» ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

2017 оны 12 сарын 01,    160
Эрчим хүчний зохицуулах хорооны 
2017 оны ... дүгээр тогтоолын хавсралт
 
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1Энэхүү журмын зорилго нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, эрчим хүчээр зохицуулалттай хангах, цахилгаан импортлох, экспортлох, эрчим хүчний барилга байгууламж барих, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, өөрчлөх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгох, сонгон шалгаруулах, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг тайлагнах, үнэлэх, дүгнэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2Энэхүү журам нь Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.
1.3Энэхүү журмыг тусгай зөвшөөрөл олгогч, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хүсэлт гаргагч  хуулийн этгээд дагаж мөрдөнө. 
Хоёр. Тусгай зөвшөөрлийн харилцааны зарчим
2.1Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулахдаа дараах зарчмуудыг удирдлага болгоно.
2.1.1Эрчим хүчний хангамж, хэрэглээний тэнцэл хангагдсан байх; 
2.1.2Техникийн хувьд найдвартай, аюулгүй, үр ашигтай горим ажиллагааг хангасан байх;
2.1.3Эдийн засгийн ашигтай, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа зохистой хэмжээнд байх; 
2.1.4Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, цэвэр технологийг хэрэглэх буюу сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ төлөвлөгдсөн байх; 
2.1.5Аливаа хэлбэрийн татаас, санхүүгийн дэмжлэгээр хэрэгжих төслүүдийн хувьд санхүүжилтийн орчин нь тодорхой, баталгаажсан байх;
2.1.6Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах техникийн, хүний нөөцийн, санхүүгийн чадавхтай байх;
Гурав. Тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргах 
3.1. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргагч хуулийн этгээд нь эрхлэх үйл ажиллагааны төрөлтэй уялдуулан Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан баримт бичгийг бүрдүүлсэн байна. 
3.2. Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т заасан техник эдийн засгийн үндэслэлд дамжуулах, түгээх сүлжээнд холбогдох техникийн нөхцөл, Эрчим хүчний системд зэрэгцээ ажиллах боломжийг тодорхойлох горим ажиллагааны хувилбар тооцоонд өгсөн ДҮТ ХХК-ийн дүгнэлт болон шаардлагатай бусад баримтуудыг багтаан авч үзнэ.  
3.3. Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т заасан үйл ажиллагаандаа ашиглах тоног төхөөрөмжийн үндсэн үзүүлэлтэд эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад авах улсын комиссын акт, дүгнэлт болон шаардлагатай бусад баримтуудыг багтаан авч үзнэ. 
3.4. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл авах өргөдлийг ЭХЗХ-ны www.erc.mn цахим хуудасны Тусгай зөвшөөрлийн цахим системд хандаж онлайнаар гаргах ба тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах мэдээллийг (цаашид "цахим систем” гэх)-д оруулж бүртгүүлнэ. 
3.5. Тусгай зөвшөөрлийн цахим системд онлайнаар гаргасан мэдээллийн үнэн зөв болохыг хуулийн этгээд бүрэн хариуцах ба шаардлагатай тохиолдолд Хорооноос эх хувийг нь шаардан авч үзнэ. 
3.6. ЭХЗХ-ны тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан нэгж тухайн хуулийн этгээдийн онлайнаар бүртгүүлсэн өргөдөл, мэдээллийн иж бүрдлийн үнэн зөв байдлыг хянах ба шаардлага хангасан өргөдлийг хүлээн авч баталгаажуулна. 
3.7. Цахим системд бүртгүүлсэн мэдээлэл алдаатай, зөрүүтэй, чанарын шаардлага хангаагүй нөхцөлд мэдээллийг тодруулах ба мэдээлэл үнэн зөв бүрдэх хүртэл тусгай зөвшөөрлийн өргөдөл баталгаажихгүй.    
3.8. Тусгай зөвшөөрлийн цахим системээс хуулийн этгээдийн өргөдлийг баталгаажуулсан талаар мэдээлэл ирэхэд тусгай зөвшөөрөл хүсэгч баримт материалыг эх хувиар ЭХЗХ-нд ирүүлнэ. 
3.9. Тусгай зөвшөөрлийн эх баримт материал хуулийн этгээдийн захирал /дарга/-ын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байх ба бүх баримт материалын хуудас дугаарлагдсан байна. 
