Агаарын бохирдолыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй технологийг шалгаруулжээ

2023 оны 03-р сарын 02
Агаарын бохирдолыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй технологийг шалгаруулжээ

       Цэвэр агаар – Дээд түвшний чуулга уулзалт боллоо. Энэхүү дээд түвшний чуулга уулзалт нь 2026 онд Монгол Улсад зохион байгуулах “COP 17” буюу  НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг угтан хийж байгаагаараа онцлог боллоо.  

      Сайд нарын түвшний дугуй ширээний уулзалтаар эхэлсэн чуулгад Монгол Улсын БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Бүгд найрамдах Казакстан Улсын Экологи, геологи, байгалийн нөөцийн дэд сайд Нуркен Шарбиев , Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын Байгаль орчны сайд Насир Ахамед, Япон Улсын Байгаль орчны дэд сайд Оно Хироши , БНСУ-ын Байгаль орчны судалгааны Үндэсний хүрээлэнгийн Ерөнхийлөгч бөгөөд Дэд сайд Ким Донгжин нарын оролцож байна.

        Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах, 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээний 30 хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, цаашид бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах зорилтыг дэвшүүлсэн. Агаарыг цэвэр байлгахад хамгийн их нөлөөтэй хүчин зүйлсийн нэг бол ЭРЧИМ ХҮЧ.

        Тус чуулга уулзалтыг угтан Агаарын бохирдлыг бууруулах шилдэг технологи, шийдэл олох “Агаар нэг - Хакатон – 2023” аяныг нэг сарын хугацаатай зохион байгуулсан. Аянаас шалгарсан агаарын бохирдолыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй технологийг энэ үеэр зарлалаа. Хэмнэлттэй орон сууц төсөл, Нарны эрчим хүчний систем ашиглан агаарын бохирдлыг бууруулах төсөл, “Пассив хаус” төслүүд шилдгээр шалгарч хөрөнгө оруулалтын дэмжлэг авч үйл ажиллагааны дараагийн шат руу орсон байна.  

     Сайн туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааны механизмыг идэвхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг асуудлын хүрээнд Цэвэр агаар чуулга уулзалтад 53 орны 200 гаруй төлөөлөл санал солилцжээ.