2020 оны 07-р сарын 07, Мягмар гариг

А.ТЛЕЙХАН: МОНГОЛ УЛС 2023 ОНООС ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГЭЭ БҮРЭН ХАНГАХ БОЛОМЖТОЙ

Хэвлэх 2020 оны 03-р сарын 02, Нийт үзсэн : 1228

А.ТЛЕЙХАН: МОНГОЛ УЛС 2023 ОНООС ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ  ХЭРЭГЛЭЭГЭЭ БҮРЭН ХАНГАХ БОЛОМЖТОЙ

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, удирдлагын ухааны доктор, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер А. Тлейханы “Эрчим хүч инженеринг” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж  байна.

-Тлейхан даргаа, таныг “Эрчим хүчний мэргэжлийн нэвтэрхий толь” гэж  манай салбарынхан ярьдаг.  Тиймээс ярилцлагаа таныг энэ салбарт анх хөл тавьж байх тэр үеэс эхлэх үү?

-“Эрчим хүчний мэргэжлийн нэвтэрхий толь” гэж жаахан хэтийдсэн магтаал байж магадгүй. Гэхдээ эрчим хүчний салбар маань 98 дахь жилийнхээ түүхийг бичиж байна.  Гэтэл би эрчим хүчний салбартай ажил амьдралаа холбоод 44 жил болж байна. Миний багш нар энэ салбарын үндэс суурийг тавьж,  түүхийг  ажил амьдралаараа, хөлс, хөдөлмөрөөрөө бичсэн хүмүүс байсан.  Тиймээс нэвтэрхий биш гэхэд тодорхой хэмжээгээр мэдэлгүй яахав. /инээв/  

Би 1976 онд МУИС-ийн Эрчим хүчний инженерийн ангийг төгсч, III цахилгаан станцаас ажлын гараагаа эхэлж байлаа. Тухайн үед III цахилгаан станцын Өндөр даралтын станцад ажиллуулахаар 13 хүнийг хувиарласан. Шинэ станц хараахан ашиглалтад ороогүй байсан учир  бид нар  найман сар үнс зөөж, цэвэрлэгээний ажил хийж байсан юм. Үүнээс хойш III цахилгаан станцад 20, Эрчим хүчний удирдах газарт 12, нийт 32 жил эрчим хүчний салбарт тасралтгүй ажилласан. Би улсад  44  жил хөдөлмөр эрхэллээ. УИХ-ын гишүүнээр найман жил ажиллахдаа  Эдийн засаг, Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагдаж дэд бүтэц, эдийн засаг, эрчим хүчний салбарын эрх зүйн орчинг сайжруулахаар  ажилласан. Үндсэндээ миний хөдөлмөрлөсөн 44 жил бүгдээрээ эрчим хүчний салбарт шингэсэн гэж хэлж болно.

-Та УИХ-д хоёр удаа сонгогдож, 2012 онд  Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан?

