» » МОНГОЛ УЛС ЖИЛД ДОЛООН ТРИЛЛИОН КВТ/ЦАГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ

МОНГОЛ УЛС ЖИЛД ДОЛООН ТРИЛЛИОН КВТ/ЦАГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ

2018 оны 08 сарын 31,    558

"Ази номхон далайн бүсийн сэргээгдэх эрчим хүчний VIII форум” олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр нээлтээ хийлээ. Энэхүү форумыг ЭХЯ, БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр БНСУ-ын "Эрчим хүчний судалгааны хүрээлэн”, "Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэг” ТББ, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран зохион байгууллаа.

 

МОНГОЛ УЛС ЖИЛД ДОЛООН ТРИЛЛИОН КВТ/ЦАГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ

2011 оноос хойш БНСУ-д зохиогдож ирсэн энэхүү форум нь Монгол Улсад анх удаагаа болж буйгаараа онцлогтой юм. Хоёр өдөр хуралдах энэхүү хурлаар сэргээгдэх эрчим хүчний шинэ техник технологи, хөгжлийн төлөвийг хэлэлцэж, Азийн супер сүлжээг байгуулах чиглэлээр ярилцах аж. Форумд БНХАУ, ХБНГУ, БНСУ, Шриланк, Ирак, Япон, Бутан зэрэг 10 гаруй орны нийт 150 гаруй төлөөлөгч оролцсон юм.

МОНГОЛ УЛС ЖИЛД ДОЛООН ТРИЛЛИОН КВТ/ЦАГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ

Манай орны хувьд нар салхины эрчим хүчний арвин нөөцтэй. Үүнийг ашиглан байгаль орчинд ээлтэй цэвэр эрчим хүч үйлдвэрлэх, түүнийгээ Азийн бусад орнууд руу экспортлох, эрчим хүчний нэгдсэн сүлжээг байгуулах, сэргээгдэх эрчим хүчний хуримтлуурыг нэвтрүүлэхийг зорьж байгаа гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа.

Форумыг нээж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Дэлхийн оршин суугчдын өмнө эрчим хүчний шилжилтийн асуудал тулгамдаж байна. Хүн төрөлхтөн өнгөрөгч зуунд нүүрстөрөгчийн түлшний үйлдвэрлэлийг хөгжүүлсэн. Нүүрстөрөгчийн түлшийг их хэмжээгээр хэрэглэснээр байгаль орчныг бохирдуулж, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байна. Эрчим хүчийг байгаль орчинд ээлтэй байдлаар үйлдвэрлэн гаргах нэг хувилбар бол сэргээгдэх эрчим хүчийг ашиглах явдал юм. Гэвч Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад хоёр асуудал тулгараад байна. Нэгдүгээрт, сэргээгдэх эрчим хүч тогтвортой бус учраас манай системийн горим тохиргоо, эрчим хүчний аюулгүй найдвартай ажиллагаанд нөлөөлдөг. Хоёрдугаарт, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу үнэ тариф нь харьцангуй өндөр. Тиймээс энэ хүндрэлийг арилгах, хууль эрх зүйн орчин сайжруулахаар бид ажиллаж, тооцоо судалгаа хийж байна. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж бүрэн бий. Үүнийг бид зөвхөн дотооддоо ашиглах биш хөрш орнууд, бүс нутгийн орнуудтайгаа хамтран ашиглах шаардлагатай” гэж хэлсэн юм.

МОНГОЛ УЛС ЖИЛД ДОЛООН ТРИЛЛИОН КВТ/ЦАГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ

