2021 оны 03-р сарын 06, Бямба гариг

Байгальд ээлтэй амьдрах зөвлөмжүүдийг танилцуулав

Хэвлэх 2019 оны 10-р сарын 01, Нийт үзсэн : 800

Байгальд ээлтэй амьдрах зөвлөмжүүдийг танилцуулав

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын Налайх дүүргийн иргэдэд сэргээгдэх эрчим хүчний үр ашиг болон байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг сурталчлах зорилгоор сургалт зохион байгууллаа.  Эрчим хүчний яамнаас 2019 оныг Ухаалаг эрчим хүчний жил болгон зарласантай холбогдуулан Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн 30 жилийн ойн хүрээнд БНСУ-ын хөгжлийн стратегийн институт, Монгол Улсын сургалт зохион байгуулагч MCDS компанитай хамтран Налайх дүүргийн 300 гаруй иргэдийг хамруулан байгальд ээлтэй амьдрах дараах зөвлөмжүүдийг танилцуулсан юм. Үүнд:
1.    Гялгар уутнаас татгалзаж даавуун уут хэрэглэх.
                              а. Нэг хүн жилд дунджаар 100-150 гялгар уут хэрэглэдэг.
                              б. Гялгар уут нь байгальд 10-20 жилийн дараа задардаг.
2.    Багасга, дахин хэрэглэ, дахин боловсруул.
                              а Өдөрт нэг өрхийн хаяж байгаа хогны 60%-ийг дахин боловсруулж, ашиглах боломжтой байдаг.
                              б.Нэг тонн цаасыг дахин боловсруулснаар 17 мод% 26,500 литр ус хэмнэнэ.
3.    Байшингаа дулаалах.
                              а. Дээврээр 25%, цонх болон хаалгаар 25%, ханаар 35% харин суурь хэсгээр 15%-ийн дулааныг алддаг.
                              б.Дулаалга хийснээр байшин халаахад ашигладаг нүүрсний хэрэглээг 2 дахин бууруулах боломжтой.
4.    Мод тарих.
                              а. Дунджаар хоногт нэг мод 4 хүний хүчилтөрөгчийн хоногийн хэрэгцээг хангадаг.
                              б.Навчит мод дуу чимээний 25%-ийг замхруулж, тоос шороог 21-76% хүртэл өөртөө барьдаг бол мод сөөг нь утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг.
5.    LED гэрлийн чийдэн ашиглах.
                               а.LED гэрлийн чийдэнгийн асалтын цаг 50,000 цаг, харин бусад чийдэнгийнх 1,500-15,000 цаг байдаг.
                               б.50,000 цаг LED гэрлийн чийдэнг ашигласнаар цахилгааны төлбөрт 25,000₮ төлөх бол бусад гэрлийн чийдэнд 40,000₮-200,000₮ төлнө.
6.    Хуванцар усны савнаас татгалзах.
                               а.Нэг хүн жилд дунджаар 167 хуванцар усны сав хэрэглэдэг.
                               б. Хуванцар сав нь 50-100 жилийн дараа байгальд задардаг.
7.    Байгальд ээлтэй нөхөн сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглах.

                               а. Агаарын бохирдлыг бууруулж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ.
                               б. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь найдвартай, ашиглалтын зардал багатай байдаг.
8.    Сайжруулсан шахмал түлш хэрэглэх.
                               а. Өвлийн улиралд 4-5тонн түүхий нүүрс түлдэг байсан нэг өрх 2 дахин бага сайжруулсан түлш хэрэглэх боломтой. Сайжруулсан шахмал түлш нь түүхий нүүрснээс илчлэгийн хувьд 2 дахин илүү, шатах хугацаа 2 дахин урт байдаг.
Эдгээр зөвлөмжийг нийтийн эзэмшлийн газруудад тараан байршуулж олон нийтэд байгаль орчинд ээлтэй амьдрах ойлголтыг түгээх нь энэ сургалтын гол зорилго байсан юм. Сургалтаар сэргээгдэх эрчим хүчний талаар анхан шатны мэдэгдэхүүн, өдөр тутам ахуйн хэрэглээндээ ашиглах боломж, барилгын дулаан алдагдлыг бууруулснаар гарах үр ашиг, түүхий нүүрсний зохисгүй хэрэглээнээс татгалзах, агаарын бохирдол хаанаас үүсдэг талаар анхан шатны ойлголтууд, түүнтэй хэрхэн тэмцэх, ногоон байгууламжийн ач холбогдол болон хог хаягдлыг хор уршиг,  нэг удаагийн аяга, халбага, сэрээ зэрэг хэрэгслээс аль болох татгалзах, дахин ашиглагдах хэрэгслүүд ашиглах, хог хаягдлыг аль болох ангилж хаяж хэвших талаар мэдлэг олголоо.
Сургалтын үеэр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өдөр тутамд ашиглах боломжийг өөрийн нүдээр харах сонирхолтой олон иргэд байснаас гадна иргэдэд ойр, жишээ болох загвар станцуудыг байгуулбал олон нийтэд хүртээлтэй байх талаар санал гаргаж байсан юм. Сургалтад хамрагдсан иргэдэд байгальд хоргүй, олон дахин ашиглах боломжтой даавуун уут тараасан. Ингэснээр амьдралын хэвшлээ өөрчилж, бидний өдөр тутамд ашигладаг гялгар уутны хэрэглээг бууруулан байгальд ээлтэй амьдрах боломжийг олгох юм.