-Би УИХ-д орохдоо гурван том зорилт тавьсан. Нэгдүгээрт, улс эх орныхоо төлөө олон хэрэгтэй зүйл хийчих юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй, хоёрдугаарт, эрчим хүчний салбартаа хувь нэмрээ оруулах юмсан гэдэг бодолтой, гуравдугаарт, сонгогч олон түмэн, тойрогтоо хэрэгтэй байгаа зүйлсийг нь хийж өгөх юмсан гэсэн хүсэлтэй УИХ-д орж ирж байсан. Эрчим хүчний салбарт ажиллаж, нухлагдаж байсан хүний хувьд салбарынхаа зах зээлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө, мөнгөгүй алдагдалтай байдлаас салгах, гаднын хөрөнгө оруулалт орж ирэх эрх зүйн орчинг нь  бүрдүүлж, орчин үеийн эрчим хүчний үйлдвэртэй болохыг зорьж байсан. Эдгээр зорилго минь өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээгээр биелэлээ олсон. УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа  2010 онд Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 72 дугаар тогтоолыг санаачилж, гишүүдтэйгээ хамтарч батлуулсан. Мөн Эрчим хүчний удирдах газарт байхдаа Эрчим хүчний салбарыг зах зээлд шилжүүлэх талаар  судалгааны ажил хийж байснаа   2012 онд дуусгаж,  “Эрчим хүчний салбарын менежментийн шинэчлэлийн зарим асуудал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Энэхүү судалгааны ажил, салбарт ажиллаж байсан дадлага, туршлага дээрээ үндэслэн эрчим хүчний салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор чармайж ажилласан. Ер нь  УИХ-д найман жил суухдаа гишүүд, эрчим хүчний салбарын байгууллагууд, яам, зохицуулах хорооны удирдлагуудтай хамтарч нийт дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Өрсөлдөөний тухай, Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн гурван хуулийг шинээр батлуулах ажилд биечлэн оролцсон. Түүний нэг нь Эрчим хүч хэмнэлтин тухай хууль байгаа юм.  Түүнчлэн хоёр  тогтоол, долоон хууль дээр ажиллаж эрчим хүчний салбарын болон бусад салбарын эрх зүйн орчныг шинэчлэх ажилд тодорхой хувь нэмэр оруулжээ. Би өөрийгөө эрчим хүчний салбартай хувь тавилангаараа холбоотой хүн гэж боддог. Энэ салбарт ажиллаж явлаа. Дараа нь салбарынхаа  эрх зүйн орчинг сайжруулах хуулийг нь батлалцаж явлаа. 

Харин өнөөдөр гаргасан хуулиудаа  амьдрал дээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бидний боловсруулж, батлуулсан хуулиуд энэ салбарт үнэхээр ач холбогдолоо өгч, эрчим хүчний салбар маань хүнд хэцүү нөхцлөөс гарч чадсан. Гэхдээ цаашид хийх ажил их байна.

-Та Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилогдоод 4 дэхь жилдээ ажиллаж байна? Өнгөрсөн хугацаанд юун дээр анхаарч ажилласан бэ?

- Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2017 онд 7.6 тэрбум кВт.ц байсан  бол 2019 онд 9.0 тэрбум кВт.ц болж нэмэгдлээ. Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэ нэмэгдэж байгаа хэрэглээг хэрхэн хангах вэ гэдэг том асуудал тулгараад байгаа. Эрчим хүчний зохицуулах хороо эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хангаж ажиллах ёстой байгууллага. Тиймээс маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч,  Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр боловсруулахад хамтран ажилласан. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар сэргээгдэх эрчим хүчийг зах зээлийн зарчмаар оновчтой хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаж байна. Үүний зэрэгцээ салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой ажиллагааг ханган, эрчим хүчний компаниудад урамшуулалт зохицуулалтыг хэрэгжүүлэх замаар салбарын өртөг, зардлыг бууруулахад анхаарч ажиллалаа. Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах ТЗЭ-дийн зардлыг бууруулах, эрчим хүч хэмнэх, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх хөшүүрэг, сонирхлыг бий болгох зорилгоор тухайн ТЗЭ-тэй тодорхой гэрээ байгуулж, түүний үр дүнгээр урамшуулж идэвхжүүлэхэд чиглэсэн “Урамшуулалт зохицуулалтын тогтолцоо”-г бий болгож хэрэгжүүллээ. Үүний үр дүнд 2018 онд нийт 8.6 тэрбум төгрөгийн үр ашгийг бий болгосон. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд өрсөлдөөнт зах зээлийг хэрэгжүүлэх, хямд өртөг бүхий дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тогтолцоог бий болгосон. Ингэснээр 2017 онд дулааны цахилгаан станцуудын цахилгааны тарифт зохицуулалт хийх замаар дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэлийн хэмжээг 100.4 сая кВт.ц-аар нэмэгдүүлж ОХУ-аас 26.5 тэрбум төгрөгөөр худалдаж авах байсан цахилгаан эрчим хүчийг дотоодын дулааны цахилгаан станцуудаас 5.1 тэрбум төгрөгөөр худалдаж авснаар 21.4 тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгож чадлаа. Эрчим хүчний тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг сайжруулж, аж ахуйн харилцааны дүрмүүдийг шинэчлэн баталлаа. “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн урт хугацаат 100.6 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрийг Монгол Улсын Засгийн газарт танилцуулж, хөрөнгө оруулалт хэлбэрээр шийдвэрлэх асуудалд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа талаар санал боловсруулж 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 132 дугаар тогтоол батлуулсан. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэхэд л цахилгаан эрчим хүчний хэрэглэгчдэд өнгөрсөн 3 жилийн хугацаанд  30 орчим   тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлт үзүүлсэн байна.  Эрчим хүчний зохицуулах хорооны гадаад хамтын ажиллагааг дээшлүүлэх, удирдлага, менежментийг сайжруулах гээд багагүй ажил хийж гүйцэтгэсэн байна.