3.10. Тусгай зөвшөөрлийн өргөдөл, баримт бичгийн иж бүрдлийг нягтлан шалгах явцад дараах нөхцөл байдал баримтаар нотлогдвол тусгай зөвшөөрлийн өргөдлийг өргөдөл гаргагчид буцаана. 
3.10.1 Хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг нотлох баримт бичиг зөрчилтэй, улсын бүртгэлийн байгууллагын мэдээллээс зөрсөн. 
3.10.2 Тусгай зөвшөөрлийн харилцааны зарчмыг хангаагүй.
3.10.3 Цахилгаан, дулаан дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл ирүүлсэн.
3.10.4 Диспетчерийн зохицуулалт эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд цахилгаан дулана үйлдвэрлэх, эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл ирүүлсэн.  
3.10.5 Тусгай зөвшөөрлийн өргөдөл, эх баримт материалын иж бүрдэл дутуу буюу Тусгай зөвшөөрлийн цахим системд бүртгүүлсэн мэдээллээс зөрсөн, зохих шаардлага хангаагүй. 
3.10.6 Техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан тоо, мэдээлэл, баримт материал зөрүүтэй, алдаатай. 
3.11. ЭХЗХ-ны тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан нэгж хуулийн этгээдийн ирүүлсэн эх баримт материалын иж бүрдэл, онлайн системд бүртгүүлсэн мэдээлэлтэй тохирч байгаа эсэхийг нягтлан шалгах ба эх баримт бичгийн иж бүрдэл шаардлага хангасан өргөдлийг үнэлэх шатанд шилжүүлнэ.
3.12. Тусгай зөвшөөрлийн цахим системд хандан өргөдөл гаргах, мэдээлэл оруулах, ЭХЗХ-ны холбогдох нэгжтэй цахимаар харилцах, мэдээлэл солилцох  заавар, гарын авлагыг ЭХЗХ-ны цахим хуудаст байршуулсан байна. 
Дөрөв. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах  ажиллагаа
4.1 Эрчим хүчний тухай хуулийн 21.8-д заасны дагуу нэг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч хуулийн этгээд энэхүү журмын дагуу өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар тусгай зөвшөөрлийг олгоно.
4.2 Сонгон шалгаруулалт хийх ажлын хэсгийг ЭХЗХ-ын даргын тушаалаар томилно. Ажлын хэсгийн гишүүд нь гадны нөлөөнд автахгүй, ашиг сонирхлын зөрчилгүй байхын зэрэгцээ сонгон шалгаруулалтад оролцож буй хуулийн этгээдүүдийн тухай мэдээлэл тараахыг хориглоно.
4.3 Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтыг хийхдээ өргөдөл гаргагч болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг дараах үзүүлэлтүүдийг үндэслэн онооны системээр үнэлнэ.
4.3.1 Ашиг, алдагдал (0-15 оноо)
4.3.2 Өр, авлагын байдал (0-15 оноо)
4.3.3 Техник, эдийн засгийн үзүүлэлтийг дээшлүүлэх талаар хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажил, түүний үр өгөөж (0-20 оноо)
4.3.4 Тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны өртөг, зардлын өсөлт, бууралт (0-20 оноо)
4.3.5 Тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай машин тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, боловсон хүчин (0-20 оноо)
4.3.6 Тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны үйл ажиллагаа эрхлэх дадлага, туршлага (0-10 оноо)
4.4 Ажлын хэсэг нь шаардлагатай гэж үзвэл энэхүү журмын 4.4.1-4.4.6-д заасан үзүүлэлтүүдийн талаархи мэдээ материалыг өргөдөл гаргагч болон тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргуулан авна.
4.5 Ажлын хэсэг нь сонгон шалгаруулахтай холбогдуулан тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг бичгээр авч, уг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа талаар дүгнэлт гаргана.
4.6 Ажлын хэсэг нь өргөдөл гаргагч болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг үзүүлэлт тус бүрээр дүгнэж оноо өгөх бөгөөд нийлбэр оноог гаргана. Өргөдөл гаргагчийн авсан онооны нийлбэр нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээс илүү тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох, эсэх асуудлаар саналаа боловсруулж энэхүү журмын дагуу ЭХЗХ-ний хурлаар хэлэлцэж шийдвэрлүүлнэ.
Тав. Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг үнэлэх, хянан шийдвэрлэх 
5.1Тусгай зөвшөөрлийн өргөл хүсэлтийг үнэлэхдээ дараах тусгайлсан зарчмуудыг чиглэл болгон баримтална.
