Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг байгууллагын болон өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх үүрэгтэй “Эрчим хүч хэмнэлтийн менежер”-үүдийг бэлтгэх 21 дэх удаагийн сургалт амжилттай боллоо.
Сургалтыг Эрчим хүчний зохицуулах хороо, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний сургуультай хамтран зохион байгуулсан юм. Танхимын болон дадлагын сургалтад хамрагдаж, нийт 28 суралцагч амжилттай төгслөө. Тэдэнд эрчим хүч хэмнэлтийн менежерийн гэрчилгээг олголоо. Энэ удаагийн сургалтад үүрэг хүлээсэн хэрэглэгч 22 байгууллагын 24 ажилтан, сайн дурын 4 хүн хамрагдсан байна.
Эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалтай байгаа өнөө үед эрчим хүч хэмнэлтийн менежерүүд нь үүрэг хүлээсэн хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын хэмнэлт, үр ашгийг сайжруулах чиглэлээр эрчим хүчний хэрэглээг тодорхойлох, тоолууржуулах, эрчим хүчний аудит хийлгэх, аудитын тайлан, зөвлөмжид үндэслэн эрчим хүч хэмнэлтийн зорилго, зорилтуудаа тодорхойлж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөг боловсруулж, батлуулах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй юм.
Эрчим хүчний зохицуулах хороонд өнөөдрийн байдлаар эрчим хүч хэрэглэгч ангиллын 172, барилга байгууламж ангиллын 65, эрчим хүчний салбар ангиллын 42, нийт 279 үүрэг хүлээсэн хэрэглэгч бүртгэгдэн ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 458 эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэснээс 55 хувь орчим нь үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж байгууллагадаа эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.