“РЕЛЕ ХАМГААЛАЛТ, АВТОМАТИКИЙН УХААЛАГ ШИЙДЭЛ” уулзалт зөвлөгөөн боллоо

2019 оны 06-р сарын 13
“РЕЛЕ ХАМГААЛАЛТ, АВТОМАТИКИЙН УХААЛАГ ШИЙДЭЛ” уулзалт зөвлөгөөн боллоо

Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо,Диспетчерийн Үндэсний төв хамтран   “РЕЛЕ ХАМГААЛАЛТ, АВТОМАТИКИЙН УХААЛАГ ШИЙДЭЛ” уулзалт зөвлөгөөнийг  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хурлын танхимд зохион байгууллаа. Зөвлөгөөнд цахилгаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 гаруй компанийн төлөөлөл  оролцсон юм.

Зөвлөгөөний үеэр эрчим хүчний салбарын аюулгүй, найдвартай ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдэх, эрчим хүчний салбарт ухаалаг систем нэвтрүүлэх чиглэлээр ярилцаж, зөвлөмж гаргах юм байна.

Эрчим хүчний сайдын тушаалаар 2019 оныг “Ухаалаг эрчим хүчний жил” болгон зарласан. Тиймээс зөвлөгөөний үеэр “Нэгдсэн сүлжээний реле хамгаалалт, автоматик”, “Эрчим хүчний системийн тогтворжилтын өнөөгийн төлөв байдал, орчин үеийн шийдлүүд”, “Эрчим хүчний системийн холбоо, шилэн кабелийн өнөөгийн байдал, сайжруулах арга замууд”  зэрэг сэдвээр илтгэл тавьж, санал бодлоо солилцлоо.Монгол Улсын эрчим хүчний үндсэн тоноглолууд хуучирсан, насжилтын хугацаа дууссан, дамжуулах, түгээх шугам сүлжээг шат дараатайгаар шинэчлэх шаардлагатай болж, техникийн нөлөөллөөс үүдсэн эрчим хүчний тасралтын тоо нэмэгдсэн энэ үед аюулгүй, найдвартай ажиллагааг хангах, шинэ технологи нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Энэхүү зөвлөгөөнд  эрчим хүчний үйлдвэр компанийн төлөөллөөс гадна ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн  Доктор, профессор Ч.Нацагдорж, доктор, дэд профессор Б.Бат-Эрдэнэ, докторант Б.Эрхэмзаяа, Австрали улсын Рояал Мельбурн Технологийн Их сургуулийн докторант М.Энхцэцэг тэргүүтэй судлаачид оролцсон юм.

Эрчим хүчний зохицуулах хороо