-Монгол Улс Эрчим хүч хэмнэлтийн тухай хуультай болоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хуулийг хэрэгжүүлж ажиллаж байгаа газар бол Эрчим хүчний зохицуулах хороо. Хуулийн хэрэгжилт ямар шатандаа яваа вэ?

- Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль 2015 оны 11 сард Монгол Улсын Их Хурлаар батлагдсанаас хойш Монгол Улсын Засгийн газрын “Журам батлах тухай” 2016 оны 295 дугаар тогтоол, “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр батлах тухай” 2017 оны 274 дүгээр тогтоол, “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээ тогтоох тухай” 2019 оны 182 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай” 2019 оны 181 дүгээр тогтоолуудыг тус тус батлуулан хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд эрчим хүчний салбарын 29 байгууллага эрчим хүчний аудит хийлгэн, эрчим хүчний хэмнэлтийн 545 үйл ажиллагааг хэрэгжүүлж, 33.2 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 60.8 мян.Гкал дулааны эрчим хүч, 7.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ. Мөн бусад Үүрэг хүлээсэн 110 орчим хэрэглэгчдийн хувьд эрчим хүчний үр ашгаа сайжруулан 21 сая кВт.ц цахилгаан эрчим хүчийг хэмнэсэн үр дүнг үзүүлээд байна. Нийслэлийн боловсролын газартай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Төрийн болон Хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн 5 бүлэгт “Эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээ” хичээлийг оруулах зорилгоор сургалтын хөтөлбөр, сургагч багш нарыг бэлтгэх ажлыг зохион байгуулсан. Энэхүү хичээлийг нийслэлийн хэмжээний 241 ерөнхий боловсролын сургуулийн 139000 гаруй сурагчдад сургалтын хөтөлбөрөөр дамжуулан заасан бөгөөд уг хичээлийг заах үйл ажиллагаа тогтмолжих нөхцөл бүрдээд байна. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмуудыг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын 2019 оны 181, 182 тогтоолуудаар батлууллаа. Мөн эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг  тодорхойлох 6 стандарт, олон улсын эрчим хүчний удирдлагын тогтолцооны 6 бүлэг стандандартыг  боловсруулан, Стандарт хэмжил зүйн газрын Эрчим хүчний техникийн хорооны хурлаар батлууллаа. Эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн үйл ажиллагааг дүгнэх журам боловсруулж, батлуулан мөрдөж эхлээд байна. Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран Улаанбаатар хотын угсармал орон сууцны дулаан, техникийг шинэчлэх төсөл бэлтгэн НАМА буюу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээний сонгон шалгаруулалтад оролцож, эхний сонгон шалгаруулалтад тэнцэн НАМА-гийн Удирдах зөвлөлөөс төслийн нарийвчилсан судалгааг хийж гүйцэтгэхэд зориулан 300 мянган ам. доллар олгох шийдвэр гараад байна. Мөн эрчим хүчний хэмнэлт, түүний ач холбогдлыг олон нийт, нийгэмд телевиз, радио, цахим орчин, сонин сэтгүүлээр дамжуулан сурталчлах ажлыг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна.

- Засгийн газраас Эрчим хүч хэмнэлтийн Үндэсний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөр хэрэгжбэл эдийн засгийн хувьд ямар үр дүнд хүрэх вэ?