Манай орны хувьд эрчим хүчний асар их нөөцтэй. Үүнийг ашиглан эдийн засгаа хөгжүүлэх боломжтой гэж салбарын мэргэжилтнүүд хэлж байлаа. Энэ талаар "Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч Б.Жигжид "Монгол Улсад энэхүү форум нь зохиогдож байгаа цаад утга нь манай орны эрчим хүчний асар их нөөцтэй холбоотой юм. Их халуунд нарны станцын үр дүн бага байдаг бол манай орны хувьд агаар сийрэгжилттэй, хуурай орчинтой учраас нэгж талбайгаас авах эрчим хүч өндөр байдаг. Хятад улс өөрийнхөө эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж чадахгүй байна. Солонгос, Япон зэрэг орнууд эрчим хүчний хувьд гадаадаас хамааралтай байх жишээтэй. Дэлхий нийтээр цагт 25 триллион кВт эрчим хүч хэрэглэдэг. Үүний таван триллион кВт-ыг Хятад улс дангаараа ашигладаг. Манай хажууд байгаа энэ том зах зээл рүү эрчим хүчээ экспортлох юм бол уул уурхайгаас илүү ашиг олох боломжтой. БНХАУ-ын дарга Си Зиньпин сүүлд айлчлах үеэрээ "Монгол-Хятад хоёрын хооронд эрчим хүч экспортлох журмаа гаргая” гэж байсан. Энэ бололцоогоо цаг алдалгүй ашиглах нь зүйтэй. Өөрсдөө асар их нөөцтэй байж Оросоос цахилгаан авч байна. Монголын нар, салхины станц нэг жилд долоон триллион кВт/цаг эрчим хүч гаргах боломжтой гэсэн тоо бий. Хятадын хэрэглээг хангах нөөц байна гэсэн үг” хэмээлээ.

Азийн супер сүлжээний хүрээнд манай орны нөөцийг ашиглах талаар олон улсын хэмжээнд яригдах болсон. Хэрвээ бид Азийн супер сүлжээ олон улсын төслийг хэрэгжүүлж чадах юм бол зүүн хойд азийн Солонгос, Япон зэрэг орнууд руу нар салхины эрчим хүчийг экспортлох боломжтой аж. Энэ чиглэлээр тодорхой санаачилгыг өрнүүлээд байгаа талаар салбарын сайд Ц.Даваасүрэн "Далай доогуур шугам татаж, говьд томоохон бүтээн байгуулалт хийх гээд маш олон ажлууд биднийг хүлээж байна. Гэхдээ асар их хөрөнгө оруулалт, хүч хөдөлмөр шаардсан энэ төслийг ажил хэрэг болгохын тулд улс орнууд тал талаасаа нэгдэж, оролцож, ярьж эхэлж байгаа нь сайшаалтай. Манай улс нийт хэрэглэж байгаа эрчим хүчнийхээ 12 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авдаг. Нар салхины станцыг хөгжүүлэхэд хүндрэлүүд бий. Дотооддоо бие даасан эрчим хүчний системгүй. ОХУ-аас 220 кВт шугам татаж зохицуулалтаа хийж байна. Өвлийн улирал өдрийн 17 цагаас наргүй болчихвол нарны станцууд эрчим хүчээ нийлүүлж чадахгүйд хүрнэ. Үүнийг ямар эх үүсвэрээр нөхөх вэ зэрэг асуудлуудыг бид эхлээд шийдэх ёстой” гэлээ.

