» » ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОРУУД БЭЛТГЭГДЛЭЭ

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОРУУД БЭЛТГЭГДЛЭЭ

2018 оны 05 сарын 21,    2033
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх гол мэргэжилтнүүдийн нэг болох эрчим хүчний аудиторыг бэлтгэх сургалтыг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний сургууль, Барилга, Архитектурын сургуультай хамтран 2018 оны 01-03 сарын хооронд амжилттай зохион байгууллаа. Эрх олгох шалгалтад тэнцсэн 20 төгсөгчид "Үйлдвэрлэлийн эрчим хүчний аудитор”-ын эрхийг Эрчим хүчний зохицуулах хороо албан ёсоор гардуулж өглөө. Энэ өдөр эрчим хүчний аудиторын эрхээ гардан авсан Монгол улсын академич Др. Проф. С.Батмөнх "Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж буй энэ үед түүний үнэ цэнийг хувь хүн, байгууллага дор бүрнээ ойлгон, үр ашигтай хэрэглэж чадвал шинэ эрчим хүчний эх үүсвэр барих хэмжээний нөөц хэмнэлт гаргах боломж манай улсад бий. Энэ ажлыг түүчээлэх, хөдөлгөх гол хүч нь эрчим хүчний аудиторууд бид гэж ойлгож байна” хэмээн онцлон хэлэв.
 
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОРУУД БЭЛТГЭГДЛЭЭ

Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 64 эрх бүхий эрчим хүчний аудиторууд http://erc.gov.mn/index.php?newsid=613 үйлдвэрлэлийн болон барилгын чиглэлээр эрчим хүчний аудитын үйлчилгээ үзүүлж байна. Мөн холбогдох хууль, журмын хүрээнд 6 магадлан итгэмжлэгдсэн эрчим хүчний аудитын байгууллага ажиллаж байгаа ба дэлгэрэнгүй мэдээллийг http://erc.gov.mn/j12 линкээс авна уу.
Хууль тогтоомж, шударга ёсыг дээдэлсэн эрчим хүчний аудитор нь ёс зүйтэй байж, эрчим хүчийг хэмнэх үндэслэлтэй, үнэн зөв мэргэжлийн зөвлөмж гаргах бөгөөд үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хадгалах үүрэгтэй. 
2018 оны 04 сарын байдлаар Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу эрчим хүчний өндөр хэрэглээтэй 135 томоохон аж ахуйн нэгж, байгууллага "үүрэг хүлээсэн хэрэглэгч”-ээр бүртгэгдсэн байна. Тэд хуульд заасан хугацаанд эрчим хүчний аудитыг хийлгэх ёстой. Түүний үр дүнд эрчим хүчний үр ашиггүй хэрэглээгээ бууруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний бүтээмжээ нэмэгдүүлэх, зардлаа хэмнэх улмаар эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зэрэг олон давуу талууд тухайн байгууллагад бий болох юм.