Монгол улс нар, салхины сэргээгдэх эрчим хүчээр дэлхийн хэрэглээний 20 хувийг хангахуйц нөөцтэй

2019 оны 05-р сарын 24
Монгол улс нар, салхины сэргээгдэх эрчим хүчээр дэлхийн хэрэглээний 20 хувийг хангахуйц нөөцтэй

Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, гадаадын экспертүүд зэрэг нийт 600 гаруй зочин оролцсон “Олон улсын шинэ эрчим хүч-2019” чуулган өчигдөр /2019.05.23/ "Корпорэйт конвеншн центр"-т боллоо.

Монгол Улс нь 2015 онд Франц улсын Парис хотноо болсон хэлэлцээрт 2030 он гэхэд 2014 оны түвшинтэй харьцуулахад нүүрсхүчлийн ялгарлын хэмжээг 14 хувиар бууруулах зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд 2030 онд дотоодын сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг 30 хувьд хүргэх зорилт тавиад буйг албаныхан хэлж байв. Тиймээс уг чуулган нь Парисын хэлэлцээрээр мэдэгдсэн Монгол Улсын зорилтыг хэрэгжүүлэх, Засгийн газраас хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулахад авч буй арга хэмжээнүүд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ж.Осгонбаатар “Манай холбоо нь энэ удаагийн чуулганыг санаачлан зохион байгуулж байна. Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрийг боловсруулж, 2020 он гэхэд 20 хувь, 2030 онд 30 хувьд хүргэх зорилтыг тавиад байна. Одоогоор манай улсын хувьд дотоодын эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 17 хувийг  сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа. Сүүлийн гурван жилд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хөгжүүлэхтэй холбоотой 430 сая ам.долларын санхүүжилт хийсэн байна. Эдгээр төслүүдийг бүтээн байгуулах, ашиглалтыг хариуцах 3000 орчим байнгын болон түр ажлын байр бий болгосон гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Ингэснээр Монгол Улс жилд 700 мянган тонн нүүрсхүчлийн хийг агаарт ялгарахаас сэргийлж байна гэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл энэ үеэр ярихдаа “Манай улс Парисын хэлэлцээрт орох асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас төлөөлж оролцдог. Уг хэлэлцээрийн хүрээнд дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилтыг тавин ажиллахаар болсон. Манай улсын хувьд түүхий нүүрс хэрэглэснээр нүүрсхүчлийн хийг агаарт ихээр ялгаруулж байсан. Энийг л багасгахын тулд сэргээгдэх шинэ эрчим хүчийг хайж байна. Монголд хамгийн боломжтой нөөц нь салхи, нар байгаа юм. Байгалийн энэ нөөцөө яаралтай ашиглаж, хэрэгжүүлэхэд төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Харамсалтай нь энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжихгүй, зогсонги байгаа юм. Монгол Улсын хувьд Ази тивийн эрчим хүчний 60 хувийг хангах асар их нөөцтэй. Мөн ураны нөөцөөрөө дэлхийн эхний таван улсын тоонд багтаж байна” гэв.

Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан “Эрчим хүчний хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос бүх төрлийн эх үүсвэрийн үйлдвэрлэсэн эрчим хүчний үнэ тарифыг баталж байна. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд заасан хязгаарын дагуу тогтоож байгаа. Энэ хуулинд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн дээд, доод хязгаарыг ам.доллароор тогтоосон. Өнөөдөр төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 11 эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч худалдан авч байна. Хэрэглэгчдэд худалдаж байгаа 1кВт.ц цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 145 төгрөг, гэтэл нарны цахилгаан станцын үйлдвэрлэсэн 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 422, салхиных 230 төгрөг байгаа. Энэ бол их зөрүү. Цаашид сэргээгдэх эрчим хүчийг Монголд хөгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчинг илүү сайжруулах шаардлага тулгарч байна.” хэмээн ярьсан юм.

Манай улсад сэргээгдэх эрчим хүчний салхины гурав, нарны таван үйлдвэр ашиглалтад ороод буй. Харин чуулганы үеэр  Англи улсын “Naanovo” компанийн төслөөр нийслэлийн Биокомбинат орчимд 14 МВт-ын хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Жилдээ 119 kВт/цаг эрчим хүч буюу Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэглээний гурав орчим хувийг үйлдвэрлэх гэнэ. Мөн өдөрт 500 тонн хог хаягдлыг цэвэрлэж, бохир усыг цэвэршүүлснээр 70 хувийг нь ундны усны хэрэглээнд ашиглах боломжтой. Энэ үйлдвэрийг 2020-2021 онд барьж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байгаа тухай мэргэжилтэн тайлбарлалаа. Монгол улс нар, салхины сэргээгдэх эрчим хүчээр дэлхийн хэрэглээний 20 хувийг хангахуйц нөөцтэй ч бас манайд ус, хог хаягдал гээд сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэр байгааг ашиглах талаар оролцогчид хөндөж байв. “Сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд дотоодын хэрэглээ маш бага учир Монгол Улс энэ талын эрчим хүчээ экспортлох сайхан боломж бүхий ирээдүй биднийг хүлээж байна. Гэвч улстөрийн нөхцөл байдлаас шалтгаалан эрчим хүчээ экспортлохоо хязгаарласан учир энэ салбар төдийлөн хөгжихгүй байна” гэж чуулганд оролцогч дотоодын мэргэжилтнүүд хэлж байв.