» ХЭРЭГЛЭГЧИЙН ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

ХЭРЭГЛЭГЧИЙН ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2018 оны 06 сарын 27,    88

ҮНЭ ТАРИФЫН ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ

/ТАНИЛЦУУЛГА/

Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 4.1.9-д сэргээгдэх эрчим хүч (СЭХ)-ийг дэмжих тарифыг тодорхойлж, 11.1-д салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэх цахилгааны тарифыг 8.0-9.5 ам.цент, нарны эрчим хүчний үүсгүүрт 15.0-18.0 ам.центээр тогтооно гэж заасан ба 11.2-т СЭХ-ний үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгааны үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгохоор зохицуулсан. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 3.1.27-д тарифыг зардлын хүчин зүйлсийн бодит өөрчлөлтөөр индексжүүлэн тооцож зохицуулах, 9.1.4-д заасан Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны эрх үүрэгт хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэхээр тус тус заасан болно.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадлын 11.8 хувийг СЭХ-ний үүсгүүрүүд эзэлж байгаа ба одоо ажиллаж буй нар, салхины 4 цахилгаан станцын хэмжээнд СЭХ-ийг дэмжих тарифыг 11.88 төг/кВт.ц-аар тогтоон мөрдөж байна. ЭХЗХ нь 2018 онд шинээр ашиглалтад орж буй нарны 3 цахилгаан станцын үйлдвэрлэх цахилгааны тарифын зөрүүг одоо мөрдөж буй дэмжих тарифт нэмж оруулахаар тооцож байна.

Мөн цахилгаан, дулааны энгийн болон чадлын тарифыг 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тогтвортой мөрдөж байгаа ба энэ хугацаанд уурхайнуудын нүүрсний үнэ, мазут, ашиглалтын ус, нүүрсний төмөр замын тээврийн үнэ, валютын ханш, хэрэглээний үнийн индекс буюу инфляци, нийгмийн даатгалын шимтгэл 7.6-31.8 хувиар тус тус нэмэгдсэн тул СЭХ-ийг дэмжих болон цахилгааны тариф 12.7 хувиар буюу 17.57 төгрөгөөр, дулааны тариф 15.0 хувиар нэмэгдэх бодит тооцоо гараад байна. Хэрэглэгчдийг хямд эрчим хүчээр хангах, тарифын өсөлтийг бууруулах зорилгоор эрчим хүчний салбар өөрийн дотоод нөөц бололцоог ашиглах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:

  1. Цахилгааны хэрэглээний өсөлтийг дотоодын хямд эх үүсвэрээр ханган, импортын цахилгааныг бууруулж, цахилгааны өрсөлдөөнт зах зээлд арилжаа явуулж байна;
  2. Эрчим хүчний компаниудын дотоод хэрэгцээний цахилгааны зарцуулалт, дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулах, хэмнэлт, үр ашгийг гаргах чиглэлээр ажиллаж байна.

Ийнхүү салбарын дотоод нөөц бололцоог ашигласнаар эрчим хүчний тарифын өсөлтийг бууруулан, цахилгааны тарифыг 9.84 төг/кВт.ц-аар буюу 6.4 хувиар, дулааны тарифыг 10.0 хувиар тус тус өсгөж, харин цахилгааны чадлын тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр мөрдөхөөр тарифын зохицуулалт хийхээр төлөвлөж байна.

ЭХЗХ нь Монгол Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолын дагуу айл өрхийн сарын хэрэглээний 150 кВт.ц хүртэл цахилгаанд хөнгөлөлттэй үнэ тариф тогтоож ирсэн ба 2017 онд Улсын хэмжээнд 605 мянган өрхөд нийт 53.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ. Энэ удаагийн тарифын зохицуулалтаар айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг бодит өртгөөс 29.8 хувь доогуур буюу 150 кВт.ц хүртэл 1 кВт.ц цахилгаанд 32.13 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэнтэй ижил түвшинд тогтоох бодлогыг баримталсан болно.

  1. Төв, Зүүн, Өмнөд бүсийн хэрэглэгчийн цахилгааны тарифын тогтоол
  2. Алтай-Улиастайн бүсийн хэрэглэгчийн цахилгааны тарифын тогтоол
  3. Баруун бүсийн хэрэглэгчийн цахилгааны тарифын тогтоол
  4. Төвийн бүсийн нийгмийн халамж шаардлагатай хэрэглэгчийн цахилгааны тарифын тогтоол
  5. Төв, Өмнөд бүсийн СЭХ-ийг дэмжих тарифын тогтоол
  6. Улаанбаатар хотын хэрэглэгчийн дулааны тарифын тогтоол
  7. Улаанбаатар хотын хэрэглэгчийн уурын тарифын тогтоол
  8. Дархан-Уул аймгийн хэрэглэгчийн дулааны тарифын тогтоол
  9. Орхон аймгийн хэрэглэгчийн дулааны тарифын тогтоол
  10. Дорнод бүсийн импортоор хангагдаж буй хэрэглэгчийн цахилгааны тариф, Дорнод аймгийн хэрэглэгчийн дулааны тарифын тогтоол
  11. Өмнөговь аймгийн хэрэглэгчийн дулааны тарифын тогтоол
Саналаа доорх цахим шуудангаар явуулна уу.
erdenebulgan@erc.mn
Утас: 11-319357, 11-321935
 
---оОо---