-Энэ хөтөлбөр маань 2018-2022 оны хооронд хэрэгжинэ. Хөтөлбөрт 18 зорилт бүхий 53 үйл ажиллагааг эрчим хүч, барилга, аж үйлдвэр, тээвэр, нийтийн салбарт хийхээр тусгаж өгсөн байгаа. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр 610 орчим сая кВт.ц цахилгаан эрчим хүч хэмнэх, ойролцоогоор 600 гаруй мянган тонн С02 хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, хэрэглэгч талдаа 80 орчим тэрбум төгрөгийн эрчим хүчний зардлын хэмнэлт бий болох боломж бүрдэнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Тиймээс хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг шат дараатайгаар хийж байна.

-Эрчим хүчний зохицуулах хороо саяхан шинэ байраа ашиглалтад оруулсан. Энэ байрны талаар?

-Эрчим хүчний зохицуулах хороо нь одоогоос жар гаруй жилийн тэртээ бүх нийтийн хамтын хүчээр барьж байгуулсан хуучин хоёр давхар конторын барилгын суурин дээр Олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр эрчим хүчний алдагдалгүй, хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчийг ашиглан өөрийн эрчим хүчний хэрэглээгээ хангадаг, цахилгаан автомашиныг цэнэглэх боломжтой, дөрвөн давхар шинэ барилгыг барьж ашиглалтад оруулсан. Энэ барилга маань эрчим хүчний хувьд бага хэрэглээтэй, цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээг маш нарийн тооцоолсон,  эрчим хүчний хэмнэлтээс жилдээ 130.000 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой, цахилгаан эрчим хүчнийхээ нийт хэрэглээний 60 орчим хувийг өөрсдөө нарны эх үүсгүүрээр үйлдвэрлэдэг гээд олон давуу талтай. Монгол Улсад жишиг гэж хэлж болохоор эрчим хүчний хэмнэлттэй байшин.

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд өнгөрсөн жил нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэвч бас үүнийг дагаад сэргээгдэх эрчим хүчийг бодлогоор дэмжихгүй байна гэдэг шүүмжлэл өрнөж байгаа. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Анх Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг батлахдаа сэргээгдэх эрчим хүчний үнийг хуульчлан, нарийн тогтоож өгсөн. Жишээлбэл, салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар, нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1кВт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 0.15-0.18 ам.доллароор худалдаж авна гэх мэтээр тогтоосон заалт бий. Хууль баталж байх 2007 оны үед ам.долларын ханш 1200 төгрөг байсан. Гэтэл жил ирэх тусам ам. долларын ханш огцом өсч эхэлсэн. Ханшийн зөрүүнээс болж сэргээгдэх эрчим хүчний үнэ, уламжлалт аргаар үйлдвэрлэсэн эрчим хүчний үнэ хоёрын хооронд үнийн зөрүү гарч эхэлсэн. Тиймээс 2015 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, нар, салхины эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно гэсэн заалтыг тусгаж өгсөн. Хуулийн дагуу 2015 оноос эхлэн Сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг нэвтрүүлсэн. Гэтэл энэ хуулинд өөрчлөлт оруулах хоёр үндсэн шаардлага бий болсон. Нэгдүгээрт, эрчим хүчний үнэ тарифтай холбоотой асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр шинээр ашиглалтад орох тоолонд дэмжих тарифын хэмжээ нэмэгдэж, хэрэглэгчдэд үнэ тарифын дарамт учруулах болсон. Хоёрдугаарт, эрчим хүчний тогтвортой, найдвартай ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байдал үүссэн. Тиймээс яалт ч үгүй Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиа эргэж харж, өөрчилж засч залруулах нөхцөл байдал үүссэн. Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэх, өрсөлдөөнт зах зээлийг бий болгох заалтууд орсон байгаа.

-Өнгөрсөн 2018 онд Засгийн газрын хуралдаанаар “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хөтөлбөрийн үр өгөөжийг та хэрхэн харж байгаа вэ?

