» » “МАНДАЛ ГОЛОМТ” ХХК-Д ТОРГУУЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

“МАНДАЛ ГОЛОМТ” ХХК-Д ТОРГУУЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

2018 оны 01 сарын 31,    336

Говь-Алтай аймгийн төв Алтай хотын албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн дулаан хангамжийн 90 орчим хувийг дангаараа хариуцдаг "Мандал голомт” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сард нэгдсэн халаалтын II зууханд гэмтэл гарч 30 гаруй байгууллага960 айл өрхийн дулаан хангамж доголдож, хэрэглэгчдийг хохироосон асуудал гарсан. 

“МАНДАЛ ГОЛОМТ” ХХК-Д ТОРГУУЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

 

Тиймээс Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны холбогдох мэргэжилтнүүд, "ДЦС 3” ТӨХК, "Налайхын дулааны станц” ТӨХК-ийн засварчид Говь-Алтай аймагт 14 хоног ажиллаж, зуухны засвар үйлчилгээ хийх, халаалтын горимыг хэвийн болгох ажилд дэмжлэг үзүүлж, хяналт тавьж ажилласан байна. Газар дээр нь ажиллах явцад Мандал голомт ХХК нь:

-Өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангаагүйгээс нэгдсэн халаалтын II зуухны газарт аваарын байдал үүсэх нөхцөл бүрдсэн.

-Дулаан үйлдвэрлэх үйл ажиллагааг технологийн горимын дагуу явуулаагүйгээс гэмтэл гарч, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш нэг сарын хугацаанд хэрэглэгчдэд дутуу дулаан түгээсэн.

-Зуухны газруудыг цахилгааны хоёр талын тэжээл, нөөц эх үүсвэртэй болгоогүйгээс энэ оны 01 дүгээр сарын 1-ний өдөр гарсан аваар, саатлыг хугацаа алдаж арилгасан.

-Халаалтын зуух, дулааны шугам сүлжээнд усан сорилт, металл гагнуурын чанарын шалгалт хийгээгүйгээс халаалтын зуухнуудын халах гадаргуу болон шугам сүлжээнд удаа, дараа гэмтэл гардаг нь тогтоогдсон байна.

“МАНДАЛ ГОЛОМТ” ХХК-Д ТОРГУУЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2017 онд "Мандал голомт” ХХК-д удаа дараа шалгалт хийж, хугацаатай үүрэг даалгавар, Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн албан шаардлага өгч байжээ. Гэвч "Мандал голомт” ХХК энэхүү үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүйгээс зууханд гэмтэл гарч, хэрэглэгчдийг хохироосон байна. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар "Мандал голомт” ХХК-д хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж, өгсөн үүрэг даалгаврыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, халаалтын доголдлыг түргэн, шуурхай арилгаагүй, хэрэглэгчдийг чанарын шаардлага хангасан дулааны эрчим хүчээр хангаагүй тул Зөрчлийн тухай хууль болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Ерөнхий захирлыг 500 000, "Мандал голомт” ХХК-ийг 5 000 000 төгрөгөөр тус тус торгож, хугацаатай албан шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО