Дорноговь аймаг дулааны шинэ эх үүсвэртэй болно

2023 оны 02-р сарын 15
Дорноговь аймаг дулааны шинэ эх үүсвэртэй болно

          Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтран боловсруулсан төсөл шалгарч, Дорноговь аймагт хэрэгжихээр боллоо. Төслийг НАМА Фасилити байгууллагад илгээсэн бөгөөд тус байгууллагад хүргүүлсэн 40 төслөөс шалгарчээ. Өнөөдөр Монгол улсад хэрэгжих болсон “Цэвэр дулааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрчим хүчний шилжилтийг дэмжих” төслийн санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, GGGI байгууллагын суурин төлөөлөгч Аннака Петерсон, Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал нар оролцлоо.   

        

           Монгол Улсад анх удаа хэрэгжих тус төслийн хүрээнд 23 сая долларын буцалтгүй тусламжаар Дорноговь аймгийн Сайншанд хотод 8-10МВт-ын нарны дулааны эх үүсвэрийг 2023-2028 оны хооронд барьж байгуулах юм. Төслийн хүрээнд 45,000 иргэн цэвэр дулаан хангамжид холбогдож, 12,000 орчим иргэн жилийн дөрвөн улиралд хэрэглээний халуун усыг цэвэр эх үүсвэрээс авах боломж бүрдэнэ. Ингэхдээ нарны хэсэгчилсэн дулааны станц байгуулах, ашиглах дотоодын чадавх, хүний нөөцийг 100 гаруй инженер техникийн ажилчдаар нэмэгдүүлнэ. Мөн улсын хэмжээнд нарийвчилсан судалгаа хийж, боломжит дөрвөн байрлалыг тодорхойлох юм. 

           Засгийн газрын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-т заасан эрчим хүчний салбарын үйл ажиллагаанаас шалтгаалан ялгарах нүүрсхүчлийн хийг 2030 он гэхэд 32%-иар бууруулах зорилт дэвшүүлсэн. Дээрх төсөл хэрэгжсэнээр 1.9 сая тонн хүлэмжийн хийн ялгарлыг урт хугацаанд бууруулах боломж бүрдэнэ гэж урьдчилсан тооцоо гараад байна. Мөн Засгийн Газраас хэрэгжүүлж буй Шинэ Сэргэлтийн Бодлогын хүрээнд анхаарах салбарууд болох эрчим хүч, хот болон хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжил зэрэгтэй нийцэж байгаа юм. 

             Монгол Улсын эрчим хүчний салбар, ялангуяа дулаан хангамжийн систем нь нүүрснээс ихээхэн хамааралтай бөгөөд алслагдсан бүс нутгуудыг нүүрсээр ажилладаг дулааны станцуудаар ханган ажилладаг.