Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон албаны холбогдох хүмүүс “Тавантолгой түлш” ХХК-ийн 2021-2022 оны өвлийн бэлтгэл хангах ажилтай танилцлаа.“Тавантолгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэр нь сард 93.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Тоног төхөөрөмжийн шинэчлэл, их засварын төлөвлөгөөнөөс хамаарч энэ сард найман шугам ажиллаж байгаа бол 10 дугаар сарын 1-ний өдрөөс 12 шугам бүрэн хүчин чадлаараа ажиллах юм. 2021-2022 онд нийслэлийн хэмжээнд 171.482 өрх шахмал түлш хэрэглэх статистик судалгаа гарсан. 300 өрхийн дунд борлуулалтын нэг цэг байхаар тооцож, нийслэлийн хэмжээнд нийт 600 цэг байгуулахаар төлөвлөжээ.
Сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн санхүүжилтээр 30-40 ширхэг битүү агуулах түрээслэхээс одоогийн байдлаар эхний 9 агуулахад дүүргэлт хийгээд байна. Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 13.594 тонн нөөц байгаа ба 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 50.000 тн-д хүргэх юм. Сайжруулсан шахмал түлшний үнийн 50 хувийн хөнгөлөлтийг 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Ингэснээр 1 тонн сайжруулсан шахмал түлш 75.000 төгрөгөөр худалдаалагдана. Энэ хугацаанд гарах хөнгөлөлтийн зөрүүг “Эрдэнэс Тавантолгой” ХК үргэлжлүүлэн төлөх юм.