-Манай улс  2015 онд УИХ-ын 63 дугаар  тогтоолоор “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ыг баталсан.  Эрчим хүчний салбарыг 2015-2030 он хүртэл  хөгжүүлэх энэхүү бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх, хийхээр төлөвлөсөн ажлуудыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Засгийн газар “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг баталж гаргалаа. Өөрөөр хэлбэл  2018-2023 он хүртэл  эрчим хүчний салбарт хийж, хэрэгжүүлэх ажлыг маш ойлгомжтой, цэгцтэй болгож, төлөвлөж өгсөн.  Энэ дунд хугацааны хөтөлбөр батлагдснаар эрчим хүчний салбарын аюулгүй, найдвартай ажиллагааг хангах, дутагдаж байгаа эх үүсвэрийг барьж байгуулах, шаардагдаж байгаа хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн гэж болно. Төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр  маань  стратегийн зургаан том зорилтын хүрээнд эрчим хүчний салбарт хийж хэрэгжүүлэх ажлуудыг нарийн тусгаж өгч эрчим хүчний хэрэгцээгээ дотоодын эх үүсвэрээсээ бүрэн хангах зорилт дэвшүүлсэн гэдгээрээ онцлогтой.

-Сүүлийн үед эрчим хүчний салбарт хуучин станцуудыг өргөтгөх ажлыг түлхүү хийж байгаа. Олон хүн үүнд шүүмжлэлттэй ханддаг? Харин таны хувьд ямархуу бодолтой байдаг вэ?

-Өнөөдөр ажиллаж байгаа дулааны станцуудаа хуучин гэж ад үздэг, нэмж өргөтгөх шаардлагагүй гэж ярьдаг хүмүүс бий. Би бол үүнтэй санал нийлдэггүй. Өнөөдөр ажиллаж байгаа станцуудад өөрийн гэсэн эзэмшлийн газар, төмөр зам, дэд бүтэц гээд бүх зүйл нь байна. Тэнд ажиллах боловсон хүчнүүд маань бий. Тиймээс хүчин чадлыг нь өргөтгөн бага зардлаар эх үүсвэрээ нэмэгдүүлэх нь илүү хямд бөгөөд үр өгөөжтэй. Эрчим хүчний хэрэглээ жилд 5-10 хувиар тогтмол нэмэгдэж байна. Тиймээс эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Дунд хугацааны хөтөлбөрт  Дулааны 4 дүгээр цахилгаан станцын 1-4-р турбингенераторыг  шинэчилж хүчин чадлыг нь 89 МВт-аар нэмэгдүүлнэ, Дарханы дулааны цахилгаан станцыг 35 МВт,  Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 МВт, Дулааны 3 дугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийн суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар тус, тус өргөтгөхөөр  тусгаж өгсөн. Мөн Амгалангийн дулааны станцыг 50 МВт-ын дулаан цахилгаан хослон үйлдвэрлэх зуух, турбогенератороор өргөтгөнө. Дээрх төслүүд хэрэгжсэнээр 2020 он гэхэд 290 орчим МВт-аар суурилагдсан хүчин чадал нэмэгдэнэ. Үүний дараа Дулааны 3 дугаар цахилгаан станцын дунд даралтын хэсгийг буулгаж оронд нь 250 МВт-ын шинэ станц барих,  Дулааны 2 дугаар цахилгаан станцыг буулгаж, оронд нь 300 МВт-ийн хүчин чадалтай, нэг  агрегат нь тохируулгын горимд ажиллах хийн генератор бүхий шинэ станц, мөн Тэлмэнгийн 100 МВт-ын дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа. Энэ төсөл хэрэгжвэл гурван жилийн хугацаанд  нийтдээ 500 гаруй МВт-ын шинэ хүчин чадал бий болох юм. Баруун бүсэд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 50 орчим МВт-ын хүчин чадалтай нар, салхины эх үүсвэрүүд баригдана. Мөн Ховд гол дээр 92 МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдаж тус бүс нутаг эрчим  хүчний дотоодын эх үүсвэрээс бүрэн хангагдах боломжтой болно. Ингэснээр баруун бүс нутаг цэвэр эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хэрэгцээгээ бүрэн хангасан жишиг бүс болно гэж харж байна. Өргөтгөл шинэчлэлтийг хослуулж, эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломж бидэнд байгаа. “Эрчим хүчний салбарын дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр 2023 оноос дотоодын үйлдвэрлэлээр хэрэглээгээ бүрэн хангах боломжтой.

-Эгийн голын усан цахилгаан станц, 5-р цахилгаан станц гээд маш олон бүтээн байгуулалтын ажлууд зогссон. Одоо Багануурын цахилгаан станцын асуудал маргаантай байна. Нэг талдаа улс төржилт, нөгөө талдаа мэргэжлийн хүмүүсийн үл ойлголцлоос болж томоохон төсөл, хөтөлбөрүүд зогсонги байдалд ордог гэсэн мэдээлэл бий. Энэ хэр бодитой вэ?

- Манай улсын эрчим хүчний бие даасан тогтвортой байдлыг хангахад усан цахилгаан станц хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Харамсалтай нь Эгийн гол, Шүрэнгийн гол дээр баригдах томоохон цахилгаан станцууд гадны улс орны нөлөөгөөр зогсонги байдалд орсон. Тиймээс Эрчим хүчний сайдын шийдвэрээр усан цахилгаан станц барих өөр боломжуудыг судлах ажлын хэсэг гарч, судалгаа хийж байна. Эхний дүгнэлтүүд гарч ирж байна. Ажлын хэсгийн дүгнэлтээс харахад Монголоос эх аваад, Монголдоо цутгадаг голуудыг түшиглэн 20 гаруй усан цахилгаан станц барих боломж байна. Ц.Даваасүрэн сайдын санаачилгаар “Усан цахилгаан станцыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Засгийн газраар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа.Тавдугаар цахилгаанын хувьд  төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар Концессийн хуулийн дагуу эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх гэж зорьсон анхны том төсөл байсан. Хувийн хэвшил мөнгөө гаргаж бариад, ашиглана төр тодорхой хугацааны дараа буцааж авах тохироотой байсан. Гэвч төслийн хугацаанд хөрөнгө оруулагчид саналаасаа татгалзсан. Өнөөдөр Багануурын цахилгаан станцын асуудал ид яригдаж байна. Бид нүүрсээр баялаг, хөгжиж буй орны хувьд нүүрсний цахилгаан станц барих нь өртөг бага. Цахилгаан станцад нүүрснээс гадна ус хэрэгтэй. Хямд эрчим хүч үйлдвэрлэхийн тулд уурхайн аман дээр байгуулах нь ашигтай. Энэ утгаар нь Багануурт цахилгаан станц барих шийдвэр аль 1985-1986 онд гарсан байдаг. Тиймээс Багануурын цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх бүхий л боломжийг бид судалж байна. Багануурын уурхайг түшиглэж барих цахилгаан станцын төслийг судалж, дүгнэлтээ гаргасан. Үнэхээр л засаж сайжруулахаас өөр аргагүй зүйлүүд гарч ирсэн. Нэгдүгээрт, Багануурын уурхайг түшиглэн тус бүр нь 350 МВт-ын хүчин чадалтай хоёр зэрэгцээ турбин бүхий нийтдээ 700 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай дулааны цахилгаан станц барина гэж тесөлд тусгасан. Гэтэл манай эрчим хүчинд ашиглагдаж байгаа турбины хамгийн их хүчин чадал нь 123 МВт байгаа. Энгийн үгээр тайлбарлахад Багануурын дулааны цахилгаан станцын 350 МВт-ын турбинтай манай “ДЦС-4”-ийн 123 МВт-ын турбин зэрэгцэж ажиллана гэсэн үг. Багануурын дулааны цахилгаан станц.дээр нэг гэмтэл, саатал гарахад төвийн эрчим хүчний системд савалт өгч, тэр чигээрээ савлаж бүрэн зогсох аюул бий. Өнгөрсөн 2018 онд “ДЦС-4” гэнэт бүрэн зогсоход бусад цахилгаан станцууд дээр саатал гарч байгаа шиг л зүйл болно. Тиймээс Багануурын цахилгаан станц дээр 350 МВт-ын хүчин чадалтай турбин суурилуулж болохгүй. Өнөөдрийн байдлаар 200 МВт-аас доош хүчин чадалтай турбиныг суурилуулах шаардлагатай гэдэг дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан.  Өөрөөр хэлбэл төсөл энэ хэвээрээ хэрэгжвэл Монгол Улсын эрчим хүчний системийн аюулгүй найдвартай ажиллагаанд эрсдэл үүснэ гэсэн үг. Үүнээс гадна “Цахилгаан худалдах, худалдан авах гэрээ”-нд байгаа. Төсөл хэрэгжүүлэгчид “Багануурын цахилгаан станцын үйлдвэрлэсэн бүх цахилгаан эрчим хүчийг худалдаж авна гэсэн гэрээг “Диспетчерийн үндэсний төв" ХХК-тай байгуулсан байсан.  Үүнийг өөрчилж, хэрэглээнээс хамааран диспетчерийн зохицуулалтаар цахилгаан худалдан авах гэм мэт өөрчлөлт хийх шаардлагатай. Төслийг засч сайжруулах, гэрээ хэлцлүүд хийгдээд явж байна.