5.1.1Хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээний чанар, стандарт дээшилсэн байх;
5.1.2Бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бизнес эрх ашгийг хөндөөгүй байх;
5.1.3Адил тэгш нөхцөлөөр, шударга өрсөлдөх боломжийг дэмжихэд чиглэгдсэн байх;
5.1.4Эрчим хүчний хангамж хэрэглээний тэнцэл, түүнчлэн үйлдвэрлэгчийн болон хэрэглэгчийн тарифт үзүүлэх нөлөөллийг тооцсоны үндсэн дээр  уламжлалт болон сэргээгдэх эх үүсвэрүүдэд Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох зарчмыг баримтална.
5.1.5Цахилгаан дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авахад тодорхойлсон Техник, эдийн засгийн үзүүлэлтийг хангасан байдлыг гол шалгуур болгон авч үзнэ.
5.1.6Цахилгаан, дулаан түгээх үйл ажиллагаа эдийн засгийн хувьд үр ашигтай байх нөхцөлийг шалгуур болгон жилийн нийт түгээлт 10 сая кВтц-аас их байх, дулааны тооцоот ачаалал чадал 10 Гкал/ц-аас их байх нөхцөлд цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл олгох зарчим баримтална.
5.1.7Цахилгаан дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо "Эрчим хүчний барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс” хүлээж авсан акт, дүгнэлтийг үндэслэн олгоно.
5.2Тусгай зөвшөөрөл хүсэгчийн санхүүгийн чадавхыг үнэлэхдээ дараах үзүүлэлтүүдэд үндэслэнэ. Үүнд:  
5.2.1Төсөл хэрэгжүүлэгчийн санхүүгийн чадавхыг санхүүгийн тайлан тэнцэл, аудитын байгууллагын дүгнэлтэд үндэслэн үнэлнэ. 
5.2.2Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл хүсэгч буюу хөрөнгө оруулагчийн зүгээс тухайн төсөлд хөрөнгө оруулах тухай албан ёсны шийдвэр, санхүүжүүлэх төлөвлөгөөний хамт; 
5.2.3Төслийн нийт хөрөнгийн 10 хувиас доошгүй үнийн дүнг санхүүжүүлэх чадавхыг нотлох, аудитаар баталгаажуулсан хөрөнгө оруулагчийн сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан тэнцэл;
5.2.4Зээл олгогчоос тухайн төсөлд сонирхлоо илэрхийлсэн захидал;
5.3 ЭХЗХ-ны тусгай зөвшөөрөл болон үнэ тариф хариуцсан нэгжүүд нь тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулахдаа энэ журмын 2.1.1-2.1.6 дугаар зүйл, 5 дугаар зүйлийн 5.1-5.2-д заасныг үндэслэн үнэлж дүгнэлт гаргана. 
5.4Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг эрхлэх боломжтой эсэх нөхцөл байдлыг үнэлэх, нягтлах зорилгоор ЭХЗХ-ны холбогдох ажилтан хуулийн этгээдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах эрхтэй.  
5.5Тусгай зөвшөөрлийн өргөдлийг үнэлэх шатанд зарим мэдээллийг нягтлах, баталгаажуулах шаардлага үүсвэл нэмэлт материал шаардаж болох ба өргөдөл гаргагч хуулийн этгээд тогтоосон хугацаанд гаргаж өгөх үүрэг хүлээнэ. 
5.6 Эх баримт бичгийн бүрдэл шаардлага хангаж үнэлэх шатанд шилжсэн өргөдлийг хуанлийн 60 хоногийн дотор Хорооны хурлаар үе шаттай хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулна. 
5.7Хорооны хурлаас хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн бол уг шийдвэрийг Тусгай зөвшөөрлийн цахим системээр мэдээлнэ.
5.8Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарсан бол энэ тухай өргөдөл гаргагч хуулийн этгээдэд бичгээр мэдэгдэх ба уг албан бичигт тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэлийг дурдсан байна.
5.9Тусгай зөвшөөрлийн өргөдөл, баримт материалыг үнэлэх шатанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах шийдвэр гаргаж  болно.   
Зургаа. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага тогтоох
6.1 Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохдоо үйл ажиллагаа эрхлэхэд хангасан байвал зохих нөхцөл, үйл ажиллагаандаа зайлшгүй мөрдөж ажиллах шаардлагуудыг тогтоох ба тусгай зөвшөөрөл эзэмшигч  дагаж мөрдөх үүрэгтэй.
6.2 Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн техник, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, чанаржуулах бодит механизм болж хэрэгжинэ.  
6.3 ЭХЗХ нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хүрээнд тухайн онд мөрдөж ажиллах үйл ажиллагааны шаардлага, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг жил бүр тогтоож  Тусгай зөвшөөрлийн цахим системд байрлуулна. 
6.4  Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд энэ журмын 6.3-д заасан үйл ажиллагааны шаардлага, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг Тусгай зөвшөөрлийн цахим системд онлайнаар тайлагнана. 
6.5 ЭХЗХ-нд ирүүлсэн тусгай зөвшөөрлийн шаардлагын биелэлт үнэн зөв болохыг хуулийн этгээд бүрэн хариуцна. 
6.6 ЭХЗХ-ны Тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан хэлтэс нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн шаардлагын биелэлтийг маягтын дагуу онлайнаар болон бичгээр авч жил бүр тогтоосон аргачлалын дагуу дүгнэж, мэдээллийн санд бүртгэнэ.
6.7 Эрчим хүчний зохицуулах хороо (цаашид ЭХЗХ гэх) нь эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох ба уг нөхцөл, шаардлагад ерөнхий зүйл, тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээ, тусгай зөвшөөрлийн нөхцөл, тусгай зөвшөөрлийн шаардлага, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн  үүрэг гэсэн бүрдэл хэсгүүдийг заавал тусгасан байна. 
6.8 Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-12.1.11-д заасан тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах нөхцөлүүдийг хангасан байна.  
6.8.1 Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай тусгай зориулалтын технологийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг бүрдүүлсэн байх;
6.8.2  Мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг аюулгүй, эдийн засгийн үр ашигтай явуулах дадлага, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх;
6.8.3Үйлдвэрлэсэн, түгээсэн, хангасан эрчим хүчийг хэмжих баталгаажсан тоолуур, хэмжих хэрэгсэлтэй байх;
6.8.4Техникийн алдагдал, горим тооцоо,  борлуулалт, хэрэглэгчийн үйлчилгээний программ хангамжууд, тайлагналын системтэй байх; 
6.8.5Технологийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах багаж хэрэгсэл, машин механизмтай байх;
6.8.6Гарч болзошгүй аваарь, ослоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, аюулгүйн нөөцтэй байх; 
6.8.7Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөртэй байх, тэдгээрийг хугацаанд нь хэрэгжүүлэх;
6.8.8Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангасан, эрүүл, аюулгүй ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлсэн байх; 
6.9Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-12.1.11-д заасан тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах үүргүүдийг биелүүлнэ.  
6.9.1Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагуудыг чанд мөрдөж, биелэлтийг тогтоосон хугацаанд үнэн зөв тайлагнах үүрэгтэй.
6.9.2ЭХЗХ-ны зохицуулалттай холбоотой баталсан дүрэм, журам, аргачлалуудыг нэг бүрчлэн мөрдөж ажиллах үүрэгтэй.
6.9.3ЭХЗХ-ны зохицуулалттай холбоотой мэдээ, тайланг тогтоосон хугацаанд ирүүлнэ.
6.9.4Тусгай зөвшөөрөл эзэмшигч аваар, саатлын талаар Хорооны холбогдох ажилтанд 24 цагийн дотор мэдээлэхээс гадна аваар, саатлын талаарх тайлан дүгнэлтийг ажлын 10 хоногийн дотор ЭХЗХ-нд бичгээр ирүүлнэ. 
6.9.5Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нийлэх, нэгдэх, хуваагдах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулагдах, тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг явуулахад шаардлагатай барилга байгууламж, бусад эд хөрөнгийг өмчлөх эрхээ шилжүүлэх, барьцаалах бол ЭХЗХ-нд 30 хоногийн өмнө мэдэгдэнэ.
6.9.6Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэр, хаяг, дансны дугаар, байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулбал энэ тухайгаа өөрчлөлт оруулснаас хойш ажлын 5 хоногийн дотор  ЭХЗХ-нд мэдэгдэнэ.
6.10Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тусгай зөвшөөрлийн төрөл бүрээр нэгдүгээр хавсралтын дагуу тогтоох ба үйл ажиллагааны шаардлагыг хангаж ажилласан байдалд жил бүр дүгнэлт өгч, тусгай зөвшөөрлийн шаардлагын хүрээнд мөрдөж ажиллах зорилтыг жил бүр шинэчлэн тогтооно. 
