2019 оны 11-р сарын 13, Лхагва гариг

ЕРӨНХИЙ САЙД ЗАХИРАМЖ ГАРГАЖ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА А.ТЛЕЙХАНЫ ТОМИЛОЛТЫН ХУГАЦААГ СУНГАЛАА

Хэвлэх 2019 оны 11-р сарын 07, Нийт үзсэн : 246

ЕРӨНХИЙ САЙД ЗАХИРАМЖ ГАРГАЖ  ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА А.ТЛЕЙХАНЫ ТОМИЛОЛТЫН ХУГАЦААГ СУНГАЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 10 сарын 30-ны өдөр  Эрчим хүчний тухай хуулийн 8.3-р заалтыг үндэслэн 146 тоот захирамж гаргаж Алмаликийн  Тлейханыг  Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар гурван жил ажиллуулахаар  томилолтын хугацааг сунгалаа. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Алмаликийн  Тлейхан нь  дулаан инженер, үйлдвэрийн  эдийн засагч мэргэжилтэй. Америкийн Нэгдсэн Улс, болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсад мэргэжил дээшлүүлсэн, Удирдлагын ухааны доктор( Ph.D), Монгол Улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн хүндэт профессор цолтой. А.Тлейхан нь эрчим хүчний салбарт 43 жил ажиллаж байна. Тэрээр 1976-1996 онуудад “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д мастер,  ахлах инженер, цехийн дарга, ерөнхий инженер, 1990 оноос тус цахилгаан станцын дарга, 1995-1997 онд Төвийн эрчим хүчний системд хөрөнгө оруулалт технологийн шинэтгэлийн төвийн захирал, мэргэжилтэн, 1997-2004 онд Эрчим хүчний удирдах газар, Түлш, эрчим хүчний ерөнхий газарт хэлтэс, албаны дарга, 2004-2008 онд Түлш, эрчим хүчний яамны Эрчим хүчний судалгаа хөгжлийн  төвийн орлогч даргаар тус тус ажиллаж байсан. 2008-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр  2 удаа сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2012 онд  Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм.

 А.Тлейхан нь 2016 оны 11 сараас  эхлэн  Эрчим Хүчний Зохицуулах Хорооны даргаар томилогдон ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа Эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх болон хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалахад чиглэсэн зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажилласан.  Эрчим хүч хэмнэлтийн хуулийг  хэрэгжүүлэх ажлын  хүрээнд Шинжлэх ухаан технологийн Их Сургуультай хамтран эрчим хүчний аудитор, менежер бэлтгэх, хэмнэлтийг дэмжсэн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн мэргэжлийн үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах, Эрчим хүч хэмнэлтийн хуулийг хэрэглэгч, олон нийтэд сурталчлан таниулах зэрэг олон ажлуудыг санаачлан, “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулан ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 274 дүгээр тогтоолоор  батлуулсан.  Мөн Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг  нэгдсэн системд холбон ажиллуулах, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах, хууль эрх зүй, сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөөл олголт, тариф батлахтай холбогдсон зохицуулалтыг сайжруулах тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа бөгөөд олон улсад сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламж барих тоног төхөөрөмжийн үнэ өртөг, тариф буурч байгаатай холбоотойгоор Сэргээгдэх эрчим хүчний хуулинд нэгж цахилгаан эрчим хүчний үнийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг барихад өрсөлдөөний  үнэ хаялцуулах ажиллагаагаар зохион байгуулах зэрэг асуудлыг хөндөн, Сэргээгдэх эрчим хүчний  хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эрчим хүчний салбарыг урамшуулалт, зохицулалтын загварт шилжүүлэх ажлыг эхлүүлж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Эрчим хүчний зохицуулах хорооны хөгжлийн стратегийг боловсруулан батлуулж, хэрэгжүүлж, Хорооны хүний нөөцийн хөгжлийн шинэ менежментийг нэвтрүүлсэн зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэн, тодорхой үр дүнд хүрч байна. Иймээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх А.Тлейханыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар дахин ажиллуулахаар, томилолтын хугацааг нь гурван жилээр сунгасан байна.