2019 оны 12-р сарын 14, Бямба гариг

“ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ИЙН 35МВт-ЫН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

Хэвлэх 2019 оны 10-р сарын 08, Нийт үзсэн : 217

“ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ИЙН 35МВт-ЫН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

Дархан хотын цахилгаан, дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг найдвартай хангах зорилгоор Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Эрчим хүчний үр ашиг-1” хөтөлбөрийн хүрээнд “Дарханы дулааны цахилгаан станц”ТӨХК-д 35МВт-ын шинэ турбингенераторыг суурилуулах турбогенераторын шинэчлэлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж дуусаад байна.

Эрчим хүчний салбарын ууган үйлдвэрүүдийн нэг болох “Дарханы дулааны цахилгаан станц”ТӨХК-ийн суурийг 1963 онд тавьж, 1965 оны 10 дугаар сарын 02-ны өдөр анхны үндсэн тоноглолуудыг ашиглалтад оруулж байжээ. Өнгөрсөн 54 жилийн хугацаанд түүхэндээ гурав дахь удаагийн томоохон шинэчлэл хийж хүлээлгэн өгч байгаа юм. Хүлээлгэн өгөх нээлтийн ажиллагаа 2019.10.05-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.

Нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, “Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан тэргүүтэй албаны хүмүүс болон гадны зочид төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд 60-80МВт-аар өсч байгаа. Өнөөдөр Дарханы дулааны цахилгаан станцын 35МВт-ын генератор ашиглалтад орсноор тэрхүү өсөлтийн 50 хувийг хангах боломжийг бүрдүүлж буйгаараа ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл Дархан хотын иргэдийн цахилгаан, дулааны хангамжийг төдийгүй Монгол Улсын эрчим хүчний системд чухал үүрэг гүйцэтгэх томоохон төсөл амжилттай хэрэгжиж байна” хэмээн онцолж байсан юм.