» » ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ ЖИЛД ТАВ ОРЧИМ ХУВИАР НЭМЭГДЭЖ БАЙНА

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ ЖИЛД ТАВ ОРЧИМ ХУВИАР НЭМЭГДЭЖ БАЙНА

2018 оны 05 сарын 08,    690

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхантай ярилцлаа.

-Эрчим хүчний салбарт ногоон санхүүжилтийн эрэлт хэрэгцээ, ач холбогдол нэмэгдэж байна. Хорооны зүгээс энэ чиглэлд хувийн хэвшилтэй хэрхэн түншилж байна вэ?

 ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ ЖИЛД ТАВ ОРЧИМ ХУВИАР НЭМЭГДЭЖ БАЙНА

-Монгол улсын Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль гурван жилийн өмнө батлагдсан. Тус хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын үндэсний хөтөлбөр өнгөрсөн жил гарсан. Хуулийг хэрэгжүүлэгч гол субъект нь Эрчим хүчний зохицуулах хороо. Манай хорооны хувьд бүх зохицуулалтыг хийж ажиллаж байна. Ер нь эрчим хүчний хэмнэлтийн тогтолцоо бүрдэх ёстой. Ингэснээр бид эдийн засгийн хувьд илүү үр ашигтай хэрэглээг бий болгоно гэсэн үг. Энэ хүрээнд юуны өмнө эрчим хүчний ногоон санхүүжилт бий болгох шаардлагатай байна. Засгийн газрын тогтоосон хэмжээнээс илүү цахилгаан хэрэглэдэг байгууллагуудад тодорхой үүрэг хүлээлгэж, үүрэг хүлээсэн хэрэглэгч гэж нэрлэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар үүрэг хүлээсэн 135 байгууллага байна. Эдгээр байгууллага эрчим хүчний аудитаа хийлгэсэн. Үүний дийлэнх нь хувийн хэвшлийнх.

 -Манайд эрчим хүчээ хэмнэх боломж хэр байна вэ?

-Эрчим хүчээ хэмнэх асар их боломж байна. Даян дэлхийн хөгжлийн байгууллагын хөрөнгөөр өнгөрсөн онд 135 байгууллагаас 15-ыг сонгон авч, эрчим хүчний жишиг аудит хийлгэсэн. Энэ дүнгээс харахад эдгээр 15 байгууллага жилдээ 35 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж үзсэн. Үүнийг хэрэгжүүлэхэд 58 сая ам.долларын хөрөнгө шаардагдана. Гэхдээ гаргасан хөрөнгөө гурван жилийн дотор нөхөх бөгөөд хэрэгжвэл 620 мянган тонн хүлэмжийн хий бууруулах боломжтой гэсэн тооцоо гарсан. Хэрэв эхэнд онцолсон 135 байгууллага бүгдээрээ жилд 10 хувийн хэмнэлт хийж чадвал 90 тэрбум төгрөг хэмнэх боломжтой.

-Эрчим хүчний хэмнэлтийн үр ашгийг олон нийтэд хэрхэн таниулж байна вэ?

-Салбарын хүний нөөц, боловсон хүчинд бодлогоор анхаарч байна. Эрчим хүчний менежер, аудиторууд мөн мэргэжлийн байгууллагуудыг бий болох хэрэгтэй. Бид одоогоор олон улсын жишгийн дагуу 300 менежер, 64 аудитыг бэлтгээд байна. Энэ тоо цаашдаа нэмэгдэх учиртай.

-Салбарын хэмжээнд энэ оныг эрчим хүчний хэмнэлтийн жил болгосон. Энэ талаар хийсэн тооцоо, судалгаа бий юү?

-Жил бүр 15 орчим хувиар нийт эрчим хүчийг хэмнэх боломжтой гэж тооцоолж байна. Хэмнэх нь хүн бүрт ашигтай. Ахуйн хэрэглэгч, аж ахуйн нэгж бүгдэд нь зардал хэмнэхээс гадна байгальд ээлтэй. Уур амьсгалын өөрчлөлт, дулаарлыг багасгах, хүлэмжийн хийг бууруулах учир энд бүх нийтээр нэгдэх нь илүү үр дүнд хүрнэ. Эрчим хүчний зохицуулах хороо нь хуулийн дагуу үндсэн гурван чиглэлийн ажил явуулж байна. Нэгдүгээрт, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх бүх байгууллагад тусгай зөвшөөрөл олгодог. Хоёрдугаарт, тухайн байгууллагуудын үнэ тарифыг хянаж баталдаг. Нэг талдаа хэрэглэгч, нөгөө талдаа үйлдвэрлэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хадгалж, аль алинд нь илүү ачаалал очихгүй байхад анхаарч ажилладаг. гуравдугаарт, эрчим хүчний хэмнэх бодлогыг хэрэгжүүлэхэд анхаардаг. Эрчим хүч бол нийтдээ 13 мянган хүн ажилладаг том салбар.

