» » “ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ-ҮР АШИГ” СЭДЭВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

“ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ-ҮР АШИГ” СЭДЭВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2018 оны 09 сарын 27,    1438

Өнөөдөр "ДЦС-4” ТӨХК дээр эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх талаар харилцан туршлага солилцох зорилготой "ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ-ҮР АШИГ” сэдэвт эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ.

“ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ-ҮР АШИГ” СЭДЭВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Энэхүү уулзалт зөвлөгөөнийг Эрчим хүчний зохицуулах хороо, "ДЦС-4” ТӨХК, "Клин Энержи” ХХК, "Эвридей ферм” ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Эрчим хүчний яам, "Диспетчерийн үндэсний төв” ХХК, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо, ШУТИС-ийн ЭХС болон Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 18 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, 200 орчим хүн оролцож байна.

Зөвлөгөөний үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Монгол Улс цахилгаан эрчим хүчнийхээ 88 хувийг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангаж байна. Энэ онд шинээр нийт 95 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний таван станц шинээр ашиглалтад орохоор бүтээн байгуулалтын ажил хийж байна. Гэвч эх үүсвэрийн чадлын дутагдал байсаар байна. Мөн дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолын зогсолт, саатлууд өмнөх онуудаас нэмэгдэж байна. Үүнийг арилгахын тулд боловсон хүчний бодлогоо сайжруулах, инженер техникийн ажилтнуудыг давтан сургах, техник технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байна.

“ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ-ҮР АШИГ” СЭДЭВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Жил бүр өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах үүрэг бидэнд ногдож байдаг. Энэхүү үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулахын тулд бид энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна” хэмээн ярьж байлаа. 

Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, эх үүсвэрийн талаар мэдээлэл өглөө.

“ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ-ҮР АШИГ” СЭДЭВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Г.Энхтайван "Монгол Улсын Засгийн газраас 2016-2020 онд Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгож дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилгоор "Дулааны Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл”, "Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын №1-4 турбингенераторын шинэчлэл” төслүүдийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр, "Тавантолгойн цахилгаан станц”, "Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөл” төслүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн механизмаар хэрэгжүүлэхээр Засгийн газрын зохих шийдвэрүүд гарсан. "Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар нэмэгдүүлэх”, "Улаанбаатар - Мандалговийн 330 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих”, Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр, "Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвүүдэд дулааны эх үүсвэр, дулааны шугам барих” төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр Засгийн газрын түвшинд шийдвэрлэсэн. Ойрын дунд хугацаанд Тавантолгойн, Багануурын дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, системийн горим тохируулах Эгийн голын усан цахилгаан станцыг барьж ашиглахаар төлөвлөж байна” хэмээн мэдээллээ. Уур амьсгалын өөрчлөлтийн Тусгай элч, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын байгууллагуудын Үндэсний зохицуулагч З.Батжаргал "Нүүрстөрөгчийн арилжаа, зохицуулалтын боломж, эрх зүйн орчны талаар танилцуулга хийсэн юм. Тэрээр "Хүлэмжийн хийг бууруулах замаар Олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах, нүүрсээр ажиллаж байгаа дулааны цахилгаан станцуудын тоног төхөөрөмжийг шинэчлэх боломжтой гэдгийг онцолж байлаа.

 

 

Жил бүр цахилгаан болон дулааны эрчим хүчний хэрэглээ 5-8 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд 2018 оны эхний хагас жилийн байдлаар 3.3 тэрбум кВт.ц цахилгаан, 4.6 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн, импортоор 114.2 сая кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авч, нийтдээ 483.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цахилгаан эрчим хүчний хэрэглээ 10.5 хувиар, дулааны эрчим хүчний хэрэглээ 3.6 хувиар нэмэгджээ.

Тиймээс "ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ-ҮР АШИГ” сэдэвт эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэгдсэн зөвлөгөөнд оролцогчид өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, эрчим хүчний үйлдвэрүүдийн дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хуримтлуурын систем суурилуулах, шинэ техник технологи нэвтрүүлэх талаар ярилцсан юм.

“ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ-ҮР АШИГ” СЭДЭВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Энэхүү зөвлөгөөнөөс эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргах бөгөөд, зөвлөмжийг эрчим хүч үйлдвэрлэгчид мөрдөж ажиллах юм байна.