Хотын цахилгаан түгээх сүлжээг автоматжуулах төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ

2019 оны 05-р сарын 27
Хотын цахилгаан түгээх сүлжээг автоматжуулах төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь түгээх сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор хэрэгжүүлэхийг зорьж буй “Улаанбаатар хотын төвийн хэсгийн 6 кВ-ын хүчдэлийн сүлжээг 10 кВ болгон нэмэгдүүлэх” төсөл хөтөлбөрөө эрчим хүчний сургуулийн эрдэмтэн, багш нарт болон салбарын хувийн хэвшлийн томоохон компаниудын мэргэжлийн төлөөллүүдэд танилцуулж, тэдний санал, шүүмж, зөвлөмжийг авах өглөөний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

   УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайханы шийдвэрээр байгуулагдсан төслийн баримт бичгийг боловсруулах ажлын хэсэг энэ оны гуравдугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд нэвтрүүлэхийг зорьж буй ухаалаг, дэвшилтэт техник технологийн шийдэл, төслийн эдийн засгийн тооцоолол бүхий эхний танилцуулгаа ийнхүү амжилттай хийж, хэлэлцүүлсэн юм.

   Хэлэлцүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн МУШУТИС-ийн доктор (Ph.D), профессор Х.Цагаан,  доктор (Ph.D), профессор З.Цэрэндорж, доктор (Рh.D), дэд профессор Ч.Уламбаяр, ахлах багш, магистр Я.Содбаяр болон "Электрокомплект" ХХК-ийн захирал Б.Болорцогоо, "Смарт инженеринг" ХХК-ийн захирал Д.Дамдинжав нар оролцож өнөө үед зайлшгүй шаардлагатай байгаа асуудлыг хөндөж, судалгаа тооцоо, төсөл хөтөлбөр боловсруулсныг сайшаагаад техник эдийн засгийн тооцооллыг илүү нарийвчлах, хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар төлөвлөж хэрэгжүүлэх, төсөл боловсруулалтыг илүү үр дүнтэй болгоход дэм өгөхүйц үнэтэй зөвлөмжүүдийг өглөө.

   Энэхүү төслийн хүрээнд цахилгаан түгээх сүлжээнд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн насжилтийн хугацаа дууссан шугам тоноглолыг бүрэн шинэчлэж, түгээх сүлжээг автоматжуулах замаар хотын төвийн 6кВ-ын сүлжээг 10 кВ-д шилжүүлэх ажил хийхийг зорьж байгаа бөгөөд ингэснээр түгээх сүлжээний алдагдал болон нэг хэрэглэгчид ногдох цахилгаан тасалдлын тоо, үргэлжлэх хугацаа буурах, цаашилбал нөөц эх үүсгүүр, хэмнэлт хийх боломж бүрдэх юм.

  УБЦТС ТӨХК нь энэ удаагийн хэлэлцүүлгээр ирсэн санал, шүүмж, зөвлөмжийг тусгасан дараагийн танилцуулгыг бэлтгэж, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.