2024 оны 11-р сарын 23, Бямба гариг

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА

Хэвлэх 2019 оны 06-р сарын 07, Нийт үзсэн : 2083

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА

УИХ-ын 2019 оны хаврын чуулганаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдлаа. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Дамба-Очир нарын зургаан гишүүн өнгөрсөн оны 10 дугаар сард өргөн барьсан юм.  Шинэчлэгдэн батлагдсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд дамжуулах сүлжээнд холбогдсон нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний худалдаж авах тарифын дээд хязгаарыг 12 ам.цент хүртэл, салхины эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг худалдаж авах тарифын дээд хязгаарыг 8 ам.цент хүртэл байх, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд техникийн асуудлыг анхаарч үзэх, үнээр өрсөлдүүлэх буюу тендер зарлах зохицуулалтыг оруулсан юм. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч компани санхүүгийн чадавхтай байх ёстой зэрэг заалтуудыг тусгасан. Мөн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд бага чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг хэрэглэх байдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбогдуулан үнэ, тариф, урамшууллын тогтолцоог бий болгох шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзсэн юм.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль шинэчлэгдэн батлагдснаар:

▪️Эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэх боломжийг бий болгоно. Төрөөс хаана, ямар чадлын нар салхины эх үүсвэр барих, ямар хэмжээний цахилгаан эрчим хүчийг худалдаж авах шаардлагатай байгаа талаар төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;
▪️Өрсөлдөөн бий болсноор төсөл хэрэгжүүлэгчид зардлыг бууруулах талаар анхаарч тухайн технологийн зах зээлийн бодит ханш бий болох бөгөөд энэ нь төслийн үнэ, тарифыг бууруулна;
▪️Нар салхины эрчим үнэ, тарифт өөрчлөлт орсноор хэрэглэгчийн эрчим хүчний үнэнд шингээсэн дэмжих тарифыг нэмэгдүүлэхгүй байх зэрэг боломжтой болж байна.
▪️Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь дэмжлээ.