Монгол Улс эрчим хүчний хараат байдалд байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Нар салхины шинэ станцууд ашиглалтад орж, дулааны станцуудаа өргөтгөж байгаа ч эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, оргил ачааллын үед Монгол Улс ОХУ-аас импортын цахилгаан авч хэрэглэж байгаа юм. Тиймээс "Үндэсний шуудан” сонин энэ дугаартаа "Эрчим хүчний хангамж, үнэ цэнэ, үнэ тариф” сэдвийн хүрээнд багц сурвалжлага бэлтгэлээ.
ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЕРӨНХИЙ ДИСПЕТЧЕР Б.БААТАР: ЭРЧИМ ХҮЧНИЙ
ХЭРЭГЛЭЭ ӨНГӨРСӨН ОНТОЙ ХАРЬЦУУЛАХАД 9 ХУВИАР НЭМЭГДСЭН
Бидний анх зорьж очсон газар бол Диспетчерийн Үндэсний төв. Диспетчерийн Үндэсний төвийн Ерөнхий диспетчер Б.Баатараас Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийн талаар тодрууллаа.
Тэрээр "Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ сүүлийн арван жилд дунджаар тав орчим хувиар өсч байгаа. Харин энэ 2018 онд огцом нэмэгдэж, эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ес орчим хувийн өсөлттэй байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний 80 орчим хувийг дотоодын эх үүсвэрүүдээс хангаж, ОХУ болон БНХАУ-аас импортоор 20 хувийг хангасан. Нийт цахилгаан эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийн 74.3 хувийг дулааны цахилгаан станцуудаар, 3.7 хувийг салхин цахилгаан станцуудаар, 0.9 хувийг усан цахилгаан станцуудаар, 0.6 хувийг нарны цахилгаан станцуудаар, 0.04 хувийг дизель цахилгаан станцуудаар үйлдвэрлэж байгаа. Оргил ачааллын үед буюу оройн цагаар ОХУ-аас эрчим хүч авч байна. Хэрэглээний өсөлтийг ихэвчлэн хуучны дулааны цахилгаан станциуд үүрч байна.. Хэдийгээр сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр орж байгаа хэдий ч оргил ачааллын үед тэр болгон үүрэг гүйцэтгэж чадахгүй байна. Аль нэг тоноглол доголдох л юм бол ОХУ-аас цахилгаан эрчим гэрээгээр авдаг. Гэрээнээс давбал хязгаарлалтад орох эрмэг дээр ажиллаж байна. Ирэх оны төлөв байдал харьцангуй боломжийн байгаа. 2020 оны төвшинд нэлээн хүндрэл үүсэхээр харагдаж байна” гэсэн юм.
Эрчим хүчний аюулгүй найдвартай ажиллагаа, хангамжийг сайжруулах гол хөшүүрэг нь яах аргагүй салбарын эдийн засгийн нөхцөл байдал. Тэгвэл цахилгаан, дулааны үнэ тарифыг хэрхэн тогтоодог вэ гэсэн асуулт эндээс урган гарч ирнэ. Бидний өнөөдөр төлж байгаа 1 кВт.ц цахилгаан эрчим хүч, 1 Гкал дулааны үнэд нүүрсний уурхайгаас нүүрс олборлох, нүүрс тээвэрлэх, дулаан, цахилгаан үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн эрчим хүчийг дамжуулах, эрчим хүчийг түгээж, хэрэглэгчдэд хүргэх бүхий л зардал багтаж байдаг.Тиймээс бид нүүрсний уурхайнуудын санхүү, эдийн засгийн байдал хэр байгааг тодруулахаар Багануурын нүүрсний уурхайг зорьсон юм. Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зориулалтаар байгуулагдсан тус уурхай жилдээ 4,2 сая тонн нүүрс олборлон нийт бүтээгдэхүүнийхээ 90 хувийг дулааны цахилгаан станцуудад нийлүүлж байна. Тус уурхайн Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Д.Ганзоригоос зарим зүйлийг тодрууллаа.
Д.ГАНЗОРИГ: МАНАЙ УУРХАЙД 50-60 САЯ АМ.ДОЛЛАРЫН
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА
- Багануурын уурхайн санхүүгийн нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа вэ?
- Багануурын уурхай 1978 онд байгуулагдсан. 1998 онд "Монгол нүүрс” төслийн хүрээнд 51 сая ам.долларын хөрөнгө оруултыг хийсэн байдаг. Үүнээс хойш 20 жил өнгөрсөн ч бодитой хөрөнгө оруулалт хийгээгүй.