6.11Тухайн онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоохдоо энэхүү журмын 9.1, 9.2 дахь заалтуудын хүрээнд хийгдсэн явцын хяналтын тайлан, үйл ажиллагааны доголдож байгаа үзүүлэлтүүдэд үндэслэн тогтооно.
6.12Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хүрээнд тухайн онд мөрдөж ажиллах зорилтын саналыг мэргэжилтэн боловсруулж, Хорооны хурлаар хэлэлцүүлж батлуулна.
6.13Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайн оны зорилтот үзүүлэлтүүд нийт 100 оноогоор дүгнэгдэх ба үзүүлэлт бүрд харгалзах оноо нь тухайн үзүүлэлтийн ач холбогдол, үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран харилцан адилгүй байна. 
6.14Хорооны хурлаас баталсан зорилтот үзүүлэлтийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан ЭХЗХ-ны цахим хуудсанд байрлах "Тусгай зөвшөөрлийн цахим системд” байршуулна. 
Долоо. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгох ажиллагаа
7.1 Хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн гэрчилгээг авахаас өмнө улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр, тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан үйлчилгээний төлбөр, зохицуулалтын үйлчилгээний хөлсийг Хорооны тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор ЭХЗХ-нд төлсөн байна.
7.2 Тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хорооны тогтоол, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хамт журмын 7.1-т заасан төлбөр төлсөн баримтыг үндэслэн 10 хоногт багтаан олгоно
7.3Тусгай зөвшөөрөл олгосон болон олгохоос татгалзсан, хугацааг нь сунгасан, тусгай зөвшөөрлийг шинэчилсэн, нөхөн олгосон тухай мэдээлэл Тусгай зөвшөөрлийн цахим системд бүртгэгдэж, тухай бүр мэдээлэгдэнэ.
7.4Хуулийн этгээд нь олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй шалтгаанаар нөхөн олгуулах хүсэлт гаргасан бол нотлох баримтыг үндэслэн ЭХЗХ-ны даргын шийдвэрээр гэрчилгээг 10 хоногийн дотор нөхөн олгоно.
7.4.1 Тусгай зөвшөөрөл нөхөн авахад дараах материалыг бүрдүүлнэ
7.4.2 Тусгай зөвшөөрөл нөхөн олгохыг хүссэн тухай албан бичиг
7.4.3 Тусгай зөвшөөрлийг нөхөн олгох төлбөр төлсөн баримт
7.4.4 Хүчингүй болохыг сонинд зарлуулсан зар
7.4.5Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  компаний дүрэм (нотриатаар гэрчлүүлсэн хуулбар)
Найм. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад  нэмэлт, өөрчлөлт оруулах 
8.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн оноосон нэр, байгууллагын дүрэм, тусгай зөвшөөрлийн нөхцөл өөрчлөгдсөн зэрэгтэй холбогдуулан тусгай зөвшөөрлийг өөрчлөх талаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш ЭХЗХ-ны тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан нэгж хуанлийн 30 хоногийн дотор ЭХЗХ-ны хурлаар үе шаттай хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.
8.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөл түүний нөхцөл шаардлагад өөрчлөлт оруулах хүсэлтээ шаардагдах мэдээллийн хамт ЭХЗХ-нд ирүүлнэ.
8.3 ЭХЗХ-ний тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан нэгж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ирүүлсэн өргөдөл, мэдээллийн бүрдлийн үнэн зөв байдлыг хянах ба шаардлага хангасан өргөдлийг хүлээн авч баталгаажуулна.
8.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч ЭХЗХ-нд ирүүлсэн мэдээллийн үнэн зөв болохыг бүрэн хариуцна. 
8.5 Тусгай зөвшөөрөл, түүний нөхцөл, шаардлагад өөрчлөлт оруулахад тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах баримт материалыг бүрдүүлэн ЭХЗХ-нд ирүүлэх.
8.5.1 Тусгай зөвшөөрөл, түүний нөхцөл шаардлагад өөрчлөлт оруулах хүсэлт.
8.5.2 Тусгай зөвшөөрөл, түүний нөхцөл шаардлагад өөрчлөлт оруулах үндэслэл тайлбар
8.5.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь өөрчлөн зохион байгуулагдах тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг шилжүүлэхтэй холбоотой  албан хүсэлт
8.5.4 Хуулийн этгээд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг шилжүүлэх, ашиглахтай холбоотой эрх зүйн баримт бичиг. (гэрээний нэг хувь)
8.5.5  Үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ТЭЗҮ танилцуулга мэдээлэл.
