2019 оны 08-р сарын 18, Ням гариг

Хэрэглэгчийн гадна цахилгаан хангамж оруулгын утас кабельтай холбоотой 4928 зөрчлийг илрүүлжээ

Хэвлэх 2019 оны 08-р сарын 07, Нийт үзсэн : 77

Хэрэглэгчийн гадна цахилгаан хангамж оруулгын утас кабельтай холбоотой 4928 зөрчлийг илрүүлжээ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын хэрэглэгчдийн гадна цахилгаан хангамжийн ашиглалтын байдалд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр тус компанийн 1189 инженер техникийн ажилтан хэрэглэгчдэд цахилгааны оруулгын утас, щитний аюулгүй байдлыг хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, оруулгын утсаа солиулахаар материалаа бэлдсэн хэрэглэгчдийн утсыг газар дээр нь сольж өгөх, гадна цахилгаан шугам, тоноглол нь шаардлага хангахгүй хэрэглэгчдийн зөрчлийг арилгуулах арга хэмжээнүүдийг авсан юм. Үзлэгээр аж ахуй нэгж, байгууллага, айл өрхүүдийн гадна цахилгаан хангамж оруулгын утас кабельтай холбоотой 4928 зөрчлийг илрүүлж, 3962 хэрэглэгчид шаардлага өгч, ашиглалтын шаардлага хангахгүй хэвийн бус холболттой 292 хэрэглэгчийн цахилгаан хэрэглээг түдгэлзүүлж, 288 гэмтлийг устгаж, 10511 хэрэглэгчид мэргэжил арга зүйн заавар зөвлөмж,тараах материал өгч, 2538 хүүхдийг цахилгаанаас үүдэлтэй аюул ослоос урьдчилан сэргийллээ. Хэрэглэгчдийн цахилгааны шугам, тоноглолд дараах зөрчлүүд ихэнх хувийг эзэлж байна.

Үүнд: Хэрэглэгч тоолуурын нэгдсэн щитнээс оруулгын кабель утсаа татахдаа стандартын бус буюу модон дээр дамжуулагч утсыг хадаасаар хадаж бэхэлсэн, хашаанд төмөр утсаар бэхэлсэн, зэс, хөнгөн цагаан, хайлш гэх мэт төрөл бүрийн дамжуулагч, диаметртэй цахилгааны утаснуудыг хооронд нь холбон ил задгай салаалж татсан;

Айлуудын оруулгын кабель утаснууд залгаа ихтэй, гадна тусгаарлага нь язарч муудсан, щитнээс утас гарсан хэсэгт хамгаалалтын хоолой хийгээгүй, газарт булж далдлаагүй, авто зам доогуур татахдаа хамгаалалтын хоолой хийгээгүй, хашааны дээгүүр стандартын бус өндөрт татсан, төмөр хийцтэй хашаа, чингэлгийн их биед тусгаарлагч ашиглахгүйгээр шууд татаж бэхэлсэн, байшингийн дээвэрт хүрсэн унжилттай;

Айл өрхүүд нүүж суухдаа агаарын шугамын тулгуур дээр буултын болон оруулгын үзүүр утас, хашаандаа хүчдэлтэй кабелийн үзүүрийг ил задгай үлдээсэн;

Айл өрхүүд дур мэдэн өөрийн хэрэглээний оруулгын утсаар дамжуулан бусад айл өрхүүдийг цахилгаанаар хангасан;

Аж ахуйн нэгжүүд өөрсдийн эзэмшлийн цахилгааны шугам тоноглолд ашиглалтын үзлэг, засвар хийдэггүй

 Эдгээр нийтлэг зөрчлүүд нь иргэдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлд орох аюултай хүчин зүйлийг үүсгэж байгаа юм. Өдөрлөгийн хүрээнд материал хэрэгслээ урьдчилан бэлдсэн 134 хэрэглэгчийн оруулгын утсыг шинэчлэн сольж, 900 орчим мянган төгрөгийн тарифт үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлжээ.