2024 оны 03-р сарын 29, Баасан гариг

“Сонгино” дэд станц ашиглалтад орлоо

Хэвлэх 2020 оны 12-р сарын 08, Нийт үзсэн : 1326

“Сонгино” дэд станц ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын төдийгүй эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх “Сонгино” дэд станцыг ашиглалтад оруулж, хүчдэлд залгалаа. Уг станцыг барих ажил 2012 оноос эхэлсэн бөгөөд  газрын маргаан болон валютын ханшийн зөрүүгээс 8 жил  гаруй хугацаанд гацаанд орсон байсан юм. Тэгвэл Эрчим хүчний яамнаас 2020 оны улсын төсөвт 4 тэрбум төгрөгийг нэмэлтээр суулгаснаар барилга, угсралтын ажлыг дуусгаад байна. Монгол Улсын томоохон зангилаа болох “Сонгино” дэд станц нь Улаанбаатар хотын “ДЦС-4” ТӨХК , Дундговь, Өмнөговь аймаг болон Эрдэнэт, Дархан хотын дэд станцуудаар дамжин ОХУ-ын системтэй холбогдох юм. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн дамжуулах чадвар мөн 250 МВА-аар нэмэгдэнэ.

“Сонгино” дэд станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын “Зайсан” дэд станц хоёр талын тэжээлтэй болох төдийгүй 110кВ-ын найман жил хүчдэлгүй байсан “Яармагийн гүүр”, “Шинэ яармаг” дэд станцууд хүчдэлд холбогдож, 110кВ-ын “Их тойруу” систем бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх юм. Мөн Хөшигийн хөндийд байрлах Олон улсын  шинэ нисэх онгоцны буудлын цахилгаан хангамж үндсэн тэжээлээс холбогдох боломжтой юм.

Мөн “Сонгино” дэд станцаас Өмнийн говь руу татсан 670 км 220кВ-ын агаарын шугам хүчдэлд холбогдон 220кВ-ын “Мандал”, “Тавантолгой”, “Оюутолгой”, “Цагаансуварга” дэд станцууд ажиллагаанд орж, уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломж  бүрдэнэ. Энэ хэмжээгээр импортын  эрчим хүчинд зарцуулах мөнгөн урсгал дотооддоо үлдэх эдийн засгийн ач холбогдолтой юм.