» » ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ, ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД АЖЛЫН ХЭСЭГ БНХАУ-Д АЖИЛЛАЛАА

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ, ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД АЖЛЫН ХЭСЭГ БНХАУ-Д АЖИЛЛАЛАА

2018 оны 04 сарын 26,    1823
Эрчим хүч хэмнэлтийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, цаашид өргөн цар хүрээнд хамтран ажиллах боломжийг тодорхойлох зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Э.Түвшинчулуунаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 04-р сарын 16- аас 19-ний хооронд БНХАУ-ын Бээжин хотноо ажиллалаа. Энэхүү  ажлыг Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /GGGI/-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ё.Энхтуяа, Улсын  Мэргэжлийн хяналтын  ерөнхий газрын   дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга Роман Брилле, мэргэжилтэн Э.Баярмаа, Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн П.Хийморьсайн болон УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, Налайхын ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү,  ДЦС-3 ТӨХ К - ийн ерөнхий инженер бөгөөд тэргүүн дэд захирал Ү.Төмөрхуяг, УБДС ТӨХК -ийн ерөнхий инженер бөгөөд тэргүүн дэд захирал Б.Батбаяр нарын хүмүүс оролцлоо.

Ажлын хэсэг БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Хятадын үндэсний стандартын институт,  Эрчим хүч хэмнэлтийн үндэсний төв, Эрчим хүчний хэмнэлтийн холбооны ЭСКО-ын хороо  зэрэг эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон холбогдох мэргэжлийн  байгууллагуудтай ажил хэргийн уулзалт, арга хэмжээг зохион байгуулж, хоёр улсын эрчим хүч хэмнэлт, үр ашгийн талаар сайн туршлагаас харилцан судлах, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр талуудын хүрээнд санал солилцсон.

Энэ уулзалтуудын талаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Нөөцийн хэмнэлт ба Хүрээлэн буй орчны хамгааллын газрын Дэд Ерөнхий захирал Ванг Шенженг хэлэхдээ саяхан 2018 оны 04-р сарын 09- өөс 12-ны хооронд БНХАУ-д Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсны айлчлал хийж хоёр улсын Засгийн газрын түвшинд олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд олон ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон. Манай Хөгжил шинэтгэлийн хорооны зүгээс Монгол Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхол байгааг дурдаад тэр дундаа эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн чиглэлээр Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран ажиллахад бэлэн гэдэгээ  илэрхийлсэн.

Хятад улс нь дэлхийн томоохон үйлдвэрлэгч орны хувьд олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүний чанар, эрчим хүчний хэмнэлт үр ашгийн стандартууд өндөр түвшинд  хүрсэн бөгөөд хэрэгжилтийн механизм хөгжсөн орон юм. Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс   Хятадын үндэсний стандартын институт болон Эрчим хүч хэмнэлтийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагуудтай эрчим хүчний хэмнэлтийн бодлого, хууль, зохицуулалт, төлөвлөлт, менежментийн системийг хэрэгжүүлэх талаар хамтрах, эрчим хүчний хэмнэлттэй технологи, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг тооцоолох олон улсын стандарт, аргачлалыг нэвтрүүлэхэд хамтарч ажиллах санамж бичиг байгуулах талаар хэлэлцэж зөвшилцөлд хүрсэн.

Хятадын үндэсний стандартын институттэй хийсэн уулзалтаар Зохицуулагч Э.Түвшинчулуун хятад улс нь манай орны хувьд эрчим хүчний тоног төхөөрөмж, ахуйн цахилгаан хэрэгсэл оруулж ирдэг томоохон импортлогчийн орны нэг. Иймд хил гаалиар оруулж байгаа бараа бүтээгдэхүүний эрчим хүчний хэрэглээнд үндэслэн шошгожуулах туршилтын хамтарсан лабораторийг бий болгох болон түүнд холбогдох стандартуудыг нутагшуулах талаар хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд хүсэлтийг тус газрын ерөнхийлөгч ноён Лю Хонгшинг таатай хүлээн авч энэ чиглэлд бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн. 
 

Энэ удаагийн ажлын айлчлалаар эрчим хүчний хэмнэлтийн бодлого болон түүний хэрэгжилтийн талаар чухал яриа хэлэлцээнүүд болсоны нэг нь БНХАУ-ын Эрчим хүчний хэмнэлтийн холбооны ЭСКО-ын хороотой хийсэн уулзалт байсан. Тус хороотой эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага, тэдгээртэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, олон улсын туршлага,  хамтын ажиллагаанд тулгуурлан Монгол улсад эрчим хүчний хэмнэлт,  үр ашгийн мэргэжлийн үйлчилгээг хөгжүүлэх, үйл ажиллагаа явуулах зах зээлийн механизмыг бүрдүүлэх чиглэлээр санал солилцож энэ хүрээнд УБЦТС ТӨХК, Налайхын ДЦС ТӨХК,  ДЦС-3 ТӨХК, УБДС ТӨХК зэрэг компаниудад Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн эрчим хүчний аудитын тайланд дурдсан эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээнүүдийг Хятад улсын эрчим хүчний мэргэжлийг үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд болон банк санхүүгийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх боломжын талаар харилцан санал солилцсон.

Мөн энэ чиглэлээр зохион байгуулалтыг ханган ажиллахад Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Хятад улс  дахь төлөөлөгчийн газрын дарга Винстон Чоав бүхий л талаар дэмжиж  хамтран ажилахаа илэрхийлсэн.