Нар салхины станц наргүй, салхигүй үед хангалттай эрчим хүч гаргаж чадахгүйд хүрнэ. Тиймээс 100 мВт хүртэлх цахилгааныг хуримтлуулж, ачаалал ихтэй үед эргүүлэн ашиглах боломжийг судалж байгаа юм байна. Энэ нь өдрийн цагт эрчим хүчний хуримтлал үүсгээд шөнийн цагт эргүүлээд системдээ нийлүүлдэг олон улсын туршлагыг нэвтрүүлнэ гэсэн үг юм. Одоогоор Засгийн газрын хуралдаанаар 100 мВт-ийн цэнэгт хуримтлуурыг бий болгох талаар хэлэлцэж эхэлсэн байна. Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар А.Тлейхан "Манай дотоодын хэрэглээ хамгийн их ачаалалтай үедээ 1081 мВт хүрч байсан. Одоогийн байдлаар нарны хоёр, салхины хоёр станц нийтдээ 120 мВт-ийн эрчим хүч үйлдвэрлэж байна. Эдгээр нь наргүй, салхигүй үед ажиллахгүй, тогтвортой цахилгаан гаргахгүй учраас нөөц хуримтлалыг бий болгох шаардлага гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, зай хураагуурт эрчим хүчээ хуримтлуулан шаардлагатай нөхцөлд эргүүлэн хэрэглэнэ гэсэн үг. Эхний ээлжинд 100 мВт-аас доошгүй эрчим хүч нөөцлөх хуримтлуурыг бий болгоно” гэсэн юм. Мөн тэрбээр "Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Азийн супер сүлжээ байгуулах төслийн ажил эхэлсэн, дараа жил судалгааны ажлын дүн гарна. Судалгаанаас нааштай үр дүн гарах байх гэж найдаж байна. Манай 2015 оноос хойш Дорнодоос Баян-Өлгий хүртэлх цахилгааны нэгдсэн сүлжээтэй болно гэсэн бодлого баримтлан ажиллаж ирсэн. 2023 оноос эхлэн эрчим хүч экспортолно гэж заасан. Тиймээс одооноос эхлэн бэлтгэлээ хийгээд гадны орнуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Мөрдөгдөж байгаа Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль нь эдгээрийг хийж, хэрэгжүүлэхэд хангалттай эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Мөн 2015 онд баталсан Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогод "Цахилгаан эрчим хүч экспортолно” гэж тодорхой заасан байдаг. Мөн төрөөс сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр үылдвэрлэж байгаа цахилгааны үнийг хатуу тогтоосон. Харин одоо чөлөөт өрсөлдөөнд орох юм эрчим хүчний үнэ хэд дахин хэмжээгээр буурах боломжтой. Энэ талаар хуулийн өөрчлөлт хийж, ард иргэдэд очих ачааллыг буруулна” гэж цаашдын ажлынхаа талаар танилцуулсан юм.

МОНГОЛ УЛС ЖИЛД ДОЛООН ТРИЛЛИОН КВТ/ЦАГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ

Мөн энэ үер Германы эрчим хүчний профессор Эдвард Хэйндл "Монгол Улс Азийн супер сүлжээгээр дамжуулж гадны орнуудад эрчим хүч экспортлох бүрэн боломжтой. Европт энэ чиглэлийн сүлжээ маш сайн хөгжиж, улс орнууд хоорондоо цахилгаан сүлжээгээрээ холбогдож чадсан. Улс болгон газар зүйн өөр өөрийн гэсэн онцлогтой учраас дамжуулах шугамын тооцоолол, программ хангамжийн тал дээр судалгаа хийх хэрэгтэй. Барих бол асуудал биш, барьсны дараах ашиглалтын явцын судалгааг сайн хийх нь чухал. Монголд сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй учраас энэ нь давуу тал болж байна” гэж зөвлөлөө. Энэхүү арга хэмжээний үеэр Солонгосын Силла их сургуулийн профессор Жин Сун Сон илтгэл тавьсан бөгөөд тэрээр "Азийн супер сүлжээг байгуулах, сэргээгдэх эрчим хүчийг зүй зохистой ашиглах нь эдийн засгийн хувьд төдийгүй байгаль орчинд асар их үр өгөөжтэй. Энэ сүлжээг байгуулахад хамтран оролцох сонирхолтой улсуудын тоо нэмэгдэж байна. Гэвч бидний хамтын аижллагаа, яриа хэлэлцээр төдий байсаар асар их цаг хугацаа алдаж байна. Үүнд улс төрийн тогтвортой байдал ч нөлөөлж байна хэмээн дурьдаж байлаа.

Монголчууд бидэнд ямартай ч сэргээгдэх эрчим хүчээ экспортолж, асар их мөнгө олох боломж байгааг, Монгол Улсаас эрчим хүч худалдаж авах хүсэлтэй улс орон цөөнгүй байгааг, Азийн супер сүлжээнд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хөрөнгө оруулагчид ч олон байгааг энэхүү форумд оролцогчид анхааруулж байна. Харин энэ боломжийг бид хэрхэн ашиглах вэ гэдэг асуулт хариу нэхэж байна.