Цахилгаан автомашиныг үнэ төлбөргүй цэнэглэнэ

2019 оны 05-р сарын 06
Цахилгаан автомашиныг үнэ төлбөргүй цэнэглэнэ

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ нь байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж, төрийн өмчит анхны жишиг эко байгууллага болох зорилгоор байгууллагын дотоод хэрэгцээнд цахилгаан хөдөлгүүрт автомашин ашиглаж эхлээд байна. Цахилгаан автомашин ашиглаж эхэлснээс хойших хагас жилийн хугацаанд 600 орчим литр шатахуун буюу ойролцоогоор 1.2 сая төгрөгийн зардал хэмнэсэн байна. Мөн Монгол Улсад хамгийн анхны Олон Улсын стандартад нийцсэн нарны зайн дээвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх хоёр зогсоолыг ашиглалтад оруулаад байгаа аж. Уг зогсоолын ажиллах зарчмын хувьд нарны зайн дэлгэцээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн эрчим хүчээр цахилгаан автомашин цэнэглэх ба эрчим хүч дутсан үед төвийн эрчим хүчнээс авч ажиллах зориулалт бүхий 3-4 цагт цэнэглэж дүүргэх хүчин чадалтай хийгджээ.

Одоогийн байдлаар цахилгаан автомашин цэнэглэх зогсоолд өөрсдийн машиныг цэнэглэхээс гадна цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, байгаль экологид ээлтэй технологийг олон нийтийн хүртээл болгох үүднээс цахилгаан автомашин эзэмшигчдэд машинаа туршлтын хугацаанд үнэ төлбөргүй цэнэглэх үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв нь өөрсдийн үйлдвэрлэсэн 55 ватт чадалтай нарны дэлгэцүүдээр 18.3кВт-ын нарны цахилгаан станц суурилуулж, байгууллагын цахилгаан эрчим хүчний дотоод хэрэгцээний 60 хүртэлх хувийг хангаж буй бөгөөд цаашид энэ ондоо 10-15кВт-р өргөтгөж, байгууллагын цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар тус нарны цахилгаан станц нь сарын хугацаанд 2400кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгууллагын дотоод хэрэгцээнд нийлүүлснээр ойролцоогоор 345.0 мянган төгрөгийн бодит хэмнэлт гаргасан байна.