“УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ” ФОРУМ БОЛЛОО

2019 оны 06-р сарын 04
“УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ” ФОРУМ БОЛЛОО

Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Эрчим хүчний яам, Финлянд улсын Бээжин дэх Элчин сайдын яам, Монгол Улс дахь Финлянд улсын консулын газар, “Финляндын баг” ТББ, Финляндын “Барцилла”компани хамтран зохион байгууллаа. Финлянд Улсын эрчим хүчний шилдэг мэргэжилтнүүд “Дэлхийн эрчим хүчний чиг хандлага, сэргээгдэх эрчим хүчийг нэгдсэн системтэй уялдуулах”, “Одоогийн эрчим хүчний системийн моделийг ирээдүйн эрчим хүчний системтэй тохируулах”, “Сэргээгдэх эрчим хүчийг нэгдсэн системд нийлүүлэх, тохируулах”, “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэх боломж” зэрэг сонирхолтой илтгэлүүд тавьсан юм. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн форумыг нээж “Өнөөдөр бид бүхний өмнө тасралтгүй өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хязгаарлагдмал нөөц эх үүсвэр ашиглан тогтвортой, байгаль орчинд ээлтэй байдлаар хангах томоохон зорилт тулгараад байна. Бид бүхэн Монгол улсын эрчим хүчний салбарт түүний дотор сэргээгдэх эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн даван туулахад ухаалаг технологид тулгуурласан шийдлүүдийг манай улсын эрчим хүчний салбарт нэвтрүүлэх боломж, туршлагын талаар харилцан санал солилцож, Дэлхийн шилдэг технологиос суралцан тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлүүлэх боломжийн талаар яриа өрнүүлэхээр хуран цуглараад байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж буй Финлянд улсын Бээжин дэх Элчин сайдын яам, Монгол Улс дахь Финлянд улсын консулын газар, “Финляндын баг” ТББ, Финляндын “Барцилла”компаний удирдлага, хамт олонд талархал илэрхийлье” гэсэн юм. Финлянд улсын Бээжин дэх Элчин сайд Ярно Сиряла “Энэ удаагийн уулзалтаар өөрийн орны туршлагаасаа хуваалцахаар ирлээ. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилтоо 20 хувьд хүргэж байгаа нь сайшаалтай санагдлаа. Монголд салхины болон нарны эрчим хүч хөгжиж байгаа нь уур амьсгалын нөлөөтэй холбоотой байх. Бид хамтарсан ажлын хэсэг байгуулаад өөр ямар сэргээгдэх эрчим хүчийг бий болгох боломжтой байна гэдэг талаар ярилцах болно. Өнөөдрийн уулзалт цаашид үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэж мөн нээлтийн үеэр онцлон хэлсэн юм. Монгол Улсын “Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого”-ын баримт бичиг, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд Монгол улсын эрчим хүчний салбарыг хөгжүүлэх тодорхой зорилтуудыг тусгасан байдаг. Өнгөрсөн оны 9-р сард Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. Уг хөтөлбөрт ойрын хугацаанд буюу 2021 он хүртэлх хугацаанд тодорхой шинэ эх үүсвэрүүдийг бий болгохоор тусгасан юм. Энэ хүрээнд одоогоор ашиглагдаж буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэ ухаалаг технологийг нэвтрүүлэх замаар манай улс 2021 он хүртэлх эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хааж ажиллах юм. Эрчим хүчний салбарын ойрын хугацаанд тусгагдсан эдгээр ажлууд нь нэгэнт байгаа дэд бүтцүүдээ ашиглан шинээр станц барилгүйгээр богино хугацаанд хямд зардлаар 400-500 МВт-ын хүчин чадлыг бий болгох юм. Өсөн нэмэгдэгдэж буй нар, салхины эх үүсвэрүүдийн тогтвортой ажиллагааг хангах, эрчим хүчний найдвартай, бие даасан байдлыг нэмэгдүүлэх зорилгоор төвийн бүсэд 100 МВт-ын хүчин чадалтай цахилгаан цэнэг хуримтлуурын станц байгуулахаар ажиллаж байна. Форумд Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хөгжлийн төв, Диспетчерийн үндэсний төв, эрчим хүчний салбарын үйлдвэр компаниуд,хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, Финляндын элчин сайдын яам, консулын газар, Финляндын Барцилла компанийн мэргэжилтнүүдзэрэг холбогдох байгууллагуудаас 70 гаруй төлөөлөгчид оролцлоо.