Энэ хугацаанд зарим техникийн ашиглалтын хугацаа дуусч, хуучирч муудаж, элэгдэж байгаа. Мөн валютын ханш өсөж, мазут, шатах тослох материал, тэсэлгээний бодисны үнэ нэмэгдэж, зардал өсч байгаа ч компанийн зүгээс зардлаа буруулах, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх олон арга хэмжээ авч ажиллаж байна. Арилжааны банкууд болон бусад тоног төхөөрөмж нийлүүлэгч компанитай хамтраад сүүлийн таван жилийн хугацаанд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Гэхдээ тэдгээр хөрөнгө оруулалт зөвхөн уулын гэхээсээ илүү хөрс, нүүрс тээврийнх байсан. Том зургаараа уурхайн хөрөнгө оруулт, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ямар шийдлүүд байж болох вэ гэдгийг нэлээд ярилцсан. Мөн "Эрдэнэс Монгол” толгой компани дээр ажлын хэсэг гаргаад санал дүгнэлтийг салбарын яамд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байна. Уурхай маань 4 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Гэвч уурхайчид маань хүчин чадлаасаа 200 мянган тонн нүүрс илүү олбордож байна. Цаашид уурхайн хүчин чадлыг сайжруулах зайлшгүй шаардлага бий. Хоёр жилийн дараа өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахад жилд долоон сая тонн нүүрс олборлох шаардлагатай гэдэг тооцоо гарсан. Тиймээс уурхайн хүчин чадлыг энэ хэрээр нэмэгдүүлэх нөхцөл байдал үүсээд байна. Энэ хүрээнд бидэнд 50-60 сая ам.долларын өртөг бүхий 15 нэр төрлийн 40 гаруй тоног төхөөрөмж, техникийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага гарч байгаа.
- Багануурын уурхай жилд дөрвөн сая тонн нүүрс олборлодог. Гэтэл техник, тоног төхөөрөмжөө одоо болтол шинэчилж чадахгүй байна гэж байна. Ингэж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь юу вэ?
- Нүүрсний үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоож өгдөг. Нүүрс олборлох өртөг зардал маань байнга өсч байна. Одоогоос арван жилийн өмнө нэг тонн нүүрсийг 18 мянган төгрөгийн өртгөөр олборлодог байсан. Харин өнөөдөр энэ өртөг 33 мянган төгрөг болж нэмэгдсэн. Гэтэл бид нүүрсээ нэг тонн нүүрсээ 33 000 төгрөгөөр үйлдвэрлээд 29500 төгрөгөөр станциудад нийлүүлдэг. Нийт бүтээгдэхүүнийхээ 95-97 хувийг дулааны цахилгаан станциудад нийлүүлж байгаа юм. үнийн зөрүүнээс гараад байгаа алдагдалаас болж эргэлтийн хөрөнгийн дутагдалд орсон хэмээн ярьж байсан юм. Тэгвэл Багануурын уурхайтай адил бүтээгдэхүүнээ дулааны цахилгаан станцуудад нийлүүлж байгаа Шивээ-Овоогийн нүүрсний уурхай гэхэд мөн л хямд үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлж, их хэмжээний өр төлбөрт ороод байгаа аж.
Нүүрсний уурхайнуудын нөхцөл байдал ийм байна. Тэгвэл нүүрсээр ажиллаж байгаа дулааны цахилгаан станцуудад нөхцөл байдал хэр байна вэ. Үүнийг тодруулахаар бид ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягтай уулзлаа. Өнөөгийн байдлаар тус станцын цахилгааны суурилагдсан хүчин чадал 700МВт, дулааны суурилагдсан хүчин чадал 1373Гкал/ц байгаа бөгөөд Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 63,9 орчим хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55,4 орчим хувийг дангаараа хангаж байгаа аж.
"ДУЛААНЫ IV ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ү.ТӨМӨРХУЯГ: ДУЛААНЫ
СТАНЦУУД ХАМГИЙН ИХ АЧААЛЛЫГ ҮҮРЧ, ХАМГИЙН БАГА ҮНЭЭР ЭРЧИМ ХҮЧ БОРЛУУЛДАГ
Манай дулааны IV цахилгаан станц өвлийн эд ачаалалдаа орчихсон, хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар найдвартай хангахын төлөө ажиллаж байна. Өнөөдөр станцын үйл ажиллагаа хэвийн байгаа.
Гэхдээ хэвийн ажиллаж байна гэж сэтгэл амар сууж боломж хомс. Сүүлийн үед хөрөнгө санхүүтэй холбоотой томоохон хүндрэлүүд тулгарч гарч ирж байгаа. Манай дулааны IV цахилгаан станц нийт нийлүүлж байгаа эрчим хүчний бараг 60 гаруй хувийг энергиэрээ нийлүүлдэг атлаа мөнгөн урсгалыг 33 орчим хувийг авдаг. Монголдоо хамгийн бага өртөгтэй нийлүүлэгч гэсэн үг. Дулааны станцууд хамгийн их цахилгаан, дулаан үйлдвэрлээд хамгийн бага үнэээр хэрэглэгчдэд нийлүүлдэг. Гэтэл Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу нар салхины эрчим хүчээр үйлдвэрлэж байгаа цахилгаан манай тарифаас 2-3 дахин өндөр үнээр борлуулагддаг.
- Сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэж байгаа эрчим хүч, дулааны станцуудад үйлдвэрлэж байгаа эрчим хүчний үнийн зөрүүг тодруулж болох уу?
- Дан ганц "ДЦС-4” ТӨХК гэж ярих нь учир дутагдалтай. Дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ дамжуулах сүлжээнд нийлүүлдэг. Дамжуулах сүлжээнээс түгээх сүлжээнд өгч байгаа. Эндээс хэрэглэгчийн үнэ бодитойгоор гарч ирнэ. Өнөөдөр хэрэглэгчдэд худалдаж байгаа 1кВт.ц цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 145 төгрөг, гэтэл нарны цахилгаан станцын үйлдвэрлэсэн 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 422, салхиных 230 төгрөг байгаа. Энэ бол их зөрүү. Дулааны цахилгаан станцуудын зардал байнга өсч байна. Татвар, шимтгэл, валютын ханш, нүүрс тээврийн зардал гээд зардал өсч байгаа учраас бидэнд бүтээгдэхүүнийхээ үнийг ч бас нэмэгдүүлэх шаардлага тулгардаг. Эрчим хүчний тухай хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороо үнэ тарифыг баталж байгаа. Манай станцын хувьд ирэх жил цахилгаан эрчим хүчээ 5 төгрөгөөр нэмэгдүүлэх саналаа гаргасан. Гэвч хүлээж аваагүй.
Бид дараа нь цахилгаан, эрчим хүчийг түгээж, хэрэглэгчдэд хүргэж байгаа "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийг зорин очлоо.
"УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН БОРЛУУЛАЛТЫН БОДЛОГЫН
ХЭЛТСИЙН ДАРГА Д.САРАНЧИМЭГ: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ ХУРДАЦТАЙ ӨССӨН
- Манай компани Улаанбаатар хотын найман дүүрэг, Төв аймгийн 16 суманд 379 мянга гаруй хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчний борлуулалт хийж байна. Аж ахуйн ангилалд 20 мянга гаруй хэрэглэгчидтэй. Үүнээс 155 орчим гэр хорооллын хэрэглэгч байгаа. Сүүлийн жилүүдэд хэрэглэгч нэмэгдэхийн зэрэгцээ хэрэглэгчийн дундаж хэрэглээ огцом нэмэгдэж байна.
"УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ТЕХНИКИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН
ДАРГА Т.БАТЦЭЦЭГ: ТОНОГЛОЛЫН 30 ОРЧИМ ХУВЬ НЬ 30-ААС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ
- "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн нийт суурилагдсан хүчин чадал өнөөдрийн байдлаар 1818 мегаватт хүчин чадалтай байна. Үүнийг сүүлийн таван жилтэй харьцуулахад 45 хувийн өсөлттэй, 2017 онтой харьцуулахад 10.9 хувийн өсөлттэй байна. Нийт шугам тоноглолын өсөлт сүүлийн таван жилийн байдлаар 20-93 хувиар нэмэгдсэн. Гэвч тоноглолын 30 орчим хувь нь 30 ба түүнээс дээш жилийн насжилттай байна. Цаашид хэрэглэгчдэд цахилгааныг түгээж байгаа технизк, тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөхөд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа гэв.
Дээрх албаны хүмүүсийн ярианаас эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай зарцуулах шаардлагатай гэдгийг бидэнд сануулж байна.
ХЭРЭГЛЭГЧДЭД ЖИЛД 53 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛДЭГ
Монгол Улсын эрчим хүчний үнэ тариф бодит өртгөөсөө бага байхын зэрэгцээ иргэдэд хөнгөлөлттэй үнээр цахилгааны хүргэдэг.
Дээрх графикаас харахад Төвийн бүс цахилгааныг 158 төгрөөр үйлдвэрлээд 152 төгрөгөөр, Баруун бүсийн эрчим хүчний систем 246 төгрөгийн үнэтэй цахилгаан эрчим хүчийг 132 төгрөгөөрх, Алтай, улиастайн Эрчим хүчний систем 224 төгрөгийн үнэтэй эрчим хүчийг 142 төгрөгөөр, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ 211 төгрөгийн өртөгтэй эрчим хүчийг 156 төгрөгөөр хэрэглэгчдэд борлуулж байна. Монгол Улс эрчим хүчний 5 бүстэй. Эндээс ганцхан Дорнод бүсийн эрчим хүчний систем 147 төгрөгийн өртөгтэй цахилгаан эрчим хүчийг 156 төгрөгөөр борлуулж байгаа юм.
Цахилгаан эрчим хүчний хувьд хэрэглэгчдэд хямд үнээр хүрч байна. Тэгвэл дулааны эрчим хүчний үнэ тарифын талаар ямар байгааг сонирхож үзлээ.
Монгол Улсад мөрдөгдөж байгаа дулааны үнэ тарифыг томоохон хот, дүүргүүдээр харьцуулсан байна. Улаанбаатар хотод 30 422 төгрөгөөр үйлдвэрлэсэн дулааныг 15 808 төгрөгөөр, Дарханд 42 496 төгрөгөөр үйлдвэрлэсэн дулааныг хэрэглэгчдэд 15909 төгрөгөөр, Эрдэнэтэд 33582 төгрөгийн дулааныг 15516 төгрөгөөр тус тус хэрэглэгчдэд борлуулж байна. Өөрөөр хэлбэл дулааны борлуулах үнэ тариф нь бодит үнээсээ 1-4 дахин хямд үнээр хэрэглэгчдэд хүрч байна.
Цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа үнэ бодит өртгөөсөө хэд дахин бага үнээр хэрэглэгчдэд хүрдэг. Тэгсэн хэрнээ эрчим хүчний салбар хэрэглэгчдэд хамгийн их хөнгөлөлт үзүүлдэг салбар юм байна.
Төвийн бүсийн 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний өртөг 2017 оны дүнгээр 145.84 төгрөг байхад айл өрхөд борлуулж байгаа 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний дундаж үнэ бодит өртгөөс 30 хувиар доогуур буюу 112.35 төгрөг байна. Ингэснээр төвийн бүсийн айл өрхийн хэрэглэгчдэд жилд 40.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Мөн Ахуйн хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний тариф бодит өртгөөс 30 хувиас 2.2 дахин доогуур түвшинд байгаа бөгөөд нийт ахуйн хэрэглэгчдэд жилд 53.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлсэн байна. Айл өрхийн 1 сарын цахилгаан эрчим хүчний хэрэглээ дунджаар 220 кВт.ц байдаг ба айл өрхөд бодит өртгөөс доогуур үнээр цахилгаан эрчим хүч худалдсанаар сард 4896 төгрөгийн, жилд дунджаар 60000 орчим төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна.
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ЦЭНЭ
ДЭЛХИЙН ТӨВШНӨӨС ХЭД ДАХИН ДООГУУР БАЙНА
Бид Монгол Улсын эрчим хүчний үнэ тарифыг гадаадын зарим улс орнуудын эрчим хүчний үнэ тарифтай харьцуулж үзлээ.
Монгол Улсын эрчим хүчний салбар өнөөдөр хэвийн ажиллаж байгаа ч өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээгээ хэрхэн хангах вэ гэсэн асуултыг бас дагуулж байна. Тиймээс бид Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайванаас энэ талаар тодрууллаа.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА Г.ЭНХТАЙВАН:
2023 ОН ХҮРТЭЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ НАЙДВАРТАЙ ХАНГАМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ
- 2015 онд УИХ-аас Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг батлан гаргасан. Энэ бодлого бол дунд хугацааны хөтөлбөрөөр дамжин хэрэгжих ёстой.
2018-2023 онд дунд хугацааны хөтөлбөр хэрэгжинэ. Энэ хугацаанд эрчим хүчнийхээ найдвартай хангамжийг бүрдүүлэх, эдийн засгийн үр ашгийг бий болгох, байгаль орчинд ээлтэй байх зорилтуудыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд ойрын хугацаанд өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах зорилгоор одоо ашиглагдаж байгаа эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Эрчим хүчний хэрэглээ жилд 5-10 хувиар тогтмол нэмэгдэж байна. Тиймээс эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Дунд хугацааны хөтөлбөрт Дулааны 4 дүгээр цахилгаан станцын 1-4-р турбингенераторыг шинэчилж хүчин чадлыг нь 89 МВт-аар нэмэгдүүлнэ, Дарханы дулааны цахилгаан станцыг 35 МВт, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 МВт, Дулааны 3 дугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийн суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар тус, тус өргөтгөхөөр тусгаж өгсөн. Мөн Амгалангийн дулааны станцыг 50 МВт-ын дулаан цахилгаан хослон үйлдвэрлэх зуух, турбогенератороор өргөтгөнө. Дээрх төслүүд хэрэгжиснээр 2020 он гэхэд 290 орчим МВт-аар суурилагдсан хүчин чадал нэмэгдэнэ. Үүний дараа Дулааны 3 дугаар цахилгаан станцын дунд даралтын хэсгийг буулгаж оронд нь 250 МВт-ын шинэ станц барих, Дулааны 2 дугаар цахилгаан станцыг буулгаж, оронд нь 300 МВт-ийн хүчин чадалтай, нэг агрегат нь тохируулгын горимд ажиллах хийн генератор бүхий шинэ станц, мөн Тэлмэнгийн 100 МВт-ын дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа. Баруун бүсэд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 50 орчим МВт-ын хүчин чадалтай Нар, салхины эх үүсвэрүүд баригдана. Мөн Ховд гол дээр 64 МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдаж тус бүс нутаг эрчим хүчний дотоодын эх үүсвэрээс бүрэн хангагдах боломжтой болно. Ингэснээр баруун бүс нутаг цэвэр эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хэрэгцээгээ бүрэн хангасан жишиг бүс болно гэж харж байна.
ӨНДӨР ӨРТӨГТЭЙ, ҮНЭ ЦЭНЭТЭЙ Ч ҮНЭ ТАРИФ НЬ ҮНЭГҮЙДСЭН ЭРЧИМ ХҮЧ
Эрчим хүчний хангамж, үнэ тарифын талаар багц сурвалжлага бэлтгэж явахад нэг л зүйл анзаарагдсан юм. Бодит өртгөөсөө хямд үнэтэй эрчим хүчний ард нүүрсний уурхайнууд, дулааны цахилгаан станцууд, цахилгаан дамжуулах сүлжээ, цахилгаан түгээх сүлжээний санхүүгийн байдал хүндэрч, техник, тоног төхөөрөмжийн шинэтгэл, өргөтгөлийн ажлууд хөрөнгө мөнгө хүлээн саатаж байна. Хэзээ нэгэн цагт эрчим хүчний санхүү эдийн засгийн байдал улам доройтон саатал доголдол гарвал яах вэ? Эрчим хүчгүйгээр бид амьдарч чадах уу? Энэ асуултад олон хүн эрчим хүчгүйгээр амьдрах боломжгүй гэж хариулна. Бид эрчим хүчний үнэ цэнийг мэддэг атлаа үнэ өртөг үргэлж хямд байхыг л шаардсаар ирсэн. Тиймээс нэгэн сонирхолтой судалгааг орууллаа. Үндэсний статистикын хорооноос гаргасан судалгаанаас үзэхэд сард дунджаар 220 кВт.ц хэрэглээтэй, 50 м2 талбайтай, 4 ам бүлтэй айл өрхийн цахилгааны төлбөр 28,141.0 төгрөгийг цахилгаан эрчим хүчний хэрэглээндээ зарцуулж байна. Өөрөөхэлбэл энэ айл өдөрт 938 төгрөг цахилгаан эрчим хүчиндээ зарцуулдаг. Тухайн өрхийн нэг хүн өдөрт 235 төгрөгийн цахилгаан хэрэглэдэг гэсэн үг. Хамгийн хямд цайны газарт нэг хуушуур 1000 төгрөг, ганцхан удаа зорчих автобусны билет 500 төгрөг. Нэг атар талх 1000 төгрөгийн үнэтэй байгаа. Үүнээс харахад бид өдөртөө 1000 хүрэхгүй төгрөгөөр хоол ундаа хийж, зурагтаа үзэж, утсаа цэнэглэж, хувцсаа угааж, бүх хэрэглээгээ зохицуулж байна гэсэн үг юм. Шил архины дундаж үнэ 30 000 төгрөг. Гэтэл бид сард ганц шил архины үнэ хүрэхгүй мөнгөөр л эрчим хүчээ худалдан авч хэрэглэж байна. Тиймээс эрчим хүч хэмнэх, үнэ цэнийг нэмэгдүүлэх цаг болжээ.