Эрчим хүчний салбарын шилдэг инженерүүдийн төлөөлөлтэй уулзав

2019 оны 03-р сарын 18
Эрчим хүчний салбарын шилдэг инженерүүдийн төлөөлөлтэй уулзав

  ЭХЗХ-ны дарга А.Тлейхан Монголын эрчим хүчний салбарын шилдэг инженерүүдтэй уулзан, салбарын хөгжилд оруулах тэдний санаа бодлыг сонсох, хамтран ажиллах чиглэлээр олон ажил зохион байгуулж эхлээд байгаа билээ.

  Энэ удаа тэрээр Монголын эрчим хүчний шилдэг, ахмад инженер Т.Минжүүртэй уулзаж, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны зүгээс хийсэн ажлууд болон салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, салбарын хөгжлийг эрчимжүүлж, орчин үеийн дэлхийн хөгжилтэй уялдуулахын тулд 2019 оныг "Ухаалаг эрчим хүчний жил” болгон зарласантай холбогдуулан энэ чиглэлд ямар үйл ажиллагаа явуулбал үр дүнтэй болох, сэргээгдэх эрчим хүчнийг хөгжүүлэх концепц; шинэ тутам бий болох эрчим хүчний эх үүсвэрүүдийн талаар баримталж буй бодлого, чиглэл; эрчим хүчний салбарт өрсөлдөөнт үйл ажиллагааг хэрхэн зохицуулах; станцуудын аваарийн нөөцийн тухай; эрчим хүчний хөгжлийн талаар баримталж буй төрийн бодлогын тухай; салбарын хэмжээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх стандарт, норм, нормативын бичиг баримтыг боловсронгуй болгох зэрэг маш өргөн хүрээтэй асуудлаар саналаа солилцсон сонирхолтой яриа өрнүүлэв.

  ЭХЗХ-ны дарга А.Тлейханы зүгээс Т.Минжүүр инженерийг Эрчим хүнчий салбарын хөгжлийн бодлоготой холбоотой баримт бичгүүдийг танилцуулан холбогдох мэдээллийг өгсөн бол Т.Минжүүр инженер эрчим хүчний салбарт мөрдөх норм стандартын ажилд ихээхэн санаа зовж явдаг хүний хувьд энэ чиглэлийн баримт, материалуудыг орчуулж салбарын хэмжээнд мөрдөхөд өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байгаа тухайгаа хэллээ.

  Т.Минжүүр инженерийн санаачилгыг бүрэн дэмжиж энэ талаар Эрчим хүчний инженерийн холбоотой хамтран тодорхой санал бэлтгэж Эрчим хүчний яамнаас холбогдох шийдвэр гаргуулан ажиллах нь зүйтэй гэж үзэв.

  Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны үйл ажиллагааг дэмжиж, цаашдын ажилд нь зохих хувь нэмрээ оруулж салбарын хөгжилд хэрэг болох санаагаа ямар ч үед илэрхийлэн хэрэгжүүлэх арга замыг хамтран тодорхойлоход бэлэн байгаагаа илэрхийлсэн үр дүнтэй сайхан уулзалт болж өндөрлөлөө.