2019 оны 09-р сарын 17, Мягмар гариг

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн хамт олонд мэндчилгээ дэвшүүллээ

Хэвлэх 2019 оны 09-р сарын 09, Нийт үзсэн : 136

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн хамт олонд мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсад төвлөрсөн дулаан хангамж үүсч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК байгуулагдсаны түүхт 60-н жилийн ойн баяр энэ өдөр тохиож байна. Энэхүү түүхт ойд зориулсан баярын хурал дээр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан мэндчилгээ дэвшүүлж, Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Э.Түвшинчулуун, Б.Баттулга, У.Мягмарсүрэн, Б.Амарсанаа нар талархал гардуулсан юм. Та бүхэндээ Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Удирдлагын ухааны доктор, МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан А.Тлейханы мэндчилгээг бүрэн эрхээр нь хүргэж байна. 

МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсынхаа гал голомтыг мөнхөд бадраах ариун үүргээ нэр төртэй биелүүлж, Нийслэл хотын иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг хангахын төлөө хөлс, хөдөлмөр,   хичээл зүтгэлээ харамгүй зориулсаар ирсэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн үе, үеийн удирдлага, ажилтан албан хаагч, инженер техникийн ажилтнууд, энэ л үйлсэд амьдралаа зориулсан ахмад буурлууд та бүхэндээ Монгол Улсад төвлөрсөн дулаан хангамж үүсч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК байгуулагдсаны түүхт 60-н жилийн ойн халуун мэндийг Эрчим хүчний зохицуулах хорооныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж, баяр хүргэе.

Өнгөрч одсон 60 жил үйлс бүтээл, хөдөлмөр зүтгэлээр дүүрэн, бүтээн байгуулалт өрнөсөн, хөлс хүч шаардсан 60 жил байсныг би онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Одоогоос 60 жилийн тэртээ 9 ажилтан, 10 км урт шугам, 80 орчим хэрэглэгчтэйгээр тулгын чулуугаа тулсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн бүтээлч хамт олон өнөөдөр 2760 аж ахуйн гэрээтэй хэрэглэгч, ОСНААУГ-ны харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн 9000 гаруй барилга обьектын халаалт, 379.5 км урттай 13 магистраль шугам, насосны 8 станц, дулаан дамжуулах 2 төвөөр дамжуулан жилийн дөрвөн улирлын турш халаалт, хэрэглээний халуун усаар хэрэглэгчдийг тасралтгүй найдвартай ханган ажиллаж байна. Энэ бол эрхэлсэн ажил, хийсэн зүйлдээ чин сэтгэлээ гаргаж чаддаг танай  хамт олны хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм. Та бүхний энэхүү  хөдөлмөр зүтгэл иргэдийн ая тухтай амьдралын баталгаа болж, бүтээн байгуулалт өрнөсөн Улсын маань  нийслэл Улаанбаатар хотын амин судас нь болон лугшиж байгаа. Энэ бол бахархал юм.

Өрнүүн ажил өрнөсөн 60 жилийн түүхийг та бүхэн нэр төртэйгээр бичиж, түүх болгон баринтаглаж,  шинэ жарны түүхийг өнөөдрөөс эхлэн бичиж байна.

Үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэн тэлж, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэглээг хангахын тулд дулаан түгээлтийн найдвартай байдлыг улам сайжруулах,  шинэ эх үүсвэр барих, дэлхийн жишигт нийцсэн шинэ техник, технологийг нэвтрүүлэх,  дулаан хангамжийн дамжуулах, түгээх  ухаалаг сүлжээг бий болгох,  их ажил та биднийг хүлээж байна. 

 ТА БҮХЭНДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА А.ТЛЕЙХАН