Эрчим хүчний зохицуулагчдын бүсийн нийгэмлэгийн гишүүн байгууллагуудын ээлжит хурал боллоо
2025 оны 10-р сарын 16
Эрчим хүчний зохицуулагчдын бүсийн нийгэмлэг (ERRA) -ийн гишүүн байгууллагуудын дарга нарын ээлжит хурал Турк улсын Анкара хотод 2025 оны 10 дугаар сарын 13-15-ний өдрүүдэд боллоо. Тус арга хэмжээнд ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун оролцож, гишүүн орнуудын туршлага, эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудал, шийдэл, эрчим хүчний зохицуулах байгууллагуудын хараат бус бие даасан байдал, улс орнуудын эрчим хүчний зах зээлийн хөгжил, хүндрэлтэй асуудлуудын талаар хэлэлцсэн байна. Мөн энэ үеэр Бахам улсын зохицуулах байгууллагыг Эрчим хүчний зохицуулагчдын бүсийн нийгэмлэгийн гишүүнээр элсүүлэх сонгуулийн үйл ажиллагаа болсон.

Европын улс орнуудын хувьд эрчим хүчний хомсдол үүсэж, үнэ огцом нэмэгдэж байгаа талаар, мөн ихэнх улс орнуудын хувьд сэргээгдэх эрчим хүчний үүсвэрүүд их хэмжээгээр ашиглалтад орж хэрэглэгч өөрсдийгөө эрчим хүчээр хангах болсноор, хэрэглээний төлөвийг тодорхойлох, төлөвлөлт хийхэд хүндрэлтэй болж байгаа, эрчим хүчний зохицуулах байгууллагуудын шийдвэр гаргалтын хараат бус байдлыг цаашид онцгой анхаарах талаар хөндөгдсөн юм.
Энэхүү форумын үеэр ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун, Эрчим хүчний зохицуулагчдын бүсийн нийгэмлэгийн дарга Адриана Нелкова Чукуктай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд нийгэмлэгийн зүгээс Монгол улсын ЭХЗХ-ны үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.