2024 оны 04-р сарын 20, Бямба гариг

УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН ТӨСЛИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Хэвлэх 2020 оны 02-р сарын 04, Нийт үзсэн : 1825

 УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН ТӨСЛИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр өнөөдөр Зээлийн гэрээнд Монгол Улсыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төслийн гэрээнд УБДС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярсайхан нар гарын үсэг зурлаа. Төсөл нь 2020-2024 он хүртэл 4 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 10 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн шугам хоолойг өргөтгөж хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ төлөвлөлтийн бүсүүд рүү дулааны шугам татаж Дулаан хангамжийн хамрах хүрээг тэлэх, сүлжээний алсын зайн хяналт удирдлагын SCADA системд өргөтгөл хийх, ухаалаг тоолуурын үзүүлэх төсөл хэрэгжүүлэх гэсэн ажлууд хийгдэх юм. Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банкны Техник хамтын ажиллагааны хүрээнд 1.6 сая ам.долларыг Компанийн чадавхийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний судалгаа хийхэд зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл хэрэгжсэнээр Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны үндэсний хөтөлбөр 2018-2023, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хангах, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжууд, бага, дунд чадлын халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох техникийн боломжийг бүрдүүлэх бөгөөд дулаан хангамжийн системд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж үр ашгийг дээшлүүлэхээр зорьж байна.