Эрчим Хүчний Зохицуулагчдын Бүсийн Нийгэмлэг (ERRA)-ийн 23 дахь удаагийн хурал Бүгд Найрамдах Словак Улсын нийслэл Братислав хотод 2026 оны 4 дүгээр сарын 27 – 28-ны өдрүүдэд боллоо. Тус хуралд 49 орны 300 төлөөлөгч оролцов. Тэдгээрийн 125 нь зохицуулах байгууллагын төлөөлөгчид бөгөөд Монголын Эрчим хүчний зохицуулах хороо нь албан ёсны гишүүн байгууллагын хүрээнд тус хуралд оролцож, туршлага судаллаа.

Хурлын үйл ажиллагааг эхлүүлж Эрчим Хүчний Зохицуулагчдын Бүсийн Нийгэмлэгийн дарга хатагтай Андриана Нелкова-Чүчук, Словак улсын Дэд бүтцийн Зохицуулах Газар (URSO)-ын дарга Йозеф Холенчик нар мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд энэхүү хурал нь тус нийгэмлэгийн 25 жилийн ойтой давхцаж буйг онцлов.


Хэлэлцүүлгээр гишүүн орнуудын эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэл, хуримтлуур, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, диспетчерийн зохицуулалт, эрчим хүчний зах зээл, хэрэглэгчийн эрх ашгийн талаар хэлэлцлээ. Европын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 2005-2021 оны хооронд ерөнхийдөө тогтвортой байсан хэдий ч сүүлийн жилүүдэд дата төв, цахилгаан автомашин, аж үйлдвэрийн, дулааны хэрэглээ өсөн нэмэгдсэн нь эрчим хүчний шинэ зохицуулалтын загвар руу шилжих шаардлага бий болсныг дурдав. Эрчим хүчний хэрэглэгчийн хэрэглээний шинж чанар өөрчлөгдөж буйтай холбоотойгоор төвлөрсөн системээс илүүтэй тухайн бүс нутгийн хэрэглээ, үйлдвэрлэлийн балансыг тэнцвэржүүлэх, түгээх сүлжээний уян хатан зохицуулалт, эрчим хүчний агрегаторууд тоог нэмэгдүүлэх, дижитал системүүдийг нэвтрүүлэх зэрэг шинэ сорилт тулгарчээ. Тухайлбал 2025 онд Европын Холбоонд шинээр борлуулагдсан автомашины 17 хувь нь бүрэн цахилгаан автомашин (BEV) байсан бол өмнөх 2024 оны байдлаар Европын 19 улсад нийт 25.5 сая дулааны насос ашиглагдаж байна. Энэ тоо 12 жилийн өмнө ердөө 6.3 сая байжээ.
Түүнчлэн 2025 онд Европын Холбооны гишүүн улсуудын нийт цахилгаан үйлдвэрлэлийн 47 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр үйлдвэрлэжээ. Үүнийг 2020 оны үзүүлэлттэй харьцуулахад 6 хувь өссөн дүн юм. 2024 оны байдлаар 72’000 сая.кВт.ц сэргээгдэх эрчим хүчийг сүлжээнд шингээх боломжгүй байсан тул диспетчерийн хязгаарлалтад оруулжээ. Улмаар 8.9 тэрбум еврогийн зардал хуримтлагдсан байна. Энэ асуудалд зохицуулалтын арга хэмжээ авахгүй бол 2040 он гэхэд 103 тэрбум евро хүрэх эрсдэлтэй байгаа аж.

Мөн тус хэлэлцүүлгийн үеэр батарей хуримтлуурын системийн үйлдвэрлэх өртөг буурсан, литийн ионы батарейн үнэ 2013 онд нэг киловатт цаг нь 827 ам.доллар байсан бол 2025 онд 108 ам.доллар болж, 12 жилийн хугацаанд 87 хувиар буурсан талаар дурдав. 2025 онд дэлхий дахинд суурилагдсан сүлжээний зориулалттай хуримтлуурын системийн хүчин чадал 107.7 ГВт хүрч, өмнөх оноос 40 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч Европын Холбоо сэргээгдэх эрчим хүчний зорилтоо биелүүлэхийн тулд 2030 он гэхэд 750 ГВт.ц хуримтлуулах хүчин чадал шаардлагатай байгаа бол өнөөгийн бодит үзүүлэлт ердөө 61 ГВт.ц-т хүрч байгааг мэдээллээ.
Үүнээс гадна Их Британийн бөөний зах зээл дээрх батарей хуримтлуурын орлого 2026 оны хоёрдугаар сард анх удаа сөрөг дүнтэй гарсныг дурдсан бол Францын давтамжийн зохицуулалтын зах зээл нээгдсэнээс хойш 12 сарын дотор үнэ 55 хувиар буурсан нь хуримтлуурын зах зээлийн орлогын суурь үзүүлэлт тогтвортой биш, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих бодлого шаардлагатай байгааг харуулж байгаа юм.
Хэдийгээр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатай байгаа хэдий ч зарим улсын хувьд анх загварчлагдсан тухайн нэгдсэн сүлжээний бүтцийн хувьд сэргээгдэх эрчим хүчийг шингээх нөөц хомс, давтамжийн хувиргах чадамж хязгаарлагдмал тул системийн тогтворжилтод сөргөөр нөлөөлж байгаа, хол зайд дамжуулах шугамын алдагдал нь жил бүр 100 сая еврогийн алдагдал хүлээдэг талаар онцлов. Тус асуудлын хүрээнд Их Британий системийн оператор NESO систем, зах зээлийн оновчтой зохицуулалтыг хэрэгжүүлэх үүднээс VOLTA хөтөлбөр буюу машин сургалт, хиймэл оюун ухааны технологиудыг ашиглан бодит хугацааны удирдлагын үйл ажиллагаа рүү шилжүүлжээ.
Хурлын сүүлийн өдөр Эрчим хүчний зохицуулагчдын бүсийн нийгэмлэгийн хурлын зөвлөлийн тэргүүлэгчдийн сонгууль, Фижи болон Косово улсын зохицуулах байгууллагыг гишүүнээр элсүүлэх, 2025 оны жилийн тайлангийн хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд ЭХЗХ-ны зүгээс санал, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэв. Мөн нийгэмлэгийн зүгээс ЭХЗХ-нд 2001 оноос хойш тасралтгүй гишүүн байгууллагаар амжилттай хамтран ажилласанд талархан ERRA-ын 25 жилийн ойн хүндэтгэлийн батламж гардууллаа.
