2021 оны 04-р сарын 20, Мягмар гариг

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ МЭРГЭЖИЛТЭН Н.БАДАМЦЭЦЭГ “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНУУЛЛАА

Хэвлэх 2021 оны 03-р сарын 03, Нийт үзсэн : 388

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ МЭРГЭЖИЛТЭН Н.БАДАМЦЭЦЭГ “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНУУЛЛАА

Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын эрчим хүчний салбар хариуцсан  мэргэжилтэн Н.Бадамцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнууллаа. Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд Н.Бадамцэцэгийг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм Н. Бадамцэцэг нь Эрчим хүчний сургууль болон  эрчим хүчний салбарын удирдах байгууллагад тасралтгүй 32 жил үр бүтээлтэй ажиллах хугацаандаа Дөргөний УЦС-ын барилга угсралтын ажлыг эхлүүлэх, төслийн  барилгын ажлын явц, хянах хэмжих автоматикийн хэсэгт хяналт тавьж ажиллах, төслийн нэгжийн санхүүгийн гүйцэтгэл гаргах,  станцыг байнгын ашиглалтад оруулан, улсын комисст хүлээлгэн өгөх зэрэг станцын бүхий л шат дамжлагад идэвх  санаачилга үр бүтээлтэй ажиллаж ирсэн.  Дөргөний УЦС-ыг барьж ашиглалтад оруулснаар 12 жил ажиллан 420 сая кВтц цахилгаан  эрчим хүч үйлдвэрлэн 40 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт гарган, алслагдсан баруун бүсийн  Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн   хэрэглэгчдийн эрчим хүчний  аюулгүй байдлыг баталгаажуулахад  тодорхой хувь нэмэр оруулсан.  Дулааны цахилгаан станц болон Усан цахилгаан станцын хамгийн чухал асуудал болох автомат тохируулгын систем, хянах  хэмжих тоноглолын нарийвчлалын талаар олон сурах бичиг гарын авлага, бичиж хэвлүүлсэн нь станцын ажилчдын гарын авлага болохын зэрэгцээ шинэ залуу боловсон хүчин бэлтгэх, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ажилласан. 2016 оноос өнөөг хүртэл  Эрчим хүчний зохицуулах  Хороонд ажиллах хугацаандаа Эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлэх, зохицуулалтын орчинг сайжруулах, Эрчим хүчний хэмнэлтийн хуульд заасан хорооны бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл  ажиллагаанд тодорхой үүрэгтэй оролцсон. “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн “Эрчим хүч хэмнэх үйл ажиллагааны тайланг үнэлэх аргачлал”, “Эрчим хүчний аудитын тайланг үнэлэх маягт” зэргийг бие даан боловсруулан батлуулсанаар Үүрэг хүлээсэн хэрэглэгч, аудитор, магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, гүйцэтгэлийг үнэлэх нөхцлийг бүрдүүлж ажилласан. Үүний үр дүнд  Н.Бадамцэцэгийн хариуцсан эрчим хүчний салбарын 30 байгууллага 2018-2020 онд эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр 423 үйл ажиллагааг хэрэгжүүлж, 253.6 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 3.9 сая. кВт.ц дулааны эрчим хүч буюу мөнгөн дүнгээр илэрхийлбэл 17.3  тэрбум төгрөгийн хэмнэлт гарган 175.1 сая.тн хүлэмжийн хийг бууруулж ажилласан байна.

Мөн Н. Бадамцэцэг нь сагсан бөмбөгийн спортоор 40 жил хичээллэж хот улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол амжилт гаргасаар ирсэн.  “Сагсан бөмбөг”-ийн Спортын мастер цолтой.  Сүүлийн 10 жилийн хугацаанд Улсын аваргын 7 алт, 3 мөнгө, ЭХЯ-ны багийн гишүүн бөгөөд “ Засгийн газрын цом тэмцээний 8 удаагийн аварга болж, 2 удаа “Шилдэг тоглогч”-оор шалгаран 8 алт 2 хүрэл, “Эрчим хүчний салбар”-ын их наадмаас 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль тус тус хүртсэн амжилтаар салбар, хамт олондоо үлгэрлэн амжилттай ажиллаж байна.