-Өнгөрсөн жил эрчим хүчний үнэ нэмэгдсэн. Өнөөгийн байдлаар бодит өртгөөс хир зөрүүтэй байгаа вэ?

-Эрчим хүчний үнэ тариф 2015 оноос хойш ямар нэг өөрчлөлт ороогүй байсан. Гэтэл 2015 оноос хойших дөрвөн жилийн хугацаанд нүүрсний үнэ 40 хувиар,нүүрсний тээврийн зардал 10 хувиар, мазутын үнэ 31.8 хувиар, гадаад валютын ханш 31.6 хувиар,үйлдвэрлэгчийн болон хэрэглээний үнийн индекс 14.3 хувиар, ашиглалтын усны үнэ 20.7 хувиар, импортын цахилгааны үнэ 31.3 хувиар, эрчим хүчний байгууллагуудын ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэл 1.0 нэгжээр буюу 7.7 хувиар тус тус өссөн. Мөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрүүдийн тоо нэмэгдсэн зэрэг олон шалтгаанууд бий.  Тиймээс эрчим хүчний тарифт зайлшгүй зохицуулалт хийх шаардлага гарсан. Өнгөрсөн 2019 онд Эрчим хүчний зохицуулах хорооноос үнэ тарифын зохицуулалт хийсэн байгаа.  Ер нь эрчим хүчний үнэ бодит өртгөөсөө хямд. Ганцхан жишээ дурдахад Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн 1 кВт.ц цахилгааны борлуулалтын дундаж үнэ 151.40 төгрөг байхад нэгжийн өртөг 2018 онд 155.85 төгрөг байсан. Өөрөөр хэлбэл 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 155.85 төгрөгөөр үйлдвэрлээд 151.40 төгрөгөөр зарж 4 төгрөг, 45 мөнгөний алдагдал хүлээж байсан гэсэн үг. Эрчим хүчний компаниуд, нүүрсний уурхайнуудаас үнэ тарифыг нэмэх санал удаа дараа гардаг ч хэрэглэгчдэд үзүүлэх цахилгаан, дулааны төлбөрийн өсөлтийн ачааллыг бага байлгах үүднээс эрчим хүчний компаниудын зардлыг хянаж бууруулах, дотоод нөөц бололцоог ашиглах, өрсөлдөөний зарчмаар ажиллаж, импортын цахилгааны хэмжээг багасгах гэх мэт олон арга хэмжээ авч ажиллаж байна.

-Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байна. Ийм нөхцөлд эрчим хүчний үнийг хөнгөлөх, хямд үнээр борлуулах шаардлага бий юу?

- Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай хот суурин газрын гэр хорооллын иргэдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50-100 хувь хөнгөлж байгаа. Мөн шөнийн тарифын хөнгөлөлтөд нийтдээ 9.8 тэрбум төгрөг зарцуулсан. Гэхдээ шөнийн тарифын хөнгөлөлтөд зарцуулсан мөнгийг Засгийн газар Улсын төсвөөс өгч байгаа. Үүнээс гадна айл өрхийн хэрэглэсэн 150 кВт.ц цахилгааны үнийг  хөнгөлдөг. Тодруулбал 1 кВт.ц тутамд 37 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа. Өнгөрсөн 2018 онд гэхэд  нийтдээ 62.7 тэрбум төгрөгийн цахилгааны үнийн хөнгөлөлт, 1 өрхөд сард дунджаар 9500 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэнЭрчим хүчний салбарийн санхүү, эдийн засгийн нөхцөл хүнд байгаа нь үнэн. Гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд ахуйн хэрэглэгч буюу айл өрхөд үнийн хөнгөлөлтийг тогтмол үзүүлж байгаа.

