2020 оны 02-р сарын 24, Даваа гариг

“ДУЛААН ОРЧИН-ХЭРЭГЛЭГЧИЙН АЯ ТУХ-2020” АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэвлэх 2020 оны 01-р сарын 16, Нийт үзсэн : 277

“ДУЛААН ОРЧИН-ХЭРЭГЛЭГЧИЙН АЯ ТУХ-2020” АЯНЫ ХҮРЭЭНД  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 Эрчим хүчний зохицуулах хорооноос Улаанбаатар хот, аймаг, орон нутгийн дулаан хангамжийн хүрээнд хэрэглэгчдийг халаалтын улиралд ая тухтай өвөлжих нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд “Дулаан орчин-хэрэглэгчийн ая тух-2020” аяныг дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 24-ний хооронд зохион байгуулж байна. Аяны хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дулаан түгээх, хангах үйл ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдал, хэрэглэгчийн санал, хүсэлтийн барагдуулалт, диспетчерийн үйл ажиллагаа, баримт бичгийн бүрдэл зэргийг шалгаж, аваар, саатлаас урьдчилан сэргийлэх, гарсан гэмтэл саатлыг түргэн шуурхай засварлах ажлыг зохион байгуулахад хяналт тавин ажиллаж байна. Баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн болон орон нутгийн 67 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 190 орчим ажилтан, албан хаагчдыг оролцуулсан сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 13, 15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтаар тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийн тайлан бэлдэх, түүнийг дүгнэх, үнэ тарифын санал боловсруулах, төлбөрийн мөнгөний урсгалын хувь хэмжээг тогтоох,  Аж ахуйн харилцааны дүрэм, “Холболтын журам”-ын хэрэгжилт, авах арга хэмжээ, Эрчим хүчний хэмнэлтийн бодлого, эрчим хүч хэмнэлт, зохистой хэрэглээ, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэнд хяналт, шалгалт хийх, техникийн бичиг баримтын бүрдэл, түүний хөтлөлт зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид 100%-ийн ирцтэй оролцлоо.  Сургалтад хүрэлцэн ирсэн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт өвлийн их ачааллын үеүдэд гэмтэл саатал, аваар осолгүй ажиллах, хэрэглэгчийг стандартын шаардлага хангасан дулааны эрчим хүчээр хангаж ажиллах, Эрчим хүчний салбарын авлага өсч байгаатай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэрэглэгчээс авах авлагыг тодорхойлох, хэрэглэгчдэд хуулиар хүлээсэн эрх, үүргийн талаар сурталчлан таниулах, мэдлэг, боловсрол олгох чиглэлд анхаарч ажиллах талаар зөвлөмж өгсөн.

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ХЯНАЛТЫН ГАЗАР

ХЭРЭГЛЭГЧ, ОРОН НУТГИЙН ХЭЛТЭС