвэрлэх
6.1.  Төлбөр тооцооны хэмжих хэрэгсэлтэй холбогдсон маргааныг хэмжил зүйн улсын байцаагч, төлбөр тооцоотой холбоотой маргааныг харъяалалын дагуу хангагч байгууллага тус тус шийдвэрлэнэ. Төлбөр тооцоотой холбоотой маргааныг хангагчийн зүгээс шийдвэрлэсэн шийдвэрийг хэрэглэгч эс зөвшөөрвөл ЭХЗХ-нд хандан шийдвэрлүүлж болно.
6.2. Хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэл банкинд очсоноос хойш алданги тооцож эхлэх болон дулааны эрчим хүчээр түдгэлзүүлж эхлэх хоногуудыг тус тус хэрэглэгчтэй байгуулж буй гэрээгээр зохицуулна.
6.3.  Дулааны болон усны тоолуур нь ашиглалтын явцад гэмтэх, эвдрэх, 
тоолуурын тэжээлийн доголдол гарах нь хэрэглэгчээс шалтгаалаагүй болохыг 
хэмжүүрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон тохиолдолд усны 
тоолуураар тооцдог бол өмнөх 3 сарын дунджаар, дулааны тоолуураар тооцдог бол 
халаалтын улиралд /тухайн хэрэглэгчийн дулааны ачаалалд өөрчлөлт ороогүй бол/ 
өмнөх оны тухайн сарын дулааны хэмжээг гадна агаарын температураас 
хамааруулан, халаалтын бус улиралд гэмтэл гарсан бол тухайн улирлын хамгийн их 
хэрэглээгээр тус тус нөхөн тооцно
6.4 Дулааны болон усны тоолуур нь ашиглалтын явцад холболт, тохируулгын буруутай үйлдэл, тоолуурыг дур мэдэн таслах, лац ломбо гэмтээсэн болон гадны нөлөөллөөр заалт буруу гарсан бол илэрсэн зөрчлийн талаарх нотлох баримтыг (зураг, дуу, бичлэг) бүрдүүлж, акт үйлдэн тоолуурын заалтыг хэрэгсэхгүй болгон төлбөрийг зураг төслөөр тооцсон хүчин чадлыг үндэслэн /задгайгаар/ нөхөн тооцно. Хэрэгцээний халуун усны хүчин чадал нь зураг төсөлд тусгагдаагүй бол Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолыг үндэслэнэ.
6.5. Хангагчийн эрх бүхий ажилтан нь тухайн хэрэглэгчийн тоолуурын лац ломбоны бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хянаж сард 2-оос доошгүй удаа тоолуурын тооцооны хуудас дээр параметрийн тэмдэглэгээ хийж хэрэглэгчийн эрх бүхий төлөөлөгчийн гарын үсгээр баталгаажуулна. Энэхүү хуудсыг үндэслэн сарын төлбөр тооцоог хийх бөгөөд үүнээс гадна энэ нь буцах усны температурын өндөржилтийг тооцох үндсэн баримт болно.
6.6. Хэрэглэгч дулаанаар хангагдах барилга байгууламжийн эзлэхүүн, талбай, хэрэгцээний халуун усны ачааллыг гэрээнд зөв тусгуулаагүй болон холболтыг өөрчлөх, эзлэхүүн, талбайг нэмэх, багасгасан нь илэрсэн бол энэ тухай акт үйлдэн дээрх зөрчилд нөхөн төлбөр ногдуулна. Нөхөн төлбөрийг тооцох хугацааг тодорхойлох боломжтой бол холбогдох баримтыг хавсаргах ба хугацааг тодорхойлох боломжгүй нөхцөлд дулаан авахаар гэрээнд заасан хугацаанаас эхлэн нөхөн төлбөр ногдуулна.
6.7. Хэрэглэгч төлбөр тооцооны талаар маргаантай асуудлаар санал, хүсэлтээ дараа сарын 10-ны дотор албан бичгээр хангагч /эрх бүхий мэргэжлийн байгууллага/-д тавьж шийдвэрлүүлнэ.
6.8. Хэрэглэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс үүссэн хуримтлагдсан өр авлагын асуудлыг хангагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.
6.9. Дулаан хангамжийн горимын зөрчил, шугам тоног төхөөрөмжийн гэмтэлтэй холбоотой хэрэглэгчийн санал гомдлыг 7 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгнө.
6.10. Хэрэглэгчийн халаалтын болон халуун ус хангамжийн тоноглол, шугам хоолойн гэмтэл, аваар осолтой холбоотой гомдлыг хугацаа алдалгүй тогтоож  түргэн шуурхай шийдвэрлэнэ. 
6.11. Дулаан хангамжийн талаарх хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрлэнэ. 
ДОЛОО. Дүрмийн биелэлтэнд тавих хяналт,
хүлээлгэх хариуцлага
7.1. Энэхүү дүрмийн биелэлтэнд хангагч, хэрэглэгч талууд болон Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, хэмжил зүйн улсын байцаагч хяналт тавина.
7.2. Энэхүү дүрмийг зөрчсөн этгээдэд Эрчим хүчний тухай хууль, Зөрчлийн тухай хууль холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. 

─────oOo─────


Саналаа доорх цахим шуудангаар явуулна уу.
chinzorig@erc.mn, bolormaa@erc.mn
Утас: 11-312313