» » "ДЦС-3” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

"ДЦС-3” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

2018 оны 09 сарын 07,    2151

Монгол Улсын эрчим хүчний ууган үйлдвэрүүдийн нэг Дулааны 3-р цахилгаан станц ТӨХК-ийн суурийг 1966 оны 12-р сарын 3-ны өдөр тавьж, 1968 оны 12-р сарын 10-нд анхны зуух ашиглалтанд орж, нийслэл хотын албан байгуулага, орон сууцанд дулааны эрчим хүч түгээж эхэлжээ.

 

"ДЦС-3” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Тэгвэл өнөөдөр Дулааны 3-р цахилгаан станц ТӨХК-ийн 50 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхт ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, баярын хурал өнөөдөр буюу 2018 оны есдүгээр сарын 07-ны өдөр боллоо. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 36 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 53.1 хувийг ханган дангаараа хангадаг тус үйлдвэр өнгөрсөн 50 жилийн хугацаанд 68.7 сая Гкал дулааны эрчим хүч, 20,5 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, хэрэглэгчдэд түгээжээ.

 

Монгол Улсад аж үйлдвэржилт бүтээн байгуулалт өрнөсөн 1980-иад онд эрчим хүчний хэрэглээний их ачааллыг нуруундаа үүрч байсан Дулааны 3-р цахилгаан станц ТӨХК, эрчим хүчний салбарын ажилтнуудын бахархал болсон үе үеийн ажилтан, албан хаагчдын гавьяа зүтгэлийг Монголын төр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "ДЦС-3” Төрийн өмчит хувьцаат компанийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг өнөөдөр гардуулан өглөө.

"ДЦС-3” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах зарлигт, "Дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай хангаж, техник технологийн шинэчлэл, эдийн засгийн үр ашгийг тасралтгүй дээшлүүлж, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн тус байгууллагын үе, үеийн ажилтан, албан хаагч, инженер техникийн ажилчднуудын хичээл зүтгэлийг үнэлж Монгол Улсын Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэж бичжээ.

Энэхүү зарлигийг уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг тус байгууллагын туганд хүндэтгэлтэйгээр зүүн өгч, батламжийг гардуулан 50 жилийн ойн баярын хурлаа хийж буй тус байгууллагын хамт олонд баяр хүргэж, үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

"Монгол Улсын эрчим хүчний салбарын тэргүүлэх үйлдвэр, гал голомт болсон Дулааны III цахилгаан станцын үе үеийн ахмадууд, ажилтан, албан хаагч, инженерүүд Та бүхэнд 50 жилийн түүхэн ойн баярын мэндийг хүргэе.

Одоогоос 50 жилийн тэртээ Дулааны III цахилгаан станц ашиглалтад орсноор Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, нийслэл хот өргөжин хөгжих үндэс суурийг тавьж, улс орон даяар хүнд, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх боломжийг бий болгосон. Улаанбаатар хотод мал аж ахуйн бүтээгдэхүүн арьс шир, ноос ноолуурыг боловсруулах үйлдвэрүүд эрчимтэй хөгжих үндэс суурь тавигдаж, ноосны үйлдвэрийн нэгдэл, үслэг эдлэлийн, гутлын, ээрмэлийн үйлдвэр, "Улаанбаатар хивс”, "Говь комбинат”, угсармал байшин үйлдвэрлэл зэрэг үйлдвэрүүд баригдан ашиглалтад орж амжилттай ажиллан, улс орны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан юм. Түүнчлэн дөрөвдүгээр цахилгаан станцыг ажиллуулах хүний нөөцийг бэлтгэж, тус станцад ажиллаж байсан олон мэргэжилтэн, инженер, ажилчид эрчим хүчний салбарын бусад байгууллагад амжилттай ажиллан салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулсаар байна.

Энэхүү байгуулсан гавьяаг үнэлж, цаашид улс орныхоо хөгжил дэвшилд гүйцэтгэх үүргээ улам өргөжүүлэн тэлж ажиллах итгэл хүлээлгэн Дулааны III цахилгаан станцыг түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг гардуулан өглөө.

Дулаан, цахилгаан хэмээх гайхамшигт энергийг үйлдвэрлэх хүндтэй, хариуцлагатай үүргийг нэр төртэйгөөр биелүүлж, хөдөлмөрийн гавьяагаа үнэлүүлж буй танай хамт олонд баяр хүргэж, амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын гал голомт улам бадраг” гэв.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баярын мэндчилгээ илгээснийг уншиж танилцууллаа. Энэхүү баярын хуралд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

"ДЦС-3” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

"Өнөөдрөөс эхлэн та бүхнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Дулааны гуравдугаар цахилгаан станцын хамт олон хэмээн нэрлэх болно. Төрийн дээд одон медалиар шагнагдсан та бүхэнд баяр хүргэе. Энэ бол танай хамт олны 50 жилийн хөдөлмөр зүтгэлийн үр шим юм шүү” хэмээн онцлон тэмдэглэж байсан юм. Дулааны 3-р цахилгаан станц ТӨХК-иас Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Сэдбазар, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Дочинхорлоо, Б.Шатар, Д.Хишигмаа, Ч.Баяр тэргүүтэй олон алдартнууд төрж гарсан. Тэдний нэг нь Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Удирдлагын ухааны доктор, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүндэт профессор А.Тлейхан юм. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр түүнтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА А.ТЛЕЙХАН: ӨНГӨРСӨН ҮЕ ХҮНД ХЭЦҮҮ БАЙСАН Ч ГЭСЭН ИРЭЭДҮЙ МААНЬ ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ БАЙГАА

- Дулааны 3-р цахилгаан станц бол таны ажлын гараагаа эхлүүлсэн газар. Танд түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэе. Ууган үйлдвэр тань Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Үнэхээр сайхан байна. Би 1976 онд МУИС-ийн Эрчим хүчний инженерийн ангийг төгсч, Дулааны 3-р цахилгаан станцаас ажлын гараагаа эхэлж байлаа.

"ДЦС-3” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Тухайн үед станцын Өндөр даралтын станцад ажиллуулахаар 13 хүнийг хувиарилж байсан юм. Шинэ станц хараахан ашиглалтад ороогүй байсан учир бид нар найман сар үнс зөөж, цэвэрлэгээний ажил хийж байсан юм. Үүнээс хойш Дулааны 3-р цахилгаан станцад 20 жил ажилласан. Энэ станц бол миний хоёр дахь гэр, миний ажил амьдралын үндэс суурь юм. Энэ станцад сургуулиа дөнгөж төгсөж ирсэн, 23-хан настай хүү ажилд ороод мастер, ахлах инженер, цехийн дарга, ерөнхий инженер, 1990 оноос тус цахилгаан станцын дарга болтлоо ажилласан. Дулааны 3-р цахилгаан станц маань тавин жилийн настай. Энэ тавин жилийн түүхээс би 42 жилийнх нь түүхийг сайн мэднэ. Хэдийгээр өөр газар ажиллаж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч гэсэн Дулааны 3-р цахилгаан станцын хамт олонтойгоо байнга холбоотой ажилласаар ирсэн. Өнөөдөр станц маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа. Энэ шагнал бол тавин жилийн турш энэ станцад хөлөмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ажилтан албан хаагчид, инженер техникийн ажилтнуудын шагнал юм. Би залуучууддаа хандан нэг зүйлийг зориуд хэлэхийг хүсч байна. Энэ үйлдвэрийг өдий зэрэгтэй болгох гэж олон зуун хүн хөлс хүч, эрүүл мэнд, амь насаа хүртэл зориулсан юм шүү. Бид үүнийг мартах учиргүй. Одоогоос 40 гаруй жилийн тэртээ 1978 оны нэгдүгээр сард станцад дэлбэрэлт болж, дөрвөн хүн амь насаа алдсан аймшигтай осол гарсан. Өвлийн ид хүйтэнд станц маань түлэх нүүрсгүй, Улаанбаатар хот ч хөлдөх аюул тулгарсан. Тэр үед бид өдөр шөнөгүй ажиллаж, мазут түлэн хотоо хөлдөх аюулаас салгаж, кокс шатаан станцаа авч үлдэж байсан. 1991 оны нэгдүгээр сард өндөр даралтын станцын дээвэр нурсан. Станцаа хөлдөөхгүй тулд тросс татан, эсгийгээр хчиж, өвөлжиж байлаа. Ахмадууд маань үнэхээр нойр хоолгүй ажиллаж, энэ станцыг хөл дээр нь босгож ирсэн. Бидний залгамж хойч үе илүү сайн сайхан ирээдүйд хүргэж чадна гэдэгт итгэж байна.

-Та Дулааны 3-р цахилгаан станц миний амьдралтай салшгүй холбоотой гэж ярьлаа. Гэхдээ Дулааны 3-р цахилгаан станцын хамт олон таныг станцын хөгжил дэвшилд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн хүн гэж үнэлдэг юм билээ?

-Дулааны 3-р цахилгаан станц бол Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбарын түүхэнд тод бичигдэх гавьяатай станц. Аж үйлдвэрүүд, бүтээн байгуулалт өрнөх үед эрчим хүчээр хангаж байсан. Мөн эрчим хүчний салбарын ажилчдыг бэлтгэж гаргасан, эрчим хүчний салбарт олон зүйлээрээ анхдагч болж чадсан станц.

"ДЦС-3” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Миний хувьд 1990 онд Дулааны 3-р цахилгаан станцын дарга болсныхоо дараа хуучирч муудсан техник, технологио шинэчлэх ажилд анхаарч төсөл боловсруулсан. Энэхүү төслөө Азийн хөгжлийн банкинд танилцуулж 45 сая ам.долларын техник, технологийн шинэчлэлийг хийсэн. Зах зээлд дөнгөж шилжиж, олон үйлдвэрүүд үүд хаалгаа барьж байх үед бид Монголд хамгийн анх удаа, хамгийн том төсөл хэрэгжүүлсэн. Мөн хүний нөөцийг чадавхижуулахад анхаарч ажилласан. УИХ-ын гишүүн болсныхоо дараа 9-р зуухны шинэчлэлд шаардлагатай 11 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгахын төлөө бүхий л гишүүдтэйгээ уулзаж, ярилцаж, эрчим хүчний салбарын талаар мэдээлэл өгч ажилласан. Үүний үр дүнд 9-р зуухаа бүрэн шинэчилж, дулааны хүчин чадал нэмэгдсэн. Мөн Дулааны 3-р цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөл барих 70 тэрбумын хөрөнгө оруулалтын гэрээг шийдвэрлүүлэх асуудалд анхаарч ажилласан. Энэ бүхнийг манай хамт олон үнэлж, бас талархалтай хандаж байгаад баяртай байна.

-Та Дулааны 3-р цахилгаан станцын цаашдын ирээдүйг хэрхэн харж байна?

-Өнгөрсөн үе хүнд хэцүү байсан ч гэсэн ирээдүй маань гэрэл гэгээтэй байгаа. Хэдхэн жилийн дараа Дулааны 3-р цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 500 МВт-д хүрэх бүрэн боломж бий. Тооцоо судалгааны ажлууд зарим хөрөнгө оруулалтын асуудал ч нааштайгаар шийдэгдэж байгаа.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.