“Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе” аян боллоо

2023 оны 12-р сарын 20
“Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе” аян боллоо
 
            Ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн сурагчдын дунд эрчим хүчийг зүй зохиостой хэрэглэх, хэмнэх зөв хандлага, амьдралын зөв хэвшил дадлыг бий болгох, төлөвшүүлэх, эрчим хүч хэмнэх энгийн аргаас суралцах, сонирхлыг бий болгох зорилготой “Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе” аян өрнөлөө.
           Тус аяныг Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж, АНУ-ын ОУХА-ийн Монголын Эрчим Хүчний Засаглал хөтөлбөр дэмжиж ажилласан.
          Аян нийслэлийн ЕБС-иудын хэмжээнд 11 дүгээр сарын 13-нд эхэлж, ЕБ-ын 163 сургуулийн 190 мянган сурагч хамрагдсан. Өнөөдөр нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 17 сургуулийн 170 хүүхдийн эрчим хүчний хэмнэлтэд чиглэсэн бүтээл, мэдлэг ойлголтод суурилсан зураг, баримал, шүлэг, өрхийн тооцоолол хийх аргачлал зэргээс бүтээлч хандлага, багийн сэтгэлгээ, хүүхдүүдийн ойлгосон зүйлийг харгалзан шалгаруулна.
           Сурагчдыг тэргүүн байр, дэд байр, гутгаар байр, тусгай байр зэрэг нийт 5 байрт шалгаруулах бөгөөд өргөмжлөл, шилжин явах цом, мөнгөн шагнал, ур ухаанаа уралдуулж оролцсон хүүхэд бүрийг гарын бэлгээр тус тус шагнах юм. 
Хүн бүр эрчим хүчний хэрэглэгч байдаг. Эрчим хүчийг хэмнэж, ухаалаг хэрэглэх хэрэгцээ шаардлагатэй энэ цаг үед хэрэглэгч бүр эрчим хүчийг хэмнэх арга, зөв дадалтай байх нь чухал. Харин хэмнэх зөв мэдлэг, ойлголт, дадал зуршлыг бага наснаас төлөвшүүлэх нь оновчтой.