2019 оны 10-р сарын 22, Мягмар гариг

Хамтарсан кредит олгох механизмын хүрээнд Япон-Монгол бизнес эрхлэгчдийг холбох уулзалт, арга хэмжээ зохион байгууллаа

Хэвлэх 2019 оны 10-р сарын 07, Нийт үзсэн : 123

Хамтарсан кредит олгох механизмын хүрээнд  Япон-Монгол бизнес эрхлэгчдийг холбох уулзалт,  арга хэмжээ зохион байгууллаа

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам болон Байгаль Орчин, Уур Амьсгалын сангийн дэргэдэх Хамтарсан Кредит Олгох Механизмын нарийн бичгийн газар, Япон улсын Байгаль Орчны Яам, Хилийн Чанад дахь Байгаль орчны хамтын ажиллагааны төв байгууллага болон Эрчим хүчний зохицуулах хороо хамтран, “Хамтарсан Кредит Олгох Механизм” (ХКОМ)-ын чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй техник, технологи, үйлчилгээг нэвтрүүлэх, боломжит төсөл, хөтөлбөрийг олж илрүүлэх, цаашид хамтран ажиллах сонирхол бүхий Япон-Монгол улсын Бизнес эрхлэгчдийг холбож  өгөх уулзалт  арга хэмжээг зохион байгууллаа. Уулзалтад Японы Байгаль Орчны Яам болон ХКОМ-ын хэрэгжилтийг хангах зорилгоор ажилладаг харьяа байгууллагууд, Монголын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Хамтарсан Кредит Олгох Механизмын нарийн бичгийн газар, Эрчим хүчний салбар, хувийн хэвшлийн  үүрэг хүлээсэн хэрэглэгч болох нийт 50 орчим байгууллагын 140 гаруй төлөөлөл оролцов.

Хамтарсан кредит олгох механизмын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслүүдийг Япон улсын хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудын байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник технологи бүтээгдэхүүнийг Монгол улсад нэвтрүүлэх, эдгээр төсөл арга хэмжээний хувьд буурсан хүлэмжийн хийн хэмжээг кредит болгон тооцоолж Киотогийн протоколын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах үүрэг хүлээсэн улс оронд шилжүүлэн тооцуулах боломж бүрдэж байна. “Хамтарсан Кредит Олгох Механизм” (ХКОМ)-ын хэрэгжилтийн онцлог нь тухайн төсөл хэрэгжиж дуусаад, СО2 хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг бодитоор бууруулсан нь албан ёсоор батлагдсаны дараа тухайн төслийг ХКОМ-ын загвар төслөөр бүртгэн авдаг. Энэ журмын дагуу өнөөдрийн байдлаар манай улсын 4 загвар төсөл, 1 үзүүлэх төсөл бүртгэгдэн хэрэгжиж, бүгд хүлэмжийн хийн ялгарлын бууралт буюу кредитээ тооцуулан аваад байна. ХКОМ-ыг 2 чиглэлээр хэрэгжүүлдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд Сэргээгдэх эрчим хүчний төслүүд түлхүү хамрагдаж байсан бол, энэ жилийн арга хэмжээний хувьд тус механизмын  санхүүжилтээр үндэсний үүрэг хүлээсэн хэрэглэгч томоохон байгууллагуудад бага нүүрстөрөгч бүхий эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, хүлэмжийн хийг бууруулах төслийн чиглэл хүрээг өргөжүүлэх болсноороо онцлогтой байна. ХКОМ-ыг хэрэгжүүлж байгаа 17 улсаас 6 улс нь хэрэгжүүлж байгаа 19 төсөлдөө нийт 22022 т /CO2  тооцуулснаас, Монгол улс дангаараа 18312 т /CO2  дүйцэх хэмжээний кредит  тооцуулсан бөгөөд хүлэмжийн хийн ялгарлын бууралтын хэмжээ болон  тооцуулсан кредитийн хэмжээгээрээ манай улс тэргүүлж байна. Тус механизмыг хүлэмжийн хийг ялгаруулдаг 15 салбарт хэрэгжүүлэх өргөн боломж байгаа бөгөөд өнөөгийн нөхцөлд Монгол улсад илүү бодитойгоор хэрэгжих салбаруудыг онцолсон. Эдгээр салбаруудад хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй техник, технологи үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой, хэмжиж тайлагнах, нотлох аргаар бодитоор тооцоолон хийх боломжтой бүх төслүүдэд нээлттэй юм.