 -Эрчим хүчний зохицуулах хороо жилд хэчнээн төгрөгийн борлуулалт хийж байна вэ. Хэрэглээгээ дагаад борлуулалт нэмэгдэж байна уу?

-Жилдээ 850 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна. ОХУ-аас импортын цахилгаан авах журмаар өдрийн их ачаалал, оройн бага ачааллын хоорондох 300 мегаватт зөрүүг зохицуулж байгаа. Тухайлбал, бид хуримтлуулах тогтолцооруу шилжих боломжтой. Нөгөө талдаа батарейн хуримтлал ашиглах боломжтой. Шөнийн цагаар ачаалал бага үед хэрэглэгчийн горим ажиллаж батарейгаа цэнэглээд, өдрийн их ачаалалтай үед эргэж нийлүүлдэг тогтолцооруу шилжих хэрэгтэй гэсэн судалгаа хийсэн.

-Эрчим хүчний салбарын эрх зүйн орчин өнгөрсөн хугацаанд хэр сайжирсан бэ. Энэ салбарт хөрөнгө оруулалт татах боломж, бололцоо бусад салбартай харьцуулахад дэвшил гарсан уу?

-Монгол улсын эрчим хүчний салбарт баримтлах бодлого 15 жилийн хугацаатай батлагдсан. Үүндээ 2020 онд 20 хувьд, 2030 онд 30 хувьд нь хүрнэ гэсэн зорилт тавьсан. Тухайн үедээ хэрэглээ таван хувьтай байсан бол өнөөдрийн байдлаар 12 хувьд хүрээд байгаа. Оны эцэс гэхэд 20 хувьд хүрэх боломжтой. Нарны нэг киловаттыг 15-18 центээр, салхийг 8-1500 центээр үнэлж байгаа учраас хөрөнгө оруулагч ихтэй байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн эх үүсвэр нийлүүлж байгаагаас нийтдээ 120 мегаваттын хүчин чадал авч байгаа. Цаашдаа бидний нэгдсэн системд нийлүүлэх дээд хэмжээ 245 мегаватт. Нөгөө талд нь хэрэглэгчийн үнэ тариф нэмэгдэх эрсдэлтэй учраас хязгаарлаж байгаа. Хэрэглэгч болгон нарны дэлгэцийг байшингийн дээвэр, хашаан дээрээ тавиад өөрийн хэрэглээгээ бүрэн хангах боломжтой. Нөгөө талаар, өөрийн хэрэгцээг хангаад илүү гарсныг нь нийлүүлээд зарах боломж гарч ирж байгаа юм. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчийг цахилгаан биш дулааны энерги болгон хувиргаж дулааны асуудлаа шийдэх хэрэгтэй. Дараагийнх нь том чадлын дулааны цахилгаан станц барьж экспортлох боломж байна. Цаашдаа Монголын нар, салхийг цахилгаан болгож экспортод гаргах, улмаар тэндээсээ ногоон мөнгө оруулж ирэх боломжтой. Энэ жилийн хамгийн их ачаалал өвлийн үед 1081 мегаватт хүрсэн. Монголын өөрийнх нь хэрэглээ бага учир цаашдаа энэ хэмжээнээс төдий- лэн нэмэгдэхгүй болов уу. Ерөнхийдөө жил болгон таван хувиар нэмэгдэж байгаа юм. Цаашдаа бидний харж байгаа зүйл бол экспорт. том зах зээл рүү эрчим хүч экспортлох боломжийг гаргаж, нар, салхи, нүүрсний энэ их нөөцийг цахилгаан болгож хувирган экспортолж чадвал бид илүү их ашиг олно.


Эх сурвалж:Засгийн газрын мэдээ сонин