8.5.6 Үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулахад шааардагдах барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг барьцаалагч, барьцаалуулагч хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, зээлийн болон барьцааны гэрээ, тэдгээртэй холбоотой бусад нотлох баримтууд
8.5.7 Үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг барьцаалуулагчийн шийдвэр гаргах эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг барьцаалахыг зөвшөөрсөн тодорхойлолт
8.5.8  Барьцаалагч хуулийн этгээдийн тодорхойлолт
8.5.9  Барьцаалуулагчийн тодорхойлолт
8.5.10 Барьцаалагч хуулийн этгээд, барьцаалуулагч хуулийн этгээдийн компаний хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр
Ес. Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд хяналт тавих 
9.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтэд хариуцсан мэргэжилтэн хяналт тавих ба тухайн онд тусгай зөвшөөрөл эзэмшигч компани дээр ажиллах хуваарийг гаргаж батлуулсан байна.  
9.2 ЭХЗХ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн үйл ажиллагаанд дараах чиглэлээр хяналт, мониторинг хийж, дүгнэлт гаргана.  
9.2.1Тусгай зөвшөөрлийн нөхцөлүүд хангагдаж байгаа эсэх; 
9.2.2Тусгай зөвшөөрлийн шаардлагын тухайн оны зорилтын хүрээнд төлөвлөгдсөн ажлуудын хэрэгжилт;
9.2.3Нөхцөл, шаардлагад тогтоосон үзүүлэлтүүдийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх, шаардлагатай ажлууд; 
9.3Энэхүү журмын 9.1, 9.2-т заасан нөхцөлөөс гадна хэрэглэгч, иргэн, бусад хуулийн этгээдийн гаргасан санал, гомдол, хүсэлтийн дагуу ЭХЗХ-ны удирдамжаар хяналт, шалгалт хийж болно.
Арав.  Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тайлагнах, үнэлэх
10.1. Энэхүү журмын 6.10-т заасан тусгай зөвшөөрлийн шаардлагын биелэлтийг тусгай зөвшөөрөл эзэмшигч бүр өөрт олгогдсон тусгай зөвшөөрлийн нэр төрөл бүрээр тайлагнана.
10.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагааны төрөл тус бүрээр дараа  жилийн 2 дугаар сарын 20-ны дотор цахим байдлаар тайлагнана.
10.3. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тайланг "Тусгай зөвшөөрлийн цахим систем”-д хандаж  хоёрдугаар хавсралтад үзүүлсэн загварын дагуу тайлагнана. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны техник, эдийн засаг, санхүүгийн байдалд үнэлгээ өгөхөд шаардлагатай судалгаа, мэдээллийг ЭХЗХ-ны шаардсанаар цаг тухайд нь үнэн зөвөөр гаргаж өгнө.
10.4. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тайланг "Тусгай зөвшөөрлийн цахим систем”-д ЭХЗХ-ны шаардсанаар цаг тухайд хангалттай түвшинд үнэн зөвөөр гаргаж ирүүлээгүй нөхцөлд нөхцөл шаардлагын биелэлтийг "Хангалтгүй” үнэлгээтэй дүгнэх боломжтой.
10.5. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг хоёрдугаар хавсралтад заасан загварын дагуу үнэлж, "Тусгай зөвшөөрлийн цахим систем”-д мэдээлнэ. 
10.6. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг тухайн оны тогтоосон зорилт, үзүүлэлтүүдийн биелэлтэд өгсөн онооны нийлбэрээр дараах байдлаар дүгнэнэ. 
10.7 Эрчим хүчний үйл ажиллагааг бусад үйл ажиллагаатай хавсран эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хувьд зөвхөн эрчим хүчний  үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг дүгнэнэ.
Арван нэг. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах 
11.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн  22.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусахаас 180-аас доошгүй хоногийн өмнө тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг  ЭХЗХ-ны www.erc.mn цахим хуудасны Тусгай зөвшөөрлийн цахим системд хандаж онлайнаар гаргах ба тусгай зөвшөөрөл сунгахад шаардагдах мэдээллийг цахим системд оруулж бүртгүүлнэ. 
11.2 Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг тогтоосон үзүүлэлтийн дагуу жил бүр дүгнэсэн тайлан нь тусгай зөвшөөрлийн сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхэд голлох үзүүлэлт болно. 
11.3 Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологи, эдийн засаг, санхүүгийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжтой гэж дүгнэгдсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг ЭХЗХ нь Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасан хугацаагаар сунгана.   
11.4 Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлт хангалтгүй, үйл ажиллагааны үзүүлэлт зохистой төвшинд хүрээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, дүгнэлт гаргасны үндсэн дээр тусгай зөвшөөрөл сунгах, эсэх асуудлыг ЭХЗХ-ны хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
11.5 Олгосон тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, нөхцөл, шаардлага өөрчлөгдсөн, болон эрчим хүчний барилга байгууламж баригдаж дууссан талаарх мэдээллийг ЭХЗХ-ны www.erc.mn цахим хуудсаар дамжуулан мэдээлнэ.
Арван хоёр. Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх, сэргээх
12.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Эрчим хүчний тухай хууль болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ЭХЗХ-ноос зөрчлийг арилгах тухай хугацаатай үүрэг өгнө. Заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй бол эрчим хүчний хяналтын улсын байцаагч тусгай зөвшөөрөл эзэмшигчид зохих шийтгэл ногдуулж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг 3 хүртэл сараар түдгэлзүүлж болно.  
12.2 ЭХЗХ нь түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасны дагуу 3 хоногийн  дотор бичгээр мэдэгдэнэ.
12.3 Тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд ЭХЗХ-ны хурлын шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сэргээнэ.
Арван гурав. Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох
13.1. ЭХЗХ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эрчим хүчний тухай хуулиудад заасан дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
13.1.1. тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан; 
13.1.2. тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан;
13.1.3. тусгай зөвшөөрөл эзэмшигч татан буугдсан, дампуурсан;
13.1.4. тусгай зөвшөөрлийг хууль бусаар олж эзэмшсэн нь тогтоогдсон;
13.1.5. энэ журмын  6.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн боловч зөрчлийг хугацаанд нь арилгаагүй;
13.1.6. тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
13.1.7. байгаль  орчныг хамгаалах,  нөхөн  сэргээх  арга хэмжээний төлөвлөгөөг биелүүлээгүй буюу байгаль рчныг  хамгаалах  тухай хууль  тогтоомж  зөрчсөн;
13.2 ЭХЗХ тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгснөөс хойш Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасны дагуу 30 хоногт багтаан хүчингүй болгосон шийдвэр гаргана.
13.3 Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар  ЭХЗХ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасны дагуу шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ.
13.4 Тусгай зөвшөөрлийн хүчингүй болсон нь түүнийг эзэмшигч хуулийн этгээдийн байгаль орчныг нөхөн сэргээх болон бусад үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
13.5 Тусгай зөвшөөрөл олгогч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийг тасалдуулахгүй байх үүднээс бусад  тусгай зөвшөөрөл эзэмшигчээр энэхүү үйл ажиллагааг гүйцэтгүүлж болно.
Арван дөрөв. Хориглох үйл ажиллагаа
14.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. 
14.1.1 Тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх;
14.1.2 Тусгай зөвшөөрлөөр олгогдсон монополь эрхээ хууль бусаар ашиглах;
14.1.3 Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэхдээ бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчдийг ялгаварлан гадуурхах;
14.1.4 Эрчим хүчний тусгай зөвшөөрлөөр эрхэлж байгаа үйл ажиллагаанд  хор хохирол, аюул эрсдэл учруулж болохуйц бусад үйл ажиллагаа эрхлэх;
Арван тав. Бусад зүйл
15.1 ЭХЗХ-ны тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан хэлтэс нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талаарх мэдээллийг шинэчлэх, баяжуулах, холбогдох өөрчлөлтийг хийх, мэдээллийн сангийн тасралтгүй ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, байгууллага, иргэдийг мэдээллээр хангаж ажиллана.
15.2 Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй байна.
15.3 Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, түүний биелэлтэд хяналт тавих, дүгнэх, тайлан мэдээ гаргах, хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, мэдээллийн сангийн бүрдүүлэлтийг хийж тэдгээрийн үр дүнг ЭХЗХ, Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах, мэдээллээр хангах ажлыг ЭХЗХ-ны Тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан хэлтэс хариуцна.

-----оОо-----
 
 
Саналаа доорх цахим шуудангаар явуулна уу.
altantuya@erc.mn
Утас: 11-319312