-Эрчим хүчний салбарт нэг худалдан авагчтай загварыг олон жил ашиглаж байна. Бодит биш мөнгөн өглөг авлага цаасан дээр бичигддэг, өр улам нэмдэг энэ загвараас өөр загвар сонгох боломж бий юу?

- Эрчим хүчний салбарт 2001 онд бүтцийн өөрчлөлт хийгдсэний дараа цахилгааны бөөний зах зээлийн үйл ажиллагааг үйлдвэрлэгч болон түгээх сүлжээ компаниудын хооронд байгуулсан оноолтын тогтолцоогоор хэрэгжүүлж байсан. Тухайн үед түгээх сүлжээнүүдийн орлого цуглуулалт муу байсантай холбоотой дулааны цахилгаан станцуудын орлого цуглуулалт 60-70 хувьд хүрч нүүрс, түүхий эд материал, засвар үйлчилгээний төлбөрийг хийхэд хүндрэл учирч байсан байлаа. Энэ хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд Дэд бүтцийн сайдын 2002 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 240 дугаар тушаалаар Төвийн бүсийн цахилгаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч (ТЗЭ)-дийн хүрээнд мөрдөх “Нэг худалдан авагч”-тай зах зээлийн загварыг баталж оноолтын тогтолцоог халсан юм. Энэхүү загвар төвийн бүсийн эрчим хүчний системд 14 жил мөрдөгдөж байна. Нэг худалдан авагчтай загварыг авч хэрэгжүүлснээр эрчим хүчний салбарын санхүүгийн байдал, мөнгөний урсгалыг зохих түвшинд тогтворжуулсан. Цахилгаан түгээх компаниудын НХА-тай загварт төвлөрүүлэх орлого төвлөрүүлэлт 2002-2003 онд 92.0 хувьтай байсан бол 2004 оноос хойш харьцангуй тогтвортой буюу 96.8-100 хувьд хүрч, үүнийг дагаад орлого төвлөрүүлэлт 94.0-105.8 хувьд хүрсэн. Аливаа зүйл сайн, муу хоёр талтай. Энэ загварыг хэрэгжүүлснээр салбарын эдийн засаг тогтворжиж байгаа ч цахилгааны зах зээлийг өрсөлдөөний хэлбэрт шилжүүлэхэд хүндрэл үүсгэж эхэлсэн. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хороо 2017 оноос эхлэн тусгай зөвшөөрөл зэмшигчидтэй “Урамшуулал зохицуулалтын гэрээ” байгуулан ажиллаж байна.  Үүний үр дүнд 2017 онд гэхэд 23,8 тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгосон байна. Цаашид эрчим хүчний салбарын санхүү эдийн засгийн байдлыг сайжруулж тулд өрсөлдөөний зах зээлийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид олон улсаас туршлага судалж,  мэргэжилтнүүдээ  сургаж, дадлагажуулан, тодорхой хэмжээнд судалгааны ажлууд хийж байгаа.

- Та эрчим хүчний инженер хүн нийгмийн өмнө хүлээх хариуцлагын талаар юу гэж үздэг вэ? Энэ талаар оюутан залуучуудад  хандан юу хэлэх вэ?

-Инженер гэдэг үг Латин хэлний ingenium буюу "ухаалаг нээлт", "хурц ухаан" гэсэн утгатай үгнээс гаралтай. Эндээс л инженер гэдэг хүний мөн чанар танигдана. Инженер хүн бүтээлч байх ёстой. Аливаа зүйлийг үргэлж сайжруулж, шинэчлэхийн төлөө эрэл хайгуул хийж явах учиртай гэж би боддог. Өнөөдөр техник технологийн эрин зуунд бид амьдарч байна. Тиймээс залуу инженерүүд маань илүү их хичээж, сурч боловсорч, техник технологийн хөгжил дэвшлийг эх орондоо нутагшуулаасай гэж хүсдэг. Манай залуучуудад асар их ирээдүй бий.

-Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: “Эрчим хүч инженеринг”