Б.Бямбасайхан: Цахилгаан эрчим хүчийг импортлох биш экспортлохыг зорьж байна

2019 оны 05-р сарын 03
Б.Бямбасайхан: Цахилгаан эрчим хүчийг импортлох биш экспортлохыг зорьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Эрчим хүчний асуудал хариуцсан бие төлөөлөгч Б.Бямбасайханаас айлчлалын талаар тодруулга авлаа. 

- Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр, Зүүн хойд Азийн Эрчим хүчний нэгдсэн сүлжээ санаачилгыг Ши Жиньпин дарга дэмжихээ илэрхийлсэн байна. Хэрхэн дэмжих вэ, бодит ажил хэрэг болох ямар нөхцөл боломж байна вэ? 

-МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд Владивостокт болсон Дорнын эдийн засгийн форум дээр ЗХА-ийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн супер сүлжээний хамтын ажиллагааны байгууллагыг байгуулъя, улмаар энэ байгууллагаар дамжуулан зах зээл бий болгох үйл явцыг хурдлуулъя, хөрөнгө оруулалтын төслүүдээ тодорхой болгоод эхлүүлье, шуурхайлъя гэсэн санаачилга гаргасан. Энэ ажлын хүрээнд, манай улс нэлээд ажил сүүлийн жилүүдэд хийлээ. Судалгааны ажлуудаа дуусгаж байна. Үр дүн нь маш эерэг гарсан. Өөрөөр хэлбэл, зургаан улсыг нэгтгэсэн шинэ зах зээлээ бий болговол оролцогч бүх орон хожих юм байна. Технологийн хувьд, бүрэн боломжтой, эдийн засаг санхүүгийн хувьд ашигтай гэсэн тооцоолол гарсан. Үүнийгээ олон улсад бид танилцуулахад, манай улсыг дэмжиж байна. Тэр дундаа НҮБ, Азийн хөгжлийн банк болон бусад хөгжлийн банк манай улсын санаачилгыг дэмжиж байгаа. Энэ удаад бид, энэ оны 9-р сард хамтын ажиллагааны ЗГ хоорондын баримт бичиг байгуулах санаачилгыг дэвшүүлсэн байгаа. Бүс нутгийн хамтын ажиллагаагаа Монгол Улсад байгуулъя гэсэн санаачилга байгаа. Бид энэ санаачилгыг манлайлан оролцож байгаа шүү дээ. Үүнийгээ ажил хэрэг болгоход, манай улсын эрчим хүчний нөөцийг ашиглахад илүү үр дүнтэй байна гэсэн үүднээс хандаж байна. Энэ оны 9-р сард байгуулах баримт бичгийг ОУБ-ууд, хөгжлийн банкууд дэмжинэ гэсэн байгаа. Мөн 6-р сард болох олон улсын “Улаанбаатарын яриа хэлэлцээ” хурлаар баримт бичгийнхээ төслийг хэлэлцүүлэх зорилготой байна. 

-Одоогоор манай улс эрчим хүч худалдаж авдаг. Энэ нөхцөлд тус супер сүлжээг манай улсын санаачилгаар байгуулах ажил бодит ажил хэрэг болох нь бүтэшгүй зүйл мэт сонсогдож байна?

-Одоогоор бид цахилгаан, эрчим хүчийг хоёр хөршөөсөө импортлодог. Энэ хамаарлыг бид өөрчлөхийг зорьж байна. Импортлодог биш экспортлодог болъё. Ингэхийн тулд бид өөрт байгаа газар нутаг болон салхи нарны зэрэг эрчим хүчний нөөц бололцоондоо түшиглээд, супер сүлжээнд оролцъё. Супер сүлжээг байгуулахын тулд бид улс хоорондын цахилгаан эрчим хүчний зохицуулалтын дүрэм, стандартуудаа нэгтгэх шаардлага байгаа.  Үүнийг хийхийн тулд бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага байх ёстой. Мөн хөрөнгө оруулалтын төслүүдээ тодорхойлоод явбал ойрын үед үүнийг тодорхой ажил хэрэг болгох боломжтой гэж ойлгож болно. Гол нь манай улсад ашигтай, эдийн засгийн бүтцэд өөрчлөлт оруулахуйц том санаачилга гэж бодож байна. 

-Айлчлалын хүрээнд хоёр улсын хувийн хэвшлийн компаниудын хооронд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын гэрээ зурагдлаа. Айлчлалын хүрээнд эрчим хүчний салбартай өөр ямар асуудал шийдэгдсэн бэ? 

-Ерөнхийлөгч маань айлчлалынхаа хүрээнд, дэлхийн нэгдсэн сүлжээний хамтын ажиллагааны байгууллагад зочилсон. Энэ байгууллагын гол зорилго нь шинэ технологи, ухаалаг сүлжээ, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах технологийг ашиглан цэвэр эрчим хүчинд тулгуурлаад 2050 он гэхэд дэлхий нийтийг хамарсан эрчим хүчний нэгдсэн сүлжээг бий болгох юм. Энэ байгууллагын үйл ажиллагаанд манай улс идэвхтэй оролцдог. Монголын бизнесийн зөвлөл, Эрдэнэс Монгол компани энэ байгууллагын гишүүн. Энэ байгууллагатай хамтраад олон улсын үйл ажиллагаануудыг Монголд зохион байгуулъя гэсэн төлөвлөгөө гаргаад явж байна. Улс хоорондын ойлголцлыг бий болгохын тулд олон улсын судалгааны хурлууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс цаашид бид энэ төрлийн үйл ажиллагааг Монголдоо идэвхтэй зохион байгуулна хэмээн зорьж байна. 

Эх сурвалж: Монцамэ