» » “БАГАНУУР”, “ШИВЭЭ-ОВОО” ХК-ИУДЫН 110.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨР ТӨЛБӨРИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

“БАГАНУУР”, “ШИВЭЭ-ОВОО” ХК-ИУДЫН 110.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨР ТӨЛБӨРИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2018 оны 06 сарын 05,    177

"Багануур” ХК нь олборлосон нүүрснийхээ 90.0 хувийг, "Шивээ-Овоо” ХК олборлосон нүүрснийхээ 88.7 хувийг эрчим хүч үйлдвэрлэгч дулааны цахилгаан станц, дулааны станцуудад нийлүүлдэг, төвийн бүсийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээний 92.1 хувийг хангадагстратегийн чухал ач холбогдолтой уурхайнууд юм.

 

 

“БАГАНУУР”, “ШИВЭЭ-ОВОО” ХК-ИУДЫН 110.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨР ТӨЛБӨРИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Гэвч 1996-1997 онд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээр "Багануур” ХК нь Дэлхийн банкнаас 26.5 тэрбум төгрөг, Япон Улсын Засгийн Газраас 19.6 тэрбум төгрөгийн төслийн зээл, "Шивээ-Овоо” ХК нь Япон Улсын Засгийн Газраас 29.7 тэрбум, MON-P5 төслөөр 37.8 тэрбум төгрөгийн төслийн зээлийг тус тус авчээ. Дээрх урт хугацаат зээлээс шалтгаалан хоёр компанийн авлага, өглөгийн харьцаа алдагдаж, төлбөрийн чадваргүй болж,үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учирч эхлээд байсан юм.

 

Өнгөрсөн хугцаанд зээл, зээлийн хүүгийн төлбөрт "Багануур” ХК нь 2012-2017 онд 10.1 тэрбум төгрөг, Шивээ-Овоо ХК нь 4.5 тэрбум төгрөг төлжээ. 2017 оны 3 дугаар улирлын байдлаар "Багануур” ХК, "Шивээ-Овоо” ХК-иуд нь Дэлхийн банкны MOG-2854, Япон Улсын Засгийн Газрын MON-P4, MON-P5 төслийн зээлийн төлбөрт нийт 100.6 тэрбум төгрөгийн өглөгтэй байсан юм.

Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооны дарга 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр А/107 тоот тушаал гаргаж, Дэлхийн банк болон Япон Улсын Засгийн газраас "Багануур” ХК, "Шивээ-Овоо” ХК-иудын техник, технологио шинэчлэх зорилгоор авсан зээлийн өр төлбөр, түүний төлөлт, хуримтлагдсан өр төлбөрийг хөрөнгө оруулалтын хэлбэрээр шийдвэрлүүлэх асуудлыг судлах, эрчим хүчний зорилгоор үйлдвэрлэж буй нүүрсний үнэнд дүн шинжилгээ хийх хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, дэд ахлагчаар "Эрдэнэс Монгол” ХК-ийн Санхүү хариуцсан дэд захирал Г.Ганболд, нарийн бичгийн даргаар Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын мэргэжилтэн Ц.Лувсанжав, гишүүдэд ЭХЯ-ны Эрчим хүчний нүүрс болон хийн хэлтсийн дарга Д.Даваасүрэн, "Эрдэнэс Монгол” ХК-ийн хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилтийн хэлтсийн дарга М.Цэнгэл, төлөвлөлт санхүү хариуцсан мэргэжилтэн Л.Буяндэлгэр, "Багануур” ХК, "Шивээ-Овоо” ХК-ийн төлөөлөл ажилласан юм.

Өнгөрсөн хугацаанд таван байгууллагын хамтарсан ажлын хэсэг "Багануур”, "Шивээ-Овоо” ХК-ийн санхүү эдийн засаг, техник технологийн талаар нарийвчилсан судалгаа хийж санал, дүгнэлтээ Эрчим хүчний яам болон ЗГХЭГ-т хүргүүлсэн байна. Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын Засгийн газарт санал оруулж, Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 132 тоот тогтоол гаргалаа.

"Багануур” ХК, "Шивээ-Овоо” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай энэхүү тогтоолд:

1."Багануур” ХК, "Шивээ-Овоо” ХК-ийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан "Монгол Нүүрс” төслийн хүрээнд Дэлхийн банк болон Япон Улсын Засгийн Газраас Монгол Улсын Засгийн Газарт олгосон зээлийн дамжуулан зээлдүүлэх гэрээний төлбөрийн "Багануур” ХК-ийн 37,729.8 (гучин долоон тэрбум долоон зуун хорин есөн сая найман зуун мянган) сая төгрөг, "Шивээ-Овоо” ХК-ийн 73,036.9 (далан гурван тэрбум гучин зургаан сая есөн зуун мянган) сая төгрөг, нийт 110,776.7 (нэг зуун арван тэрбум долоон зуун далан зургаан сая долоон зуун мянган) сая төгрөгийг тухайн нүүрсний уурхайд оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нарт даалгасугай.

2.2018-2020 онд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээтэй уялдуулан "Багануур” ХК, "Шивээ-Овоо” ХК-ийн үйлдвэрлэлийн найдвартай хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийн шинэчлэл зайлшгүй хийх, хөрөнгө оруулалтад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг судлан шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга /Б.Бат-Эрдэнэ/-д даалгасугай.

3."Багануур” ХК, "Шивээ-Овоо” ХК-ийн богино хугацаат өр төлбөрийг барагдуулахад шаардлагатай байгаа 29.0 /хорин есөн/ тэрбум төгрөгийн тооцоог хянасны үндсэн дээр дотоод нөөц бололцоон дээрээ тулгуурлан холбогдох хууль тогтоомжийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 1-ний дотор шийдвэрлэхийг "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга /Б.Бат-Эрдэнэ/, Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /У.Бямбасүрэн/-д даалгасугай.

4."Багануур” ХК, "Шивээ-Овоо” ХК-ийн нүүрсний үнийг судлан холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хороо /А.Тлейхан/-нд даалгасугай.

5."Багануур” ХК-ийн орд газрын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагад хянагдаж байгаа маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж, тус орд газрын хилийн заагийг шинэчлэн тогтоохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарт даалгасугай.

6.2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд "Багануур” ХК, "Шивээ-Овоо” ХК-ийн үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахад хүрэлцэхүйц хэмжээний түлш, шатахуун болон авахад бэлэн нүүрсний нөөц бүрдүүлж, хөрс хуулалт, их засварын ажлыг хугацаанд нь зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга /Б.Бат-Эрдэнэ/-д даалгасугай гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 132 тоот энэхүү тогтоол хэрэгжиж эхэлснээр төвийн бүсийн нэгдсэн сүлжээний эрчим хүч үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээний 90 гаруй хувийг бүрдүүлдэг стратегийн чухал ач холбогдолтой "Багануур”, "Шивээ-Овоо” ХК-иуд сүүлийн 20 гаруй жилийн турш санхүүгийн дарамт учруулж байсан 110.8 тэрбум төгрөгийн урт хугацаат зээл, зээлийн хүүгийн өр төлбөрөөс ангижирч, техник, технологийн шинэчлэлт хийх, эрчим хүчний гол түүхий эд болсон нүүрсний үнэ тогтвортой байх боломж бүрдэж байгаа юм.