Сэргээгдэх эрчим хүч, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл болон шинэ технологийн төслийн хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

17 цаг 51 минутын өмнө
Сэргээгдэх эрчим хүч, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл болон шинэ технологийн төслийн хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

           Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд Япон улсаас айлчилж буй зочид, төлөөлөгчидтэй уулзаж Япон улсын Смарт Солар Корпорацийн хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүч, баттерей хуримтлуур, ус төрөгчийн үйлдвэрлэлийн төслийн тухай санал солилцож, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны  талаар хэлэлцлээ.  

            Уулзалтад Японы талыг төлөөлж Smart Solar Corporation-ий үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Хирофуни Тэзүка, захирал Юүчи Мори, Япон Улсын Иргэдийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Юүкичи Мэеда, Нийгмийн хандивын сан бүлгийн  гүйцэтгэх захирал Юүсүн Тани нар оролцлоо.

           Япон улсын төсөл хэрэгжүүлэгчид Монголын говийн бүсэд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж буй 65 МВт нарны цахилгаан станц, 108 МВт.ц хүчин чадалтай баттерей хуримтлуур хосолсон устөрөгчийн үйлдвэрийн технологийн шийдэл, ус төрөгчөөс Амиак боловсруулах үйлдвэр, боловсруулсан амиакийг Япон улсруу экспортлох боломжийн талаар танилцуулга хийлээ. Төслийн гол зорилго нь Монгол – Япон Улсын хамтын ажиллагааг олон салбарт бэхжүүлэхээс гадна зөвхөн эрчим хүчний салбарт нэгдсэн сүлжээний тогтворжилтийг хангах ач холбогдолтой, Монгол Япон улсын гадаад худалдааны хамтын ажиллагааг дэмжих давуу талтай юм. Мөн түүнчлэн энэ төслийн үйл ажиллагаанд суурилан, Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль болон Япон Улсын Токиогийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд шинэ технологи болох устөрөгчийн үйлдвэрт ажиллах залуу инженерүүдийг бэлдэх, хүний нөөцийг чадавхжуулах ажлууд хийгдэхээр төлөвлөж байгааг онцолсон юм.  

             Эрчим хүчний зохицуулах хорооны Дарга Э.Түвшинчулуун Монгол улсын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний шинэ төсөл хэрэгжүүлэхэд баримтлах хууль эрхзүйн үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хууль эрх зүйн хүрээнд дэмжин ажиллахаа илэрхийллээ.