Шөнийн тарифын хөнгөлөлтийг 11-р сарын 1-ээс эхлэн тооцно

2022 оны 12-р сарын 02
Шөнийн тарифын хөнгөлөлтийг 11-р сарын 1-ээс эхлэн тооцно

             Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны үнийг 11 дүгээр сарын 1-ний өдрөөс тооцож, хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэлээ.

            Засгийн газрын шийдвэртэй уялдуулан ЭХЗХ-ны ээлжит 48, 49-р хурал энэ сарын 1-нд болсон. Хурлаар нийт 7 асуудлыг хянан шийдвэрлэсэн. Үүнээс хамгийн хүлээлттэй байсан нь дээрх шөнийн тарифын хөнгөлөлтийн асуудал байсан юм.

            Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийг 11 дүгээр сарын 1-нээс нөхөж тооцон, айл өрхийн 11 дүгээр сард хэрэглэсэн цахилгааны төлбөрийн нэхэмжлэхэд залруулга хийх талаар цахилгаан түгээх компаниудад үүрэг, чиглэл өгөөд байна. 

           Энэхүү шөнийн тарифын хөнгөлөлтийн бүх нөхцөлүүд өмнөх жилүүдэд хэрэгжиж ирсний нэгэн адил үргэлжилнэ. 2021 онд 156 мянган айл өрх 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг авч байсан бол 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын нийт 173.6 мянган айл өрхөд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэх тооцоотой байна.

      Түүнчлэн ээлжит хурлаар Дулаан цахилгаан түгээх, дамжуулахтай холбоотой тусгай зөвшөөрөл, түүний үйлчлэх хүрээний 6 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.