» » ХЕЛМҮТ ХЕЛБИГТЭД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ “ХҮНДЭТ ТЭМДЭГ” ГАРДУУЛЛАА

ХЕЛМҮТ ХЕЛБИГТЭД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ “ХҮНДЭТ ТЭМДЭГ” ГАРДУУЛЛАА

2018 оны 12 сарын 10,    150

Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газарт зөвлөхөөр ажиллаж байгаа ХБНГУ-ын иргэн Хелмүт Хелбигт  Эрчим хүчний зохицуулах хорооны "Хүндэт тэмдэг”, дурсгалын зүйл гардуулж өглөө.

 

ХЕЛМҮТ ХЕЛБИГТЭД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ “ХҮНДЭТ ТЭМДЭГ” ГАРДУУЛЛАА

ХБНГУ-ын иргэн Хелмүт Хелбигт цахилгааны инженер мэргэжилтэй, ХБНГУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Мозанбек, Афганистан, Доминикан зэрэг улсуудад ажиллаж байсан юм. Тэрээр 1998 онд Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн даалгавараар Монгол Улсад ирж, Эрчим хүчний сургалтын төвийг хөгжүүлэх, эрчим хүчний салбарын ажиллагсдыг сургах төсөл хэрэгжүүлж байжээ. Хелмүт Хелбиг энэхүү төсөл дээр 1998-2006 он хүртэл ажиллаж, эрчим хүчний сургалтын төвд шинэ лаборатори байгуулах, багш ажилчдыг сургах, эрчим хүчний салбарт мэргэжилтэй ажилтнууд бэлтгэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Мөн тэрээр 2006-2009 онд Эрчим хүчний газрын даргын зөвлөхөөр ажиллаж, Олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгч, ХБНГУ-ын эрчим хүчний үйлдвэр компаниуд, их сургуулиудтай хамтын ажиллагааны холбоо тогтоох, ХБНГУ-ын болон Монгол Улсын хувийн хэвшлүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан юм.

Хелмүт Хелбиг 2017 оноос Германы хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд "Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага”-ын шугамаар Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газарт зөвлөхөөр ажиллаж, Эрчим хүч үйлдвэрлэгч, байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, цалин, шагналын систем, урамшуулал, зохицуулалтын чиглэлээр судалгааны ажлууд хийсэн юм.

ХЕЛМҮТ ХЕЛБИГТЭД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ “ХҮНДЭТ ТЭМДЭГ” ГАРДУУЛЛАА

Тэрээр Монголын эрчим хүчний салбартай 20 жилийнхээ амьдралыг холбосон туршлагатай зөвлөх бөгөөд удахгүй эх орондоо буцах гэж байгаа юм байна.

 

Хелмүт Хелбиг Монгол Улс дөнгөж зах зээлд шилжиж байх үед ирж ажиллаж байсан дурсамжаасаа хуваалцаж, "Монгол Улсад ажиллаж амьдарсан 20 жилийн хугацаанд Монголын эрчим хүчний салбарыг би нэг том айл юм байна гэдгийг сайн ойлгосон. Эрчим хүчний салбар, тэр дундаа Монголын Эрчим хүчний зохицуулах хорооны хөгжил дэвшил дэлхийн улс орнуудын эрчим хүчний зохицуулалтын байгууллагуудтай адилхан хөгжиж дэвшиж байгаад баяртай байна” хэмээн онцолж байлаа. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Хелмүт Хелбиг бол Монголын эрчим хүчний салбарыг маш сайн мэдэх цөөхөн гадаад мэргэжилтнүүдийн нэг. Олон төсөл хөтөлбөрийг үр өгөөжтэй хэрэгжүүлж, Эрчим хүчний сургалтын төвийг шинэчлэх, бааз суурийг нь бэхжүүлэх, сургагч багш нарыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тухайн үед Хелмүт Хелбигийн удирдаж байсан төслийн 1 төгрөгийн хөрөнгө 4 төгрөгийн ашиг өгсөн гэдэг тооцоо гарч байлаа. Монголын эрчим хүчний салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, 20 жилийн хөдөлмөр бүтээлээ зориулсан танд талархал илэрхийлье” гэсэн юм.