» Нийслэлийн гэр хорооллын айл, өрхийн тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолын төсөлд санал авч байна

Нийслэлийн гэр хорооллын айл, өрхийн тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолын төсөлд санал авч байна

2018 оны 09 сарын 25,    148
Төсөл
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны .... дугаар
сарын ....-ны өдөр
Дугаар ... Улаанбаатар хот
 
Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, Агаарын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, Захиргааны ерөнхий тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Засгийн Газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.1, 2.2, 2.3 дах заалт, Засгийн Газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн "Төв, суурин газрын 2017 оны өвлийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 187 дүгээр тогтоолын 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь: 

1. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 2018 оны 11 дүгээр 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувиар хөнгөлөхийг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай.

2. Нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосугай.

3. Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлсүгэй. 

4. Цахилгаан шугам сүлжээний тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, гэр хорооллын өрхөд цахилгааны ашиглалтын аюулгүй байдалтай холбоотой сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай. 

5. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

ДАРГА                                       А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                              Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                              Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                              У.МЯГМАРСҮРЭН

 
Саналаа доорх цахим шуудангаар явуулна уу.
luvsanjav@erc.mn
Утас: 